ҮСХ: Инфляц өмнөх сараас 1.2 хувиар ӨСЖЭЭ

2020 оны 03 сарын 13

2020 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо өнөөдөр /2020.03.13/  онлайнаар танилцуулж байна.


Эхлээд Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс буюу инфляцын мэдээллийг хүргэе.

Эдийн засгийн салбарын үзүүлэлтийг ҮСХ-ны Эдийн засгийн газрын статистикч Д.Баасан танилцуулж байгаа юм. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны эцсээс 2.1 хувь, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар хувиар өсжээ.

 

Өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 21.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.5 хувь)
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар  өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Өмнөх оны эцсээс 2.1 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 15.1 хувь)
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Харин өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 7.6 хувь)
  •  Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь
  •  Орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Инфляцын түвшин:

 

  •  2017 оны 2 дугаар сард 2.4 хувь
  •  2018 оны 2 дугаар сард 6.9 хувь
  •  2019 оны 2 дугаар сард 6.9 хувь гарч байсан бол 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурчээ.

 

Инфляцын түвшин 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл, 2.7 нэгж буюу 42.2 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 1.1 нэгж буюу 17.2 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 7.8 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.  Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг.

Инфляц 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь гарч 36.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 3.0 пунктээр өссөн байна.

Хүнсний бүлгийн үнэ 2019 оны 2 дугаар сард 8 хувь, 2020 оны 2 дугаар сард 9.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 2019 оны 2 дугаар сард  6.4 хувь, 2020 оны 2 дугаар сард 5 хувиар өсжээ.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 25.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляц 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн бөгөөд 1.8 нэгж буюу 28.1 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хотод Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны эцсээс 2.6 хувь,  өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсжээ.  Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.1 хувь
  • Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 10.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Өмнөх оны эцсээс 2.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 хувь,  согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийслэлд инфляц өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top