А.Байгалмаа: Чи надаас өөр хүнээс ингэж асуувал алгадуулна даа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаатай ярилцлаа. 


-Шүлэг бичих, ном туурвих, ер нь уран бүтээлийн ажил өөрөө их зовлонтой гэх нь бий, зарим нь ч жаргалтай ажил гэдэг. Таны хувьд?

-Шүлэг бичдэггүй байсан бол би энэ хорвоод ирсэн байгаад ч яах юм гэж бодогдчихлоо. Цөөн хэдэн шүлгээ харж уншиж хүмүүст түгээж л аз баярыг авч байна. Шальтай бүтээл хийж чадахгүй байна гэж өөрийгөө чамладаг ч хүн бүр санаснаа эвлүүлж, уран яруу ончтой гаргаж чадахгүй гэж бодохоор бас олзуурхмаар санагддаг.  

-Шүлэг бичих бол яах аргагүй залуу насных гэдэг. Таны үеийнхэн бараг л бичихээ больсон гэхэд болно. Харин таны номыг харж байхад бүр нэг төрмөл шүлгүүд байна. Энэ нь хувь найрагчийн онцлог уу?

-Шүлэг бичих насных гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй байна. Харин ч хорвоогийн үзэгдэл юмсыг шүүх тунгаах түүнийгээ илэрхийлэх нь илүү болдог. Ерээд онд гарч ирсэн бидний үеийн найрагчид бүү хэл манай нутгийн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Со Чулуун ах одоо ч шинэ сайхан шүлэг бичээд нүүр номдоо хэвлээд байна шүү дээ. Монголын радиогийн “Хурд” ангентлагт ажиллаж байхдаа Төрийн шагналт зохиолч П.Хорлоо гуайгаас ярилцлага авсан. Тэр үед би одоо 90 нас хүрлээ хийж бүтээх ид үедээ явж байна, ийм ийм зүйл хийсэн, одоо  бичиж туурвихаар төлөвлөсөн их юм байна гэж ярьж байсан шүү дээ. Надаас өөр хүнээс ингэж асуувал алгадуулна шүү.

-Тийм байж, яруу найрагчид ихэнх нь үргэлжилсэн үг рүү ордог. Үргэлжилсэн үгийн бүтээл оролдож байна уу? 

-Үргэлжилсэн үг рүү орж чадахгүй байна. Их эрт үед хуулийн байгууллагаас орон нутагт зарласан нэг өгүүллэгийн уралдаанд ороод байр эзэлсэн юм. Түүнийгээ Ардын уран зохиолч Б.Догмид ахад үзүүлсэн чинь яруу найрагч хүн байж яасан болхи бичдэг юм гэж загнуулаад түүнээс хойш юу ч бичээгүй. Гэхдээ бичих юм сан гэсэн хүсэл байж л байдаг юм.

-Бүр нэг шатаж, уйлж дуулж бичсэн бүтээл байдаг байх. Энэ талаар?

-Байлгүй дээ. Шүлэг гэдэг зүрхний гүнээс урсан гардаг. Ээжийгээ өнгөрснөөс хойш ээждээ зориулж  шүлэг бичиж чадахгүй бараг хоёр жил болсон. Хэт зүрхэнд зоогдсон болохоор гардаггүй юм билээ. Гэтэл нэг шөнө ээж чинь амьд байна. Ирчихсэн гэж хүн зүүдэнд их тод хэлээд. Би эрж хайгаад айлаар яваад олдоггүй. Сүүлдээ “ээж маань бурхан болсон шүү дээ” гэж өөртөө хэлээд сэртлээ уйлсан байсан. Түүнээс хойш голд том юм тээглээд нэг их горьдлого ч байгаа юм шиг нэг л сонин болчихоод яваад байлаа. Нэг өдөр уйлж сууж шүлэг бичээд л онгойсон. Халуун элгэндээ тэвэрч намайг өсгөсөн ээжийг минь орчлон жамын хүйтэнд  өлгийдөж сэтгэлд тэврүүлэхэд  үнэндээ л үг гардаггүй юм билээ. Ээжийн аяласан бүүвэйн дуу тарнинд шингэх нь тэр байх.  Мэдээж хагацал бүхэн ийм байдаг. Үүнийг л үзэх гэж хүн ирэх юм яалтай ч билээ.

-Уран бүтээлч хүнд бусдаас ялгарах сэтгэл зүйн нэг хэв шинж байгаа нь батлагдсан зүйл. Бүр нэг галзуурмаар, бүхнийг орхиод зоргоороо явмаар санагдах ч үе байдаг гэдэг. Ийм үе бол олон тохиолдсон биз?

-Хүн их юм мэдэх тусам утгагүй мэт санагддаг гэдэг. Яруу найрагчид бол танин мэдэхүйн эрэл хайгуулчид. Хорвоо утгагүй санагдах хуурамчийг нь мэдэх тусам гуних үе байсан. Гэхдээ гоо сайхан гэдгийг зөвхөн хүн дотроо цогцлоон бүтээж урлаж түгээж болдог гэдгийг ойлгосон. Энэ нь мэдээж шавар дунд цэвэр цэцэг ургуулахтай адил л даа. Ямар нэгэн зүйлд чин сэтгэл илгээж байж л бүтээдэг. Хүн болж  төрнө гэдэг бол бурхны илгээсэн боломж юм. Өөрөөр хэлбэл гэрэл гэгээг танин мэдэж барьж авах. Тиймээс шантарвал бурхан гомдоно шүү дээ.

-Хүний амьдралын жаргал зовлон, үхэл хагацал, энэ бүхэнд уран бүтээлчийн зовнил бусдаас илүү нуугдаж байгаа нь ойлгомжтой. Хэт их, урт удаан гунигласан хагацлын тухай?

-Гэр дүүрэн ахмадуудад дунд эрх гүнж шиг өсөөд эцэст нь ганцаар үлдэнэ гэдэг хэцүү байлаа. Тэр бүхний араас өнчирч хоцорно гэдэг урт удаан байлгүй яахав. Зовлон хагацал гэдэг хүнд ухаарал их өгнө. Зарим хүнийг хатуужуулдаг. Би бол улам л зөөлөрсөн. Хүн бол орчлонгийн нэгэн үзэгдэл юм. Хүний нас богинохон тэртэй тэргүй л одно. Тиймээс хэн хэнийгээ үзэн ядалгүй. Энэ хорвоогоос хөөж туулгүй. Аль болох тус дэмтэй л амьдрах нь чухал юм.

-Тэгвэл хэт урт удаан жаргаж байсан тухай?

-Угаасаа жаргал зовлон ээлжилдэг. Аль нэг нь хэт удна гэж байхгүй.  Жаргалаа зовлон болгох зовлонгоо жаргал болгох нь хувь хүний л хэрэг. Өвчин үхэл хагацлаас бусдыг хүн сэтгэлийн хүчээрээ урвуулан жаргал болгохгүй юм гэхэд зовлон болгоод шаналаад байхгүй байж болох  л хэрэг.

-Амьдарна гэдэг заримдаа хэт утга учиргүй санагдах үе байдаг байх. Танд тохиолдсон байж таарна?

-Би буддын сургаал сонсох, унших дуртай л даа. Тиймээс хэт утга учиргүй санагддаггүй ээ. Хүн өөрийн үйлийн үрийн холбоосийг л үргэлжлүүлж явдаг. Яаж ч болохгүй  хэцүү зүйл тулгардаг ч яаж ийгээд болгох зүйл ч байдаг. Гэвч миний л үйл гээд хэнд ч буруу өгөлгүй дотогш бясалгаж уучлал нигүүслийг чадах хэрээр үйлдэж явахад хорвоо богинохон шүү дээ. Туулж барагдахгүй тал шиг биш харин ч цаг хугацаа арай л хурдан цахилж байна. Болдог бол жаахан хүлээж бай гэмээр.

-Зарим нөхөд ертөнцийг үзэх үзэл гээд сүрхий ярьж байгаа харагддаг. Минийхээр бол хувь хүний өөрийн аливаа зүйлд хандах хандлага байх. Тэгэхээр таны энэ үзэл санаа ямархан мөчир салаан дээр тогтож байдаг бэ?

-Харин тийм ээ. Чиний хэлдгээр амьдрал гэдэг хувь хүний өөрийн аливаа зүйлд хандах хандлагаар л тодорхойлогдоод байгаа юм. Амьдрал гэдэг бол жимстэй мод гэж миний нэг шүлэг байдаг. Тэр модны наран талаас нь харж амттай жимсийг нь түүж идэхийг ч хичээж явна даа.  Сүүдэрт нь зогсоод л байх уу наранд гарах уу гэдэг нь хүний ухаарал сэхээрэл юм даа.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Манай уран зохиолын ертөнц ерээд оноос хойш үзэл санааны хувьд хоёр хуваагдаж ирлээ. Уламжлалт реалист чиглэлээ барьсан нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь модернист чиглэлээ барьж байна. Та энэ талаар тайлбар өгөх ёстой хүний нэг нь та?

-Би аль нэг чиглэл барих бодол төрдөггүй, санаанд бууснаа л бичдэг. Тэр нь аль чиглэлд орох нь хамаа алга. Миний шүлгүүд бол реалист тал руугаа байх, гэхдээ өөрөө ч сайн ойлгохгүй ээдрээт зүйл бичсэн байх нь бас бий. Энэ бол цаанаас ирсэн өгөгдөл л юм даа.

-Хамгийн гол нь үзэл санааны зөрүүгээс үүдэн уран зохиолд орж ирж байгаа залуусаа хоёр хувааж байна. Нөгөө талд дэлхийн хөгжил ярьсан зохиолч нэртэнгүүд үндэсний уламжлалт уран зохиол, аажмаар хэл соёл руугаа довтолж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй мэт?

-Энэ ч надад ахадсан асуулт юм биш үү. Монголын  уран зохиол бол үндэсний хэл соёлын дархлаа байх ёстой гэж бодож байна даа. Уран зохиол бол хүнийг хүнлэг болгох суурь бааз гэдэг.Тэр дундаа үндэсний өв уламжлал хэв шинжийг агуулсан байх нь зайлшгүй хүүхэд залуусыг жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлнэ гэж бодож байна. Уламжлал шинэчлэл хамт л байж урагшлана гэдэгтай санал нэг байдаг ч хуучин бүхэн хоцрогдсон муу муухай биш л дээ.

-Одоо хоёулаа яриагаа өөр зүйлд хандуулъя. Танай үеийн олон сайхан найрагчид байдаг. А.Эрдэнэ-Очироос эхлээд, Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо гээд. Энэ бүхэнтэй хэрхэн нөхөрлөж, анх утга зохиолд орж ирсэн дурсамж хуваалцахгүй юу?

-1990-ээд оны найрагчид бадарсан яруу шүлгээрээ олон уншигчид болоод Монголын яруу найрагт  тодоос тод гэгээн  мөр зам гаргасан. Түүний гэрэлд цуглагсад олон. Дээр дурьдсан найрагчид маань дахин давташгүй сүмбэр ертөнцүүд шүү дээ. Бүгдтэй нь сайхан анд найзууд . А.Эрдэнэ-Очир  Ц.Мөнхцэцэг нар ангийнхнаа дагуулж шандад үе үе ирнэ. Бид нийлээд шүлэг дуу болж байсан үе олон. Бид нар Сайншандын танктай овоон дээрээс хэн нь түрүүлж буухаа үзнэ гээд тоос татуулан уралдаж байж билээ. Аргаггүй л багачууд байж дээ.  Саяхан мэт санагдаж байна. Дурсамж дэлгэвэл мэдээж их хугацаа орно.

-Их утга зохиолд хөтөлж оруулсан багш, ерөөсөө багш нарын тухай дурсамж бас л сонирхол татна?

-Дорноговиос төрсөн яруу найрагчид Соёлын гавьяат зүтгэлтэн Хандын Цэрэндорж багшийгаа л бүгд дурсана даа. Яг л өвчин салахаа байсан өвчтөн шиг өрөөнд нь өдөр бүр очоод суучихна.  Багш ч өвчтөн лугаа унших номын маань нэрийг жижиг цаасан дээр цөөн цөөнөөр бичиж өгнө. Одоо бодоход бид зүрх тархины мөнхийн тэжээл болох эмээ л бичүүлж авч байж дээ. Сайн унш битгий цээжил. Дараа шүлэг бичихэд чинь ороод ирнэ гэдэг байж билээ. Утга зохиолын сургуульд ороод олон сайн багшаас хичээл заалгасан. Төрийн шагналт О.Дашбалбар багш бидэнд дэлхийн сонгодог утга зохиол заадаг байлаа. Миний анхны номын өмнөтгөлийг “Гэгээн бурхны ариун өглөг хүртсэн бүсгүй “ гэж бичиж өгсөн юм. Энэ бол их хувь байжээ. Олон сайн багшаас хичээл сонссон гээд өөрийгөө бодоход их л чамлалттай санагддаг. Хайхрамжгүй залуу насны алдаа байх даа.

-Анхны ном, анхны шүлэг гэдэг юу юунаас эрхэм байж таарна. Анх шүлэг бичиж байсан тухай, анхны номоо хэвлэлтээс аваад явж байсан тэр гэгээн мөчийг хуваалцахгүй юу?

-Анх ном гаргах гэсэн мөнгө олддоггүй ээ. Гэтэл нэг өдөр УИХ-н гишүүн Л.Одончимэд ах аймагт ажлаар ирсэн гээд дуулдлаа. Уулзсан чинь “Чи чинь ном гаргахгүй хүн үү” гэж байна. Би ч “Харин гаргах л санаатай мөнгө  алга” гэв. Жаахан бодолхийснээ “За суу хоёулаа шүлгээ нэгэндээ уншиж өгье” гэв. За тэгээд би хэдэн шүлэг уншлаа. Дараа нь Одонгоо ах  хэдэн шүлэг уншаад “За ямар байна” гэхээр нь “За даа нээх сайн юм алга” гэчихлээ. Инээж байна ээ. Тэгээд “Ах нь ядраад, энэ юмыг чи нэг сайн цэгцлээд өг” гэхээр нь “Өө би чинь эв хав муутай чадахгүй байх” гэв. “За чи тэгээд ном л гаргах гэж байгаа юм бол ах нь өмнөтгөлийг нь бичээд гаргаад өгье” гэхээр нь “Би танаар өмнөтгөлөө бичүүлэхгүй ээ. О.Дашбалбар багш бичээд өгсөн. Тэгээд ч бас Х.Цэрэндорж багш бас бичнэ” гэв. “За за тийм бол яахав охин минь шүлгээ л сайн бич” гээд л  уулзалт өндөрлөсөн юм. Энэ оройгоо Х.Цэрэндорж багш дээрээ очоод болсон явдлыг яриад тас загнуулав. Багш маань “Чи аль үеийн хүн бэ, хүний эв аяыг олж чадсангүй юу, одоо тэгээд яах юм, би ер нь чиний номд заавал үг бичих ёстой юм уу” энэ тэр гээд л. Би ч буруу юм хийснээ сая нэг ойлгоод гэхдээ л яадгийн гэж бодоод гарлаа. Сар гаруйн дараа  Одонгоо ах утасдаж байна. “Чи номын эхээ аваад ир ээ би өмнөтгөл энэ тэр бичихгүй. Чи ер нь их янзын нөхөр байна. Надаас өөр хэн ч чамд номыг чинь хэвлүүлж өгөхгүй юм байна” гэхэд баярласан гэдэг  юу гэхэв. Хоноггүй хот орлоо. Очоод ярьсан чинь  “Чандмань зул” гээд хэвлэлийн газар намайг хэлээд оч, тэгээд хэвлээд өгнө” гэв. Энэ дагуу яваад номоо хэвлүүлж аваад нэг том хадаг номтойгоо бариад л  найзыгаа дагуулаад Одонгоо ах дээр ирлээ. Тэр “Ээ яасан мундаг хүүхэд вэ, номоо гаргачихсан уу” гээд л инээгээд авч билээ. Одоо бодоход би яасан тэнэг, тэр хүн яасан ухаантай байсан юм бэ. Хожим нь уран бүтээлч хүний этгээд занг би үнэлсэн гэж хэлсэн юм даа. Анхны ном гаргаад харж суухад үүнийг би бичээд гаргасан л юм байх даа гэж итгэж ядсан баярласан бахархсан эмээсэн олон мэдрэмж төрдөг.

-Таны олон сайхан дуу сонсогчдын хүртээл болсон. Одоо ч дуулагдаж байна. Дуу гурван жигүүртэй гэдэг. Үүний нэг жигүүр нь болж яваагийн хувиар нөгөө жигүүрийнхээ тухай юу хэлэх вэ?

-Энэ бол үнэхээр надад ирсэн бурхны бэлэг юм. Учир нь П.Бадарч гуай надад “Ах нь 300 дуутай, гурвыг нь л хүмүүс мэддэг байх, гэтэл чиний цөөн дууг хүмүүс мэддэг болжээ” гэж байсан юм. Яалаа гэж П.Бадарч гуайн гурван дууг  хүмүүс мэдэхэв, олон сайхан дууг нь хүмүүс мэднэ, энэ бол зүгээр зүйрлэл төдийгүй ховор хувь тавилан гэдгийг л хэлсэн байх даа. Үзэг цаас нийлүүлсний хэрэг л бүтэж байгаагийн нэг илрэл юм даа.

-Та нэлээд хугацааны дараа шүлгийн түүвэр цомгийн хамт хэвлэж, олны хүртээл болголоо. Энэ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Би ер нь л их удаж байж ном гаргадаг. Магадгүй нэг их асгарч бичдэггүй гэхдээ тасраад алга болдоггүй л юм байна. Хувь хүний онцлог биз дээ. Харин дараагийн номоо их олон жил болохгүй гаргана даа гэж бодож сууна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.246) 2020 оны 04 сарын 14

мэдэхгүй л юм байна, ядаж дууныхаа нэрийг хэлээч

0  |  0
irgen(119.40.103.3) 2020 оны 03 сарын 13

yamar yamar duutai hun be, medeh hun bvl bichne uu?\n

0  |  0
m.mandahaipoland.(88.156.136.16) 2020 оны 03 сарын 12

amjilt ix taatai bla.

0  |  0
Top