Түүхэн дэх хамгийн өндөр IPO-г Saudi Aramco гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн гаргасан IPO түүхэн дэх хамгийн өндөр буюу 25.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.7 их наяд ам.долларт хүрлээ. Нэг хувьцааг 32 риал буюу 8.53 ам.доллароор үнэлсэн бөгөөд Хятадын “Alibaba” компанийн 2014 онд Wall Street-эд анхны гараагаараа тогтоож байсан дээд амжилтыг /25 тэрбум ам.доллар/ эвдлээ.

“Saudi Aramco” компани нийт хувьцааныхаа 1.5 хувийг арилжаалснаас гуравны хоёр хувийг хөрөнгө оруулагч байгууллагууд худалдан авсан бол үлдсэн хувийг хувь хүмүүс худалдан авчээ. IPO гаргах явцад захиалга 4.65 дахин давсан ч Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бен Салманы тооцоолж байсанд хүрсэнгүй. Тэрбээр 2016 онд тус компанийг хоёр их наяд ам.доллароор үнэлж байсан юм. Тус компани 2016 онд IPO гаргана гэж зарлаж байсан бөгөөд нийт хувьцааныхаа таван хувийг арилжих замаар 100 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгохоор тооцоолж байсан.

Их наядын үнэлгээтэй компаниудын жагсаалтад Apple (1.2 их наяд ам.доллар), Microsoft, Alibaba ( тус бүр 1.1 их наяд ам.доллар) ардаа хол хаяж, тэргүүлсэн “Saudi Aramco” (1.7 их наяд ам.доллар) энэ сарын 12-ноос эхлэн Саудын Арабын “Tadawul” хөрөнгийн биржээр дамжуулан гурван тэрбум ширхэг хувьцаагаа тус бүр 32 риалын үнээр арилжаалж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top