“60 тэрбум”-ын хэрэг дуусаагүй, Одоо л эхэлж байна

2019 оны 11 сарын 04

Энд хэн нэгэн гэмтнийг өмгөөлж, шийдвэр тогтоолыг буруушаах гэсэнгүй. Монгол Улсын Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учраас хөндлөнгөөс  дүгнэх эрх ч байхгүй. Гагцхүү нэгэн том хэргийн зангилааг дөнгөж тайллаа, цааш хэрхэн хөврөх бол гэдэгт л олон түмний анхаарал хандах шиг болов.

Учир нь дуулианы нэгэн гол сэдэв байсаар ирсэн “60 тэрбум”-ын гэх хэргийн шүүх хурал болж холбогдох нөхдөд хорих ял оноов. “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” схемыг сонсож суусан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноосноор дуусгавар болголоо гэж байна. Хэрэг дуусах болоогүй, одоо эхэлж байгаа гэх хүмүүс цөөнгүй бий.  Харин “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” схем зохиож, түүнийгээ танилцуулсан Г.Доржзодов нь уг хэрэгт гэрчээр оролцож, “Үндэсний баатар” болж байх шиг. Үүнээс гадна захиалагч байж болзошгүй тухайн үеийн өндөр дээдсийн нэр бүр дурсагдахгүй өнгөрч байна.

Бүр цааш хөөвөл Г.Доржзодов ямар учраас хамтран ажиллаж байсан нөхдөө  тагнаж чагнах замаар бичлэг хийв гэдэг нь шүүх хүчний байгууллагын сонирхлын гадна үлдэхгүй байх. Сэтгүүлч биднийг л хэний захиалгаар, ямар учраас ийм зүйл бичив хэмээн шалгаадаг гэхээр ийм том хэмжээний хэргийг заавал анхаарсан байх. Тэгэхээр “Сайн эр” хэний захиалгаар бичлэг хийж, хэний хамгаалалтад орж, ямар зүйл болоод өнгөрөв гэдэг таамаг өдгөө ч ард түмэн, ажиглагчдын анхааралд байгаа. 

Яахав, Ц.Сандуй нарт ял оноосны дараа “Манай шүүх шударга байна, албан тушаалтнуудад ял оноож чадлаа. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс илүү өндөр ял авах байсан” гэх мэтээр цахим орчинд шуугих аж. Тэгвэл нөгөө талаас “Яагаад схем сонссон нөхөд ял аваад, зохиож гардан гүйцэтгэсэн нөхөр зүгээр үлдэв. Жинхэнэ захиалагч нь хэн байв” гэх зэргээр шуугиж л байна. Үнэн хэрэгтээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар тухайн үед захиалга өгөх өндөр эрх мэдэлтэй байсан уу, дамжуулагч байсан уу гэдэгт эргэлзээ бий. НИТХ-ын дарга, төлөөлөгч хоёр дур мэдэн схем захиалсан гэдэгт хэн ч итгэхгүй. Үүний цаана өндөр эрх мэдэлтэн байсан нь ойлгомжтой зүйл. Үүнээс гадна энэ схемыг зохиосон Г.Доржзодов тухайн үеийн МАН-ын даргатай шууд харьцаж байсан гэдэг яриа бий. Тэгэхээр схем зохиох захиалга хэн өгсөн, ямар үнэ хөлсөөр тохиролцож, хэрхэн нөгөө талд бичлэг шилжсэн гэх зэрэг олон асуулт ямар ч хариултгүй үлдлээ. Өнгөрөгч гурван жилийн турш “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн нэгд зааснаар хэлцэгдэж байсан хэрэг эцсийн шийдвэр гаргах мөчид өөр болсонтой өмгөөлөгчид нь лав эвлэрэхгүй байна лээ. Надад хууль зүйн үүднээс хүргэх ганц тайлбар нь өмгөөлөгчийн байр суурь л бий. Түүнээс Шүүхээс шийдвэр гарчихсан зүйлд дүгнэлт өгөх нь өрөөсгөл бөгөөд чадах ч үгүй. Тэдний өмгөөлөгч Б.Мэргэн  “Саяын шүүхийн шийдвэрээр 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулаагүй" гэж үзэж байна. Угаасаа “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэдгээр зүйлчлэх ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэгж шийдвэл шүүх өөрөө онигоо болно. Цагаадах байх гэж бодсон. Гэтэл шийдвэр гаргахдаа шал өөр зүйл заалт гаргаад ирлээ. 14.9 дүгээр зүйлд зааснаар “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэдэг зүйл заалт оруулж ирээд дураараа шийдчихлээ”  хэмээн мэдэгдсэн. Ямартай ч өмгөөлөгч нь давж заалдах тухай ярьсан. Тэгэхээр “60 тэрбум-ын хэргийн тухайд эргэн сонирхож, сануулах зүйл бас бий.
 


Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж асан Ц.Сандуй, Иргэдийн хурлын төлөөлөгч А.Ганбаатар нар намын бага, дунд албан тушаалтнууд учраас аливаа намын дүрмээр сонгуульд ялахын тулд төлөвлөгөө зохиож явсан нь энгийн үзэгдэл. Чухам ямар арга замаар гэдэг нь сонин. Дээрээс ч ийм үүрэг чиглэл өгдөг нь бас л хэвийн үзэгдэл. Бүхий л улс төрийн хүчинд байдаг алтан дүрэм бол энэ. Ийм “Дайн”-ы цагт Стратеги хариуцсан захирлаар Г.Доржзодов гэх нөхрийг томилжээ. Тэгэхээр намын гол судсыг барих албанд очсон Г.Доржзодов нь шууд утгаараа тухайн үеийн эрх баригч нам, УИХ-ын дарга асантай  хамгийн ойр ажиллаж байсан хүн гэж харагддаг. Бултаж булзах аргагүй үнэн. Улс төрийн намын Стратеги хариуцсан захирлын албанд ямар ч судалгаагүй, захын нэг нөхрийг авчраад суулгачихдаг зүйл биш болохоор Г.Доржзодов тэдэнд шинэ хүн огт биш. Г.Доржзодовоос энэ мэт олон схем зурж өгсөн туршлага ч цухалзана. Гадаад дотоодын их сургуулийг улс төр, пиарын чиглэлээр төгссөн банди нар ч ийм бохир схемыг зурж чадахгүйгээс гадна ойлгох ч үгүй. Энэ бол сонгуульд ялах стратеги төлөвлөгөө, хөрөнгө мөнгө хэрхэн босгох тухай бохир схем шүү дээ. Тэгэхээр үүнд том туршлагаас гадна гүн итгэлцэл, нэг бус удаагийн хамтын ажиллагаа харагдана гэхээр нэгийг хэлж хоёрыг бодогдуулах байх.

Стратеги гэдэг бол аливаа улс орны хэтийн төлөвлөлт, амин чухал зүйл. Дайн байлдааныг ч стратеги төлөвлөгөө гэх нууцгүйгээр төсөөлөшгүй. Улс төрийн намуудын хувьд сонгууль бол нэг ёсны “дайн”. Ийм чухал стратегийг зурж зохиох эрх гардана гэдэг том итгэл. Тэр ч бүү хэл хурган дарга нар ч харж үзэх нь хориотой шахам гэдгийг давхар сануулъя. Г.Доржзодов бол ийм л нөхцөлд схем зуржээ гэх эхний гаргалгаа өөрийнх нь дүрийг арай өөрөөр тодруулах байх. Тэгэхээр хамгийн итгэлтэй нөхөр хэрхэн яаж урвасан байх уу гэдэг эцсийн хариулт нь хэн хүний сонирхлыг татаж таарна. 

Хамгийн энгийн таамаглал дэвшүүлье. Тэр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа шавхаж зохиосон схемыг нь тухайн цагийн эрхэм дээдсүүд дутуу үнэлсэн учраас хөлсөө чамласан байж болох юм. Яагаад гэвэл манай улс төрийн намууд төдийгүй хувийн хэвшлийнхэн ч болж өгвөл үнэгүй, хямд зарах гэдэг шүү дээ. Дараагийн таамаглал бол тухайн үеийн МАН-ын удирдлагууд Г.Доржзодовт амласан албан тушаалаа өгөөгүй байх өндөр магадлалтай. Насаараа тэднээс албан тушаал горьдсоор яваад тэтгэвэртээ суусан нөхөд алийг тэр гэхэв. Тэгэхээр 2016 оны сонгуулийн дараа томилгоонд очих Намын даргын “аман тамга”-тай ч гудамжинд лааз өшиглөөд алхаж байгаа хүнд юу эс бодогдох билээ. Хэний ч дургүй хүрнэ, хаашаа ч холбирч мэднэ.

Сүүлчийн таамаглал бол өрсөлдөгчдөөс ихээхэн хэмжээний мөнгө амласан байхыг үгүйсгэхгүй. Тэдний аль аль нь өөрсөддөө хэрэгтэй зүйлийг ямар ч үнээр хамаагүй худалдаж аваад сурчихсан гэдгийг мартах хэрэггүй. Хардах шалтгааныг ч өөрөө ярьсан байдаг. Тухайлбал, Г.Доржзодов “МАН-ын нөлөө бүхий нөхөр Энканто  саунд дуудаж уулзаад нэг сая ам.доллар өгье гэсэн. Би аваагүй гарч ирсэн” гэдгээ хэлж байсан. Нэг сая ам.доллар өгье гэхэд толгой сэгсэрсэн “баян” бол ганцхан Г.Доржзодов. Үүнд итгэхэд маш хэцүү. Яагаад гэхээр бид итгэхээр нийгэмд ч амьдраагүй, итгэхээр өндөр дээдэстэй ч байгаагүй. Олон нийт “Шударга залуу, худалдагдаагүй” гэх мэтээр өмгөөлөх л байх. Дээр дурдсанчлан ийм бохир схем зурдаг туршлага харагдаж байгаа цагт мөнгө гэдэг зүйлийг салгаж ойлгох аргагүй санагдана. Нөгөө талаас тэр зөвхөн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын дунд тушаалтантай харилцаж эцсийн тохироо хийх хүн биш учраас захиалагчийг өөр газраас хаймаар санагдана.

Ийм олон таамаг, нөхцөл байдал байгаа учраас олон нийт “энэ хэргийн зангилаа нэгэнт тайлагдлаа цааш хэрхэн..” гэх хүлээлттэй болж байх шиг.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mart(217.30.64.210) 2019 оны 11 сарын 04

Ulsturchid, prokuror, shuugchid say dollar martana, khayna, toglono, oims, bandaashandaa zarim n nuuna...

0  |  0
Зочин(103.57.95.122) 2019 оны 11 сарын 04

Эби Баттулга бол гээд мянга давтдаг шиг Доржзодов гээд хэд ч бичсэн юм дээ дээр нь байгаа хүнийг бүгд л мэдэж байгаа байлгүй дээ

0  |  0
зочин(43.242.242.56) 2019 оны 11 сарын 04

нөгөө өнцгөөс харвал захиалагч нь ан ын нөхөд биш үү тун эргэлзээтэй бна доржзодов хамжигч биш бууны нохой бсан бх тэгээд л ард чилсан намын зарим нөхдийн хамгаалалтад зарим үед гэрт нь бсан бх өмгөөлөгч нь баасан шүү ха ха гоё жүжиг

0  |  0
зочин(203.91.116.118) 2020 оны 01 сарын 13

Захиалсан хэрэгжүүлсэн хүн бол Миеэ ш дээ, бүгд мэдэж байгаа байлгүй

1  |  0
Толор(103.212.118.187) 2019 оны 11 сарын 04

60 тэрбумын жинхэнэ эзэд болох Хүрэлсүх Амарбаясгалан нар сугараад үлдлээ. Тэд л төрийн албыг өөрсдийн хамаатан садан найз нөхдөөр дүүүргэсэн Хариуцлагаа хүлээх ёстой

0  |  0
Mi(64.119.16.133) 2019 оны 11 сарын 04

Enkhbold mi obogton zahialsan

0  |  0
Top