ЗИНДАА 2019.10.31 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

#1 "ОРИЕНТАЛ” БУУДАЛ НАЙМДУГААР САРААС ХАШААГАА ӨНДӨРЛӨЖ, ХААЛТТАЙ БОЛЖЭЭ
 

Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгад 500 гаруй хятад иргэнийг баривчлан шалгах ажиллагаа аравдугаар сарын 29-ний оройн 21:00 цаг орчмоос эхлэн үргэлжилж байгааг бид мэдээлж байсан. Тэдгээр иргэний ихэнх нь жуулчны визээр, зарим нь бизнесийн визээр манай улсад зорчиж байсан гэж тогтоогдсон. Өчигдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан баг Хятад Улсын иргэдийг зохион байгуулалттай цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна. Энэ тухай редакцийн сурвалжлах баг “НЭГ СЭДВЭЭР” буланд онцлон, ярилцлага, сурвалжлага, нийтлэл бэлтгэн хүргэж байна. 

ХЯТАД ЗАЛУУС 20:00 ЦАГААС ХОЙШ Л ГАДУУР ГАРАХ ЭРХТЭЙ БАЙЖЭЭ

Өглөөний 10:00 цагт манай сонины сурвалжлах баг Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлыг зорилоо. Зочид буудлын эргэн тойрон эл хуль, нам гүм дүнсийж харагдана. Хашаан дотор нь гурван машин байрлаж зогссон бөгөөд өчигдөр шөнийн баривчилгаанаас хойш хэнийг ч гаргаж оруулахгүйгээр тус зочид буудлыг цагдаагийн байгууллагын хяналтад бүрэн авчээ. Зочид буудал дотор саатуулсан хятад иргэдийг шалгаж, байцаалт авч байгаа гэдгээс өөр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Зочид буудлын ойролцоох айлууд, үйлчилгээний газрууд ч шөнөжин бужигнасан. Юу болсныг сайн ойлгоогүй тухайгаа хэлж байгаа юм. “Кентавр” зочид буудал том цонхтой учраас шөнийн баривчилгааны үеэр гэрэл тусаж, хөшиггүй цонхтой хэсгийн үйл явдал гадна зогсох хүмүүст нэвт шувт харагдаж байсан билээ. Тэгвэл өглөө очиход цонхоор тусах зүйл ч үзэгдсэнгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ЦЭЦИЙН ШИЙДВЭР БА АШИГТ МАЛТМАЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ БИШ БОЛСОН УУ?
 


“Ноцтой мэдээ, маш ноцтой мэдээ” хэмээн Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хуудастаа нийтэлжээ. Учир нь төсвийн орлого 1.3 их наяд /1.287.000.000.000/ төгрөгөөр буурч, Монголын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болоход хүрсэн тухай тэрбээр хөндсөн байв. Тодруулбал, өчигдөр /2019.10.31/ Монгол даяар БНХАУ-ын 800-аад иргэнийг саатуулсан тухай асуудалд анхаарч байх үеэр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн гол зүйл заалтыг цуцлах шийдвэр гаргав. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал цуцлагдаж байна. Тэрхүү төлбөрийг 1.3 их наяд төгрөг байхаар Засгийн газар тооцсон юм.

Цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 МСНЭ: СЭТГҮҮЛЧДИЙГ ЧАГНАСАН ГЭХ АСУУДЛААР ЦЕГ, ТЕГ-Т ХАНДАНА​​​​​​​

 

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Эл асуудалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т дахин албан шаардлага хүргүүлэхээр боллоо.  Дахин гэдгийн учир нь 2018 оны дөрөвдүгээр сард нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ХЗДХЯ, ЦЕГ, Прокурорын байгууллагад МСНЭ-ээс мөн шаардлага хүргүүлж, анхаарал хандуулж байсан юм. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр эл мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ ШИЙДЭЛ НЬ СУРГУУЛИЙН АВТОБУС
 

Улсын хэмжээнд шаардлага хангасан ердөө 113 сургуулийн автобус бий. Эдгээр автобусыг нийслэлийн долоон дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 56 сургууль ашиглаж байгаа юм. Гэтэл нэг сургуулийн сурагчдыг тээвэрлэхэд багаар бодоход 27-30 автобус шаардлагатай болдог. Бидний мэдэхээр Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль байрладаг. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын цорын ганц лаборатори сургууль. Тиймдээ ч одоогоор суралцаж буй 3600 орчим хүүхдээс тус дүүргийн харьяаллын бус сурагч олон. Нэг жишээ хэлэхэд, “Ботаник”, “Таван шар”, “Буянт-Ухаа цогцолбор”, “Долоон буудал”-аас 450 гаруй хүүхэд гэрээс сургуулийн зүг зорчдог байна. Тэд бүгд ерөнхий боловсролын сургуулийн хоёроос тавдугаар анги. Нисэхийн “Буянт-Ухаа цогцолбор”-ын ойролцоо амьдардаг хүүхэд гэхэд багаар бодоход 16 автобусны буудал өнгөрсний дараа сургуульдаа очих боломжтой. Мөн тус сургуулийн бага ангид суралцдаг нийт хүүхдийн 50 орчим хувь нь хувийн унаагаар буюу эцэг, эх, асран хамгаалагчаараа сургуульдаа хүргүүлдэг гэдгийг нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг хэлж байна. Хувийн унаагаар зорчих хүүхдийн тоо нэмэгдсэн нь Засгийн газраас 10 хүртэлх насны хүүхдийг зөвхөн эцэг, эхийн гарт хүлээлгэн өгдөг “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай ч уялдах аж.

Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн А.Ганбат “Яармагийн орчимд өндөр үнэтэй хувийн сургуулиуд байдгаас эцэг, эхчүүд хүүхдээ хувийн унаагаар хүргэж өгдөг. Ийм учраас заримдаа түгжрэл их үүсгэдэг. Би Яармагаас хотын төв рүү ажилдаа явахдаа багаар бодоход нэг цагийг түгжрэлд зарцуулдаг. Түгжрэлд 30-40 минут нам зогсдог байсан хугацаандаа одоо хотын төв рүү орчихдог боллоо. Сурагчдын амралт эхэлснээс хойш зам чөлөөтэй байна” гэсэн юм. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийг тээвэрлэх асуудлыг зөв шийдэж чадвал түгжрэл саарах боломжтой юу гэсэн сэдвийг энэ удаагийн дугаарт хөндөж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 Д.ХУЛАН: БИ ДАХИЖ ЭРОТИК ДҮРД ТОГЛОХГҮЙ
 

“37-р Точка” киноны уран бүтээлчдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. 

Энэ удаа кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо”-гийн дүрийг бүтээсэн Д.Хулантай ярилцлаа. Цаг товлон уулзахад тэрбээр бүтээсэн дүрээсээ тэс ондоо нэгэн байв. Д.Хулан нь СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Хөгжимт, драмын жүжигчний ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан юм.


-Та “37-р точка” кинонд тоглох болсон түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Анх “Фантастик” продакшны ах нар надтай холбогдоод пробонд орох санал тавьсан. Проб өгөх гээд очиход найруулагч Тамир, Бат-түшиг ах хоёр сууж байсан. Гэхдээ эхний өдөр проб аваагүй. Надад текст өгөөд “Чи наадахаа сайн уншчихаад ир. Ийм ийм учиртай дүр шүү” гэж хэлээд явуулсан л даа. Ингээд маргаашнаас нь эхэлж дөрвөн өдрийн турш проб өгсөн. Дүрийг минь надад сайн ойлгуулах гэж өдөр бүр текст өгч явуулж бэлдүүлдэг байсан юм билээ. Дөрөв хоногийн дараа “За, миний дүү тэнцлээ. Сайн бэлдээрэй” гэсэн. Тухайн үед нүдэнд нулимс цийлгэнээд, нисэх мэт л баярласан. Арай зүүд биш байгаа ч гэж бодогдож байлаа.

-Анх зохиолоо уншаад Тогосоогийн дүрийг яг хэрхэн ойлгож, хүлээж авсан бэ?

-“Нэлээн айхтар хүүхэн байна. Яана даа” гэж бодсон. Надад их хүнд дүр шиг санагдсан. Нэг талаас эрхэмсэг, эмэгтэйлэг гоё хүүхэн. Нөгөө талаас чамгүй их муу талуудтай, буруу замаар явсан хүүхэн байхгүй юу. Зохиолоо уншчихаад заавал энэ дүрийг гоё бүтээх ёстой л гэж бодсон. Тогосоогийн дүр надаас найм, ес эгч болохоор дуу хоолой, биеийн хөдөлгөөн гээд бүх л зүйлээ өөрчлөх, судлах, ажиллах шаардлагатай болсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top