ОЛОН ӨНГӨ: Тал

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Говь, тал нутагт минь намрын дунд сар шувтарч дуусаагүй байхад цас лавхан унасан сураг сонсгож, цав цагаан талын зураг харуулав. Энэ уудамд бас л ховор үзэгдэл учраас сэтгэл хөдлөв. Өдийд Баастын талаар зорчиж яваа нэгэнд айдас төрж байгаадаа гэж юуны өмнө бодлоо. Тэр тусмаа тал нутаг үзээгүй хүнд цагаан тал, цас манантайгаа тэнгэрийн хаяатай нийлчихээд хаашаа явахаа мэдэхгүй айдсандаа хүлээтэй зогсож байгаа. Олон мөнгөн цөгц өрчихсөн мэт жижигхэн нуур тойром нь ч энэ цас манантай уусаад сураг алдарчихна.

Адуу, зээр гөрөөсний нутаг нь болсон энэ талд ийм л цагаар адуу мал, ан амьтан ч харагдахгүй. Учир нь цас хур, шуургатай үеэр өвгөдийн магнайн үрчлээ шиг газрын нугачаанд нөмөр бараадаад сураг алдардаг жамтай. Газрын энэ үрчлээнд адуу мал бүү хэл бүхэл бүтэн сум суурин нуусан ч харагдахгүй.  Ийм л цагаан мананг сарниан, цагаан тал дундуур давхиж явсан өдөр олон учраас зураг, сураг хоёрт л сэтгэл хөдөлж байгааг нуух юун. Үүл манан талтайгаа эелдсэн цагаар гадны хүн бүү хэл нутгийн хүмүүс ч айл олж очих нь ховор. Ертөнцийн гайхамшигтай  хором, цагаан талд хүний цээж шиг амьсгалж өндийсөн товог, товцог, талын ширээ хаа нэг тааралдах нь томоос том олз. Ийм л товог, ширээ дээр тухлаад дурандах юм бол газар дороос утаа гарах нь ч таны хувьд үзэж хараагүй зүйл байж таарна. Энэ бол намар оройн сэрүүнээс нөмөрлөж бууриа зассан говь талын ганц айл. Өөрөөр хэлбэл намаржаандаа байгаа айлын зураг ийнхүү утаагаар дамжин харагдана. Газрын дороос суунаглах аргалын утаа баримжаалаад, үнэрлээд ч болтугай явахаар айлын бараа харж, аяганы амсар зууна. Малын мөр жимээр айлд очиж болох ч цас хаялан буй үед цөлд ус олохоос ч хэцүү бөгөөд ховор зүйлийн нэг.

Намрын сар дуусах болоогүй учраас маргаашийн бага үд гэхэд орсон цас хайлаад ор мөргүй болно. Энэ бол говь тал нутгийн цаг агаарын өвөрмөц онцлог. Цасны чийг, сөлийн үнэр ханх тавьсан ийм л талаар адуундаа мордоод давхих нь юу юунаас жаргал байж дээ. Ёстой л газрын диваажин. Урьд өдрийн цасанд тоосоо шилгээсэн бутан дороос туулай дэгдэж, унаж яваа морины омруу, дөрөөн дороос шувууд дэрхийн нисэхэд зээрийн сүрэг шаргалтан хуйлраад талын амьдрал эхэлнэ. Хэдийнээсээ ус ундаар ховор талд тийм ч олон айл байдаггүй. Цөгц шиг хэдэн тойрмын тогтоол усанд найдсан цөөн тооны айл талын эзэд шиг сууна.

Намрын сүүл сарын наран Дорно тэнгэрээс тал дүүрэн унахад урьд өдрийн цас бүү хэл цасны чийг ч агаар нарны мандалд шатаж алга болно. Энэ нь бас л талын нарны онцлог. Өчигдөр огт цас унаагүй мэт талд амьдрал хэвийн үргэлжилж, тал тэр чигтээ өвлийг зүүдлэн байх шиг өвсөө шуугиулах нь айдас бяцхан төрүүлдэг. Талын салхинд өвс тэр чигтээ шуугих чимээ нь хүнд тийм ч аятайхан сэтгэгдэл төрүүлдэггүй болоод тэр биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top