ЗИНДАА 2019.10.18 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

#1 “СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ” НЭРИЙН ДОР НАМУУДЫГ НЭГТГЭХ ОРОЛДЛОГО

Үндсэн хуульт тусгаар Монгол Улсын төр, нийгмийн байгуулалтыг өөрчлөхөд хувьсгал хэрэгтэй болсон тухай яриа олонтаа гарч байсан. Хувьсгалыг цусаар эсвэл сонгуулиар хийдэг гэдэг. Олон улсын түүх ч бий. Гэвч энэ үг улс төрийн баруун зүүн жигүүрийг эзэлж байгаа МАН, АН-ын зүгээс үл унана. Тэд үг унагахдаа хүрвэл “Аж үйлдвэрийн хувьсгал” гэх мэт гоё ганганаар хязгаарлана. Харин энэ үг парламентад суудалгүй, төрийн улаан шугамны цаана байгаа улс төрийн хүчнүүдийн зүгээс олонтаа давтагдах болов. Тэр тусмаа сүүлийн үед шинээр бууриа засаад буй ШИНЭН-ын зүгээс ч энэ тухай дурдах болсон нь ямар нэгэн зүйлийн дохио байж болох юм. 

Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар “хувьсгал” яригчид дундаа эвлэлдэн нэгдэж, нэгэндээ урилга заллага илгээсэн, эртний явдлаа дурссан, туниж гунисан таатай өдрүүд үргэлжилж байгаа бололтой. Ямартай ч ШИНЭН-ын дарга Ж.Батзандан Ногоон намд хандаж, хамтарч эвсэх санал тавьсан ч Ногоон намын дарга О.Бум-Ялагч хараахан хүлээж аваагүй бололтой. Нөгөө талаар ШИНЭН-ын Л.Болд Ногоон намд тэгтлээ тал өгөхгүй байгааг ч дуулгав. О.Бум-Ялагч, Ж.Батзандан нарт ойлголцохгүйн зовлон байхгүй. Иргэний хөдөлгөөний байгууллага, гудамж талбайн жагсаал цуглаан гээд энэ хоёрт нэг замаар явж байсан өдрүүд олон учраас тал таарахгүйн зовлон үгүй. Харин Л.Болд нь гудамж талбай, ард түмний дундаас бус мөнгөн дундаас гарч ирсэн цагаан захтан учраас хойш уллаж байгаа хэрэг. Энэ нь хожмоо ШИНЭН дотор зөрчил үүсгэх магадлалтай. Гудамж талбайгаас эхлээд олон жил улс төр хийсэн Ж.Батзандан энэ ээдрээтэй үед сонгуульд хүч зузаатган орох нь ашигтай гэдгийг гадарлаж таарна. Айсуй сонгууль гуравдагчдын хувьд ээлтэй ч байж магадгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ХӨНДӨХ СЭДЭВ: ТҮҮХИЙ НҮҮРС РҮҮГЭЭ УХАРМААРГҮЙ БАЙНА

Утааны гамшиг Улаанбаатарын хурц сэдэв болоод нэлээн он жилийг үджээ. Утааг арилгах нэрийн дор төсвөөс олон тэрбум төгрөг зарлагадаад байгаа хэдий ч өнөөг хүртэл асуудлаа шийдэж чадсангүй. “Утаагүй зуух”, “Цэвэр агаар сан” гэх мэт гоё  нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр ирсэн боловч эцсийн үр дүн болох утаа арилсангүй. Харин тэдгээр төсөл хөтөлбөрүүд дээр зохицуулан ажилласан хэдэн нөхдийн халаас л зузаараад үлдсэн байх хэмээн олон нийт хардаж байгаа. Магад ч үгүй. Утаанаас хамааралтайгаар амьсгалын замын өвчлөл нэмэгдэн, хорт хавдраар нас барах тохиолдол ихсээд байгаа тухай мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгааны үндсэн дээр ярьж анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл, өч төчнөөн хүмүүс утаанаас шалтгаалсан чимээгүй үхлээр хорвоог орхиж буй нь бодитой юм. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хороололд 202 мянган айл өрх амьдарч, тэд тус бүр жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байв.

Иймд Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулах бодлогыг дэвшүүлж, 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус гарган хэрэгжүүлж байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 СЭТГҮҮЛЧИД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГТ БАГТАХЫГ ХҮСЛЭЭ​​​​​​​

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.10.18/ МУИС-ийн номын санд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд хууль эрхзүйн орчны нөлөө” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлага бий юу” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг тус тус илтгэл тавив. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэн илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдрал дээрээс урган гарсан судалгаатай уялдаад гарах учиртай гэж бодож байна. Гэтэл огт эсрэгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг илүү айлгасан, чангалсан заалт орж ирж байна. Сошиал орчинд гэхэд хэн ч мэдэхгүй нууц хаяг нээгээд бусдыг гүтгэж байгаа, янз бүрийн заналхийлэл, эмх замбараагүй байдалд уриалж, садар самуунд уруу татаж байгаа. Хамаг болохгүй бүтэхгүй бүхэн сошиал орчинд магадгүй сэтгүүлчийн нэр барьсан нууц хаягаас явж байгаа. Үүнд судалгаа хийх хэрэгтэй” хэмээгээд “Бид хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллая гээд тодорхой хүмүүсийн нэр, сүүлдээ байгууллагуудын нэр өгч үзсэн. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцүүлэгт оролцоод явах боломжтой юу. Хэвлэл мэдээллийн салбарын зүгээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэдүүлээ оролцож, санал болон мэргэжлийн зөвлөгөө өгөх боломж байна вэ” хэмээн асуув.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 “САГСАН БӨМБӨГИЙН ДАЙН”-Д ХЯТАД БУУЖ ӨГЛӨӨ

АНУ, Хятадын худалдааны дайн өндөрлөөгүй байхад хоёр их гүрний хооронд бас нэгэн тулаан гарсан нь “сагсан бөмбөгийн байлдаан” байлаа. Өнгөрсөн долоо хоногийн турш хоёр улс цахим сүлжээгээр тулалдаж, дэлхий нийт хэн нь дийлэхийг харан сууж байсан билээ. 

ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Америкийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дэрил Мори твиттер хуудсандаа Хонконгийн жагсагчдыг дэмжсэн үг бичсэнээр хэрэг явдал эхэлсэн. Хэдий удалгүй бичлэгээ устгасан ч Моригийн үг хятадуудын уурыг хүргэсэн юм. Хьюстонд есөн жил тоглосон Яо Мин одоо улсынхаа сагсан бөмбөгийн холбоог тэргүүлж байгаа төдийгүй улс төрийн салбарт ч нөлөөтэй эрхэм. Яо тэр даруй хуучин багтайгаа хамтын ажиллагаагаа зогсоосон. Түүнийг дагаад Хятадын компаниуд NBA-тай хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн юм. Алс холын орон ч тэрбум хол давсан хүн амтай том зах зээл тул Америкт Хятад хэрэгтэй. Эхлээд америкчууд Мориг шүүмжилж байлаа. Харин лигийн тэргүүн Адам Сильвер Моригийн үг хэлэх эрхийг хамгаалсны дараа үйл явдал эрчимтэй өрнөсөн. Америк одод хоёр хуваагдаж, Хятад дахь бизнес, зар сурталчилгааны гэрээгээ алдахаас айсан хэсэг нь Хятадыг дэмжиж, нөгөө хэсэг нь ардчилал ярьж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч хоцорсонгүй, Хятадын талд орсон оддыг хатуу ширүүн шүүмжилсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ТЭД БИДНИЙ ТУХАЙ | REVOLVER СЭТГҮҮЛ THE HU-Г ОНЦЛОВ​​​​​​​​​​​​​​

Хойд Америкийн хард-рок урсгалын алдарт “Revolver” сэтгүүл сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөж, өөрийн гэсэн үзэгч, сонсогчийн хүрээлэлтэй болсон “The HU” хамтлагийг онцолжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Сакраменто хотод болсон “Aftershock” хөгжмийн наадамд оролцох үеэр нь тус сэтгүүл фото сурвалжилга хийн, ирэх сарын сүүлээр тусгай нүүр бэлтгэн уншигчдадаа хүргэнэ. “Өнгөрсөн 10 жил нэг хэвд цутгасан мэт байсан рок урсгалыг дахин амь оруулсан хамтлаг бол яах аргагүй “The HU” хамтлаг. Монгол хэлийг тэр болгон хүмүүс мэдэхгүй. Харин рок урсгалыг дэлхий дахин мэднэ. Рок урсгалаар дамжуулан монгол хөгжмийг, цаашлаад Монгол Улсыг дэлхий дахин илүү өөр өнцгөөр харж байна. Энэ бол маш гайхалтай зүйл” гэж Revolver сэтгүүлийн кератив захирал Жимми Хаббард ярьжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top