ОУВС: Монголд оруулах том санхүүжилтүүд 2021 оноос зогсоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Энэ сарын 17-ны өдөр ОУВС-гийн  Захирлуудын зөвлөл Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх хэлэлцээрийг дүгнэсэн байна.

Дүгнэлтэд, Монгол Улсын эдийн засаг өмнөх хүндрэлээс хүчтэй сэргээд байна. Эдийн засгийн өсөлт 2019 оны нэгдүгээр улиралд 8.6%-д хүрч нэмэгдэж, төсвийн тэнцэл 2018 онд ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 2016 оноос 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Энэхүү сэргэлт нь бодлогын тогтолцоо чадавхажсан, албан санхүүжилтүүд хийгдсэн, гадаад эрэлт нэмэгдсэн зэргээс үүдэлтэй юм. Эдгээр ахиц гарсан ч өрийн хэмжээ өндөр, эдийн засаг ашигт малтмалын экспортоос хамааралтай байгаа учраас Монгол Улс гадаад шокуудад өртөх эмзэг байдал хэвээр байна.

Бүтцийн шинэчлэлд хэд хэдэн гол чиглэлээр ахиц гарлаа. Тухайлбал, төсвийн үйл ажиллагаа нь улс төрийн дарамтад илүү тэсвэртэй болж төсвийн шинжтэй үйл ажиллагаа хумигдлаа. Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд дүрэмд суурилсан төсвийн бодлогыг бэхжүүлж, санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангаж, засаглалыг сайжруулах замаар өнөөг хүртэл хийгдсэн шинэчлэлүүдийг цаашид ахиулах шаардлагатай.

Эдийн засгийн төлөвт зарим сорилт байгаа хэдий ч хүчтэй хэвээр байна. Өсөлт 2019 онд 6.5 хувийг давж, дунд хугацаанд 5-6 хувьд хувьд хадгалагдах хүлээлттэй байгаа. Хамгийн гол сорилт бол экспортын өсөлт суларч, зээлийн өсөлт саарах явдал юм. Эдгээр сорилтуудыг бууруулах чиглэлд төсвийн анхдагч тэнцэл 2018 онд зургаан  хувийн ашигтай гарч байсантай харьцуулахад 2019 болон 2020 онд төсвийн төлөв сулрах хандлагатай байна. Эдийн засгийн өсөлт тогтворжсоноор хоёр оронтой тоонд байгаа урсгал дансны алдагдлыг бууруулж, инфляци найман хувийн зорилтот түвшинд тогтворжих боломжийг бүрдүүлэх юм. Хүлээгдэж буй томоохон гадаадын шууд хөрөнгө оруулалтууд хийгдэж, урсгал данс сайжирснаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ 2021 оноос эхлэн бодлого суларч, донор орнуудаас хийгдэх томоохон санхүүжилтүүд дууссанаар валютын ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхгүй бол хандлага эсрэг зүгт өөрчлөгдөж болзошгүй байгаа.

Богино хугацаанд эдийн засагт сөргөөр нөлөөлөх зарим эрсдэлүүд оршсоор байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэд ирэх шок нь экспортыг бууруулж, өсөлтийн төлөв болон төсвийн тэнцлийг муутгах эрсдэлтэй. Цаашлаад өсөлт удааширснаар өрхүүдийн өрийн дарамт их, зарим банкнуудын өөрийн хөрөнгийн нөөц хангалттай биш байгаа учраас өсөлт буурснаар санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй юм. Мөн төсвийн болон гадаад секторын нөөц нь тэдгээрийг шингээх хэмжээнд хараахан хүүрээгүй байгаа. Эерэг хүчин зүйлсийг авч үзвэл Оюу Толгойн хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн чухал төслүүд амжилттай хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, бүтээмжийг нэмэгдүүлэн, шинэ уул уурхайн төслүүдэд гадаад шууд хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлнэ.

Захирлуудын зөвлөлийн үнэлгээ Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын эдийн засаг сэргэснийг Захирлуудын зөвлөлийн гишүүд таатай дүгнэж байна. Өсөлт эрүүл байж, төсвийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц өслөө. Гэхдээ өрийн хэмжээ өндөр, түүхий эдийн эрэлтийн өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байгаа тул эдийн засаг гадаад шокт эмзэг хэвээр байна хэмээн ОУВС-гийн захирлууд тэмдэглэлээ. Мөн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эмзэг байдлыг бууруулах, өндөр бөгөөд хүртээмжтэй – ногоон өсөлтийг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тэд онцлов. Захирлуудын зүгээс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 6 дахь шатны үнэлгээг эцэслэх боломжтой болгохын тулд санхүүгийн салбарын шинэчлэлийг дуусгах арга хэмжээ авахыг эрх баригчдад уриалав.

Захирлуудын зүгээс төсвийн бодлогыг чанга хэвээр хадгалж, улсын өрийг зохих түвшинд хадгалах ёстойг цохов. Богино хугацаанд эрх баригчид 2019 оны гүйцэтгэлээс давсан аливаа орлогыг хуримтлуулах төлөвлөгөөтэй байгааг сайшаахын хамт 2020 оны төсвийг зохистой түвшинд батлах нь зүйтэй гэв. Мөн Захирлууд эрх баригчдыг төсвийн хүрээнд илүү хараат бус Төсвийн зөвлөлтэй болгохыг уриалав. Цаашлаад, нийгмийн эмзэг бүлэгт эрүүл мэндийн зардлыг хүрэлцээтэй болгох зэрэг нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэх нь тэргүүлэх чиглэл байх ёстойг тэд тэмдэглэв. Улсын гадаад өрөөс үүдэн гарах эрсдлийг бууруулахын тулд эрх баригчдыг ойрын хугацаанд төлөгдөх том дүнтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэхийг Захирлууд зүйтэй гэж үзэж байна.

Захирлууд мөнгөний бодлогыг инфляцийг тогтворжуулах болон гадаад тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд төвлөрөх хэрэгтэйг тэмдэглэв. Мөн эрх баригчдыг хэрэв шаардлагатай бол бодлогын төлөвийг чангаруулахад бэлэн байх ёстойг зөвлөлөө. Цаашлаад, валютын ханшийг илүү уян хатан байлгах нь гадаад секторын тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн үзэв. Захирлуудын зүгээс Монголбанкыг валют зарах үйл ажиллагаагаа хязгаарлаж, шууд худалдан авалт хийх замаар нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлж, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах суурь болохыг онцлов.

Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдлыг магадлан шалгах явцад илэрсэн бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, Захирлууд Активын чанарын үнэлгээний үр дүнд илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг уриалав. Тэд хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу Монголбанкнаас шуурхай хариу арга хэмжээ авахыг уриалав. Захирлуудын зүгээс мөн чанаргүй зээлийг шийдвэрлэх болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг хэлэв. Захирлуудын зүгээс бүтцийн өөрчлөлтийг хийхдээ засаглалыг чадавхижуулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Эрх баригчдыг дэд бүтэц, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулах, байгаль орчны доройтлыг буруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбарын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ.

ОУВС-гийн дүрмийн IV заалтад заасны дагуу ОУВС-гаас гишүүн орнуудтайгаа хоёр талын яриа хэлэлцээг хийдэг бөгөөд энэ нь ихэвчлэн жил бүр болдог. Ингэхдээ ажлын хэсэг тухайн улсад ажиллаж, эдийн засаг санхүүгийн мэдээллийг цуглуулж, эрх баригчидтай эдийн засгийн өөрчлөлт, бодлогын хүрээнд хэлэлцээр өрнүүлдэг. Үүний дараа ажлын хэсэг холбогдох тайланг бэлтгэдэг ба тус тайлан нь Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын суурь болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top