Ш.Оргил: Сэлэнгэ аймгийн Засаг дарга лиценз олгодог хүн биш

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийн Шаамар суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид 300 га газар олгосон гэдэг мэдээлэл дуулиан болоод өнгөрлөө. Процесс яг яаж өрнөсөн юм бэ?

-Шийдвэр гарчихсан асуудал л даа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж сумандаа том эрх мэдэлтэй иргэдээс сонгогдсон төлөөлөл байдаг. Анх багийн Иргэдийн нийтийн хурлаас дэмжлэг аваад, сумын иргэдийн хурал нь дэмжээд хууль ёсны дагуу явж байсан юм билээ. Гэвч нөгөө аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулалттай өөр компанид 50 хувиа өгчихсөн. Уг нь хуулиараа 25 хувь байх ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компани хуулиараа газар эзэмших эрхгүй. Харин ашиглана гэж заасан байдаг. Ашиглах эрхийг Засгийн газраас хугацаа тогтоож өгдөг. Тиймээс би хуулийн хүрээнд ажиллаж цуцлах шийдвэр гаргасан. Түүнээс бослого тэмцэл болж, тэднийг хаацайлсан юм байхгүй. Миний нэр дээр ирсэн хүсэлтийг судалж үзсэн юм. Улсын бүртгэлээс лавлагааг нь авч үзэхэд “Хэ Жүн Агро” компаний тухайн аж ахуйн нэгжийн 25 хувиас дээш хөрөнгө оруулалттай тул эзэмших эрхгүй гээд 50 хувийг нь авсан баримтаар нотлогдсон тул хуулийн хүрээнд явагдсан. Ийм л асуудал байгаа юм. Нөгөө иргэд нь хоорондоо гарын үсэг зурсан, зураагүй гэдэг маргааныг бол шүүх л тасална. Шүүхээрээ явж байгаа байх. Бид хуулийн хүрээн дэх асуудлыг таслан зогсоосон.

-Ноён уулын асуудал нэлээн олон жил яригдсан. Сүүлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч улсын тусгай хамгаалалтад авч, Дархан цаазат газар болгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Энэ асуудлаар өнөө өглөө (өчигдөр) орж ирээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзаж Ноён уулыг дархан цаазтай болгох Засгийн газрын хуралдаанд орох асуудлыг ярилцаж байна. Ноён уулыг Дархан цаазтай болгосноор дараагийн хамгаалалтын асуудал яригдана. Үүнд шаардагдах  хөрөнгө санхүүг улсын төсөвт суулгах хэрэгтэй. Дархан цаазтай болгочихоор одоо байгаа компаниуд нь харуул хамгаалалтаа татна. Тэгэхээр харуул хамгаалалт зайлшгүй шаардлагатай. Тэр хүмүүсийн цалин, хоол унд, хангамж, амьдрах байрнаас эхлээд улсын төсөвд суух гэх мэтчилэн асуудлыг хөөцөлдөж байна. 

-Хэчнээн төгрөг төсөвт суух боломжтой байгаа вэ?

-Яг тэд эд сууна гэдгийг шууд хэлж мэдэхгүй байна. Эдийн засгийн тооцоо судалгаа хэрэгтэй. Эхний ээлжид Ноён уулаа Дархан цаазтай болгож аваад, Дархан цаазат байгалийн цогцолборт газар дахь ажлын албанаас тооцоо судалгаагаа гаргана. Хэрхэн хамгаалах, ямар бүтэц зохион байгуулалттай байх юм гэдгээ шийднэ. Засгийн газрын шийдвэр гарсан юм чинь улсын төсөвт суугдаад явчих байх.

-Сүүлийн үед сошиал орчинд хэвлэл мэдээллийн зарим нэг сайтуудаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга алтны компаниудад газар, лиценз олгоод яваад байна гэсэн мэдээлэл гарах болсон. Үнэн үү?

-Сошл орчинд явж байгаа зүйлсийг харсан. Тэр болгоны хойноос хөөцөлдөөд байх хэцүү. Тийм цаг зав ч алга, үнэндээ. Баримт нотолгоогүй, нэр хаяггүй пэйжүүдээр хүний нэр хүндэд халдах байдал их болсон. Гэхдээ иргэд нэг үеэ бодоход тийм  баримтгүй зүйлд итгэхээ больсон байна. Анхнаасаа л над руу чиглэсэн зорилготой зүйлс байсан л даа. Энэ нь захиалга л байх гэж бодож байгаа. Нэг пэйж дээр ийм юм гарч гээд хэл ам хийгээд байх юм бол хэзээ нь би ажлаа хийх юм бэ. Нэг хүний зүгээс улс төрийн зорилготой л явж байгаа зүйл. Телевизээр явсан гэсэн би үзээгүй.

Нэг зүйлийг ойлгомжтой хэлье. Сэлэнгэ аймгийн Засаг дарга лиценз олгодог хүн биш ээ. Үүнийг мэдээд тэгдэг юм уу, мэдэхгүйгээр тэгдэг юм уу эсвэл санаатай бичдэг юм уу бүү мэд. 21 аймгийн болон дүүргийн дарга нар лиценз олгоод байвал энэ Монгол Улс чинь юу болох юм бэ. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олгоно гэж заасан байдаг. Засгийн газрын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд аймгийн Засаг дарга зохион байгуулна гэсэн эрхтэй. Гэрээний нөхцөлөө зөрчсөн нөхдийг бол гэрээг нь сунгахгүй цуцлах хүртэлх саналыг явуулах эрх байдаг. Тиймээс санаатай ийм зүйл явуулаад байх юм. Би ажлаа л хиймээр байна. Улс төр гэдэг нь л тэр юм байлгүй. Гэхдээ арай ч ингэж улс төр хийхгүй ээ. 

-Сэлэнгэ аймагт сүүлийн үед болон лицензийн асуудал маш их яригдаж байгаа. Та аймгийн Засаг даргын хувьд хэрвээ тухайн компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд цуцлуулах саналаа хүргүүлэх эрх мэдэл бий. Тэгэхээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд лицензийн асуудлыг цэгцлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд 70-80 орчим ашигладаг, ашигладаггүй лиценз бий. Эдгээр нь улсаас бүгд зөвшөөрөгдсөн байгаа. Шадар сайдаар ахлуулсан дөрвөн сайдын ажлын хэсэг гарсан гэж Ерөнхий сайд тайлбарлаж байсан. Би одоо яригдаад байгаа 57 лицензийг шалгуулахаар явуулсан. Шалгаад шууд цуцална гэсэн үг биш. Хуулийн хүрээнд авсан нь аль вэ, аль нь хууль бусаар авсан бэ гэдгийг шалгуулахаар болсон. Ажлын хэсэг яг албан ёсоо хуулийн дагуу авсан нь хэн болохыг тогтооно. Лицензтэй гэдэг нь ажил эхлэх зөвшөөрөлтэй гэсэн үг биш юм. Төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, ус газрын гэрээ гэх мэтчилэн зэрэг олон асуудал болж байж явагддаг. Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Аймгийн дарга нь лиценз өгөөд сууж байна гэж байхгүй. Бид хуулийн доор амьдарч байна. Засаг даргын эрх мэдлийн хүрээний асуудал гэж хуульчлагдсан байдаг. Засаг даргыг хянадаг, шалгадаг бүх л байгууллагууд байна. Тэдний доор хуулийн хүрээнд л би ажилладаг. Ямар ч хараа хяналтгүй нөхдөд дураараа авирлаад л сууж байдаг гэж ойлгоод, иргэдэд ч тийм ойлголтыг хүргэх гээд байх шиг байна. Баримт нотолгоотой, үнэн зөв зүйлийг ядаж мэдээллэдэг баймаар юм. Хэрэв үнэхээр тийм байгаа бол ирээд уулзаж болно. Дахин хариуцлагатайгаар хэлэхэд хуулийн дагуу л бид ажлаа хийдэг хүмүүс. Бид Засгийн газрыг аймаг аймагт төлөөлж ажлаа хийж байгаа хүмүүс шүү дээ.

-Сэлэнгэ аймагт лицензээс гадна намрын ажил ид өрнөж байна. Стратегийн бүс нутаг болон Монгол Улсын улаан буудайн 60 хувийг хангадаг. Ургац хураалтын ажил эхэлсэн үү. Цаг агаарын нөхцөл ямар байгаа вэ. Энэ жил төлөвлөсөн ургацаа бүрэн хурааж авах боломж байгаа юу?

-Сэлэнгэ аймаг төлөвлөсөн урга­цаа хурааж авах боломж бий. Улсын дунджаар нэг га-гаас 12 центр ургац авахаар улсын комиссоос тогтоосон байгаа. Энэ зун үр тарианы ургалтын ид үе болох зургаа, долоодугаар сард хур бороо бага орсон ч наймдугаар сард их хэмжээний бороо орсон. Тиймээс үр тарианы болц болоогүй байна. Ногоон талбай их байна. Тариаланчид жил бүр бэрхшээлтэй тулгардаг, даваад гардаг. Бид улсын хэмжээнд нормоо биелүүлж Атрын 60 жилдээ том бэлэг барина.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд ургац хураалтайн байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай уулзахдаа малчдын зүгээс байнга тавьдаг махыг нь аваад, арьс, ширийг авахгүй байна гэдэг зүйлийг ярилцсан. Энэ жилээс БНХАУ руу арьс, шир гаргах асуудлыг шийдвэрлэж байгаа гэдгээ хэлсэн. Арьс, шир эргээд үнэтэй болж эхэлнэ. Мөн тариаланчдын улаанбуудайн урамшлууллыг тонн тутамд нь тэрбум төгрөг болгоно гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ урамшуулал гэхээсээ илүүтэй үнийн зөрүүг олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Сэлэнгэ аймаг хүнсний ногоо бүрэн хурааж дууссан уу?

-Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид учир байдлаа хэлж байна лээ. Ер нь жил ирэх бүр хүнсний ногооны үнэ ханш буурч байгаа нь хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Хүнсний ногоо тариална гэдэг бол маш их гологдол гарч тэр хэмжээгээрээ тариаланчдын ашиг буурч байдаг. Тиймээс Сэлэнгэ аймагт цардуулын үйлдвэр барих санаа байна. Хэрвээ цардуулын үйлдвэртэй болчихвол төмс тариалж байгаа иргэд жижиг төмсөө тус үйлдвэртээ нийлүүлж хаягдалгүй ногоогоо тариалах бүрэн боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top