ЗИНДАА 2019.08.23 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

#1 “АЛТАЙ ГОЛД” ХХК ДОЛООН ГОЛЫН ЗУРГААГ НЬ БУЛЖ, ШИРГЭЭЖЭЭ

Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг байгааг тогтоосон байна. Харин ийм хэмжээний алт авахын тулд тус компани Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, нутгийнхны ярьж байгаагаар Шийртийн хойд амыг ЗОЛИОСЛОВ. Эндээс эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилчихаад сууж байна. Уг нь Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй. “Алтай голд” компани “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын бай­галь орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд батлуулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь “Газарчандмань” компани хийсэн байна. “Алтай голд” ХХК-ийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардорж гэгч бөгөөд урьд нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн шороон ордод олборлолт явуулж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр Өлтийн алтыг нь аваад, үлдэгдлээ бусад компани, бичил уурхайчдад шилжүүлж, нөхөн сэргээлтээс бултсан гэх мэдээлэл ч байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ДЭЛХИЙН ТОЙМ: ОХУ, ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ЮУ ЯРИЛЦАВ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Финландын Төрийн тэргүүн Саули Нийнистё нар Хельсинкт яриа хэлэлцээ хийв. Тэд хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Путин тус улсын эдийн засгийн бүсээр дамжуулж буй “Хойд урсгал 2” хийн хоолойг аль хэдийн барьж дуусгасан гэсэн байна. Ерөнхийлөгч нар Европын Зөвлөлийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны талаар онцлоод Украины зүүн өмнөд хэсгийн асуудлыг хөнджээ.

Түүнчлэн Путин, Нийнистё нар гэрээнд хориглосон АНУ-ын пуужингийн туршилтын талаар санал бодлоо солилцов. Путиний хэлснээр уг хөөргөлт нь Вашингтон гэрээнээс гарахаас нэлээд эрт пуужин бүтээх чиглэлээр ажиллаж эхэлснийг баталж байна. АНУ-ын пуужингийн туршилт, “Хойд урсгал 2” болон Украины асуудал нь ОХУ, Финландын Ерөнхийлөгч нарын Хельсинкт хийсэн хэлэлцээний гол сэдэв байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ХХ ХӨТӨЛБӨР: Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСНЫ ААВ, ЭЭЖТЭЙ ЯРИЛЦЛАА

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх, ээж С.Наранцэцэг нар ТВ8 телевизийн  "ХХ Хөтөлбөр"-т дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Т.Лхагвасүмбэрэл амиа алдсан шалтгаан юу байв, байгаль хамгаалагч хүүгийн ижий, аав нь юу ярив... Хөвсгөл аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг "ХХ Хөтөлбөр"-өөр 2019.08.25-ны НЯМ гарагийн 21.00 цагаас хүлээн авч үзээрэй. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 SOS: ГЭРЛИЙН ШОНГУУД УНАХ ЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ


 

Бидний нэрлэдгээр "Урт цагаан" болон "Бөмбөгөр" худалдааны төвийн уулзварын ойролцоох гэрлийн шонгууд хэзээ мөдгүй унах эрсдэлд орсон нь зураг дээрээс харагдаж байна. Энэ бол өнөөдрийн /2019.08.23/ дүр зураг. Шонг очиж харахад машин мөргөсөн байж болох ямар нэг ул мөр байсангүй. Ямартай ч энэ шонг хүн, машины дээрээс унахаас нь өмнө холбогдох газрууд нь арга хэмжээ авах хэрэгтэй болж. Харин иргэд та бүхэнд тухайн хэсгээр болгоомжтой зорчихыг анхааруулъя. Улаанбаатарт цахилгааны шон эвдрэх, унасан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн Циркийн арын уулзварын гэрлийн шон унаж, мөн оны дөрөвдүгээр сард  Бэлхийн зам дагуух цахилгааны шон эрсдэл дагуулж байв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 Б.БУДЖАРГАЛ “ГҮЙЛТИЙН БУРХАН”-Ы ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ЭВДЭНЭ

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ. Одоо энэ рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1036 км гүйсэн амжилтаар эзэмшдэг. Янис Курос дэлхийн гурван удаагийн аварга, Азийн аварга тамирчин юм. 

Энэ алдарт тамирчны рекорд амжилтыг эвдэхээр зориглосон Б.Буджаргалаас тэмцээний талаар тодрууллаа. 

 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top