Үндсэн хуулиа одоо л өөрчлөхгүй бол дахиад лавтай 20 жилийн нүүр үзнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Энэ цаг дор Үндсэн хуулиа өөрчлөх, эс өөрчлөх тухай маргаан бүх шатанд өрнөж байна. Нэг намын шийдвэрээр, ард олны санаа оноог тусгаагүй, бусад улс төрийн хүчинтэй зөвшилцөөгүй, олон улсын жишиг гээд юу эсийг ярих билээ. Тэгэхээр энд би хаа сайгүй ярьж бичиж буй өөрчлөлт, түүнийг тойрсон зүйл заалт, маргааны талаар ярих нь илүүц гэж үзлээ.

Гагцхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо эс хийвэл 20 жилийн дотор лав хийж чадахгүй байх магадлал тун өндөр. Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн хоёрдугаарт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасан байдгаас харахад өнөөдөр олонхын суудалд заларч буй улс төрийн ууган хүчинд өөрчлөлт хийх боломж харагдана. Гэхдээ өмнөх алдаагаа засаж сайжруулах, илүү оновчтой болгох боломж юм шүү. Сонгогчдын боловсрол тэгтлээ өндөр аваагүй ч ирээдүйд саналын савлагаа үүсэж нэг улс төрийн хүчинд 50, 60 суудал өгөх боломж харагдахгүй болжээ. Энэ тал дээр ч улс төр судлаачид нэгэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр гэдэг нь 76 гишүүний 40 гаруй нь гэсэн үг. Тэгэхээр 2040 он хүртэл аль нэг улс төрийн хүчинд 40 гаруй суудал өгөх боломж байхгүйг хаана хаанаа ярьж буй. Ардчилсан сонгуулийн гучаад жилийн түүх, сонгогчдын саналын давлагааг харсан ч энэ удаа эс чадвал 20 жилийг лавтай хүлээнэ гэсэн үг. Өнгөрөгч 2000 онд өдгөөгийн МАН 72 суудал авч байсан бол 2016 онд мөн МАН 65 суудал авчээ. Сонгогчдын саналын савлагаа улам бүр багасаж байгааг харуулсан нэгээхэн жишээ бол энэ. Өөрчлөлтийг эсэргүүцэж буй АН ялалт байгуулж байсан ч олонх бүү хэл засгаа бүрдүүлэх хэмжээний суудал авч байгаагүй, бусадтай хамтарч байсныг мэднэ. Тэгэхээр бид энэ завхарсан алдаатайгаа ахиад зургаа, долоон парламентын нүүр үзэх нь.

Нөгөө талаар гуравны хоёроос доошгүйн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж үзье. Гэтэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад УИХ-аар эцэслэн батлахад бэрх зүйл бас бий. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр мөрдөгдөх хууль бий болно гэхэд ихээхэн эргэлзээтэй. Тухайлбал, Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэгдүгээрт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” гэж заажээ. Энэ бол олон ургалч бүхий цаг үед их төвөгтэй босго. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав гэдэг бол дийлэнх олонх буюу 50 гаруй гишүүн санал нэгдсэн цагт сая Үндсэн хуулиа өөрчиллөө гэж болно. Өнөөдрийн хувьд улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын тавны дөрвийг эзэмшсэн сууж байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн том боломж. Ахин хэлье. Үндэсний эрх ашиг, язгуурын зүйлийг хөндөх бус алдаагаа засаж илүү сайжруулах хэрэгтэй.

Үндсэн хуульд улс, үндэстний эрх ашиг гэж байхаас ганц хүний эрх ашиг тусгагдах ёсгүй

Өнөөдрийн ярьж бичиж байгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан зүйл заалт бий учраас Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань санал нэгдэхгүй байх талтай гэнэ. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас харахад олонхын бүлэгт Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж, санал нэгдэх бүрэн боломж бий. Түүнээс өөр цагт буюу ирээдүйд ямар ч боломж харагдахгүй аж. Яах вэ, Ерөнхийлөгчийн талыг баримтлагч судлаачдын зүгээс хэргээр нийгэм рүү турхирсан нийтлэл цацаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өндөрт өргөсөн зүйл заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд шургуулах гэсэн кампанит ажиллагаа нэгэнт яваад эхэлж үү гэмээр зүйлс харагдана. Тэдний нийгэмд цацаж буй мэдээ мэдээллийн утга санаа, агуулга тун адилхан байгаагаас үүнийг анзаарч болно. Утгачлан хүргэвэл 2016 онд Үндсэн хууль өөрчлөх таатай нөхцөл бүрдсэн ч алдаа гарсан гэнэ. Тэр нь МАН олонх буюу 65 суудал авсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ерөнхийлөгч сонгогдоогүй хэмээн тайлбарлажээ. Тэдний хэлж байгаагаар бол наад зах нь угшил нэгт МАХН-аас сонгогдсон бол хуульд өөрчлөлт орох магадлал өндөрсөх байж. Гэтэл 10 хүрэхгүй суудалтай АН-аас Ерөнхийлөгч тодорсон гэх тайлбар хаа сайгүй тэнүүчилж байгаа юм. Үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс эрх мэдлээ хадгалж үлдэх, илүү өргөж авах гэсэн тусгай ажиллагаа гэж хардахад хүргэнэ. Түүнээс бидний “Дордуулсан долоо” хэмээн нэрийдэх өөрчлөлтөөс үүдсэн энэ алдаа Монгол Улсын Төрийн бүтэц, ажиллагаа, нийгэмд ямар их хор хөнөөл тарьж ирснийг хүнээр хэлүүлэх юун. Ийм нөхцөлд өөрчлөх шинэчлэх, сайжруулах тал дээр Ерөнхийлөгч ч толгой дохих учиртай. Улс эх орон, үндэсний эрх ашиг гэж байхаас эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн ганц нэг хүний эрх ашиг Үндсэн хуульд тусгагдах гэж үгүй биз ээ. Ямартай ч энэ “Дордуулсан долоо”-г засах шаардлага байгааг өнөөдөр бус сүүлийн 10 гаруй жил ярилаа.  

Мөн нэг зүйл бий. Тэр нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн хоёрдугаарт “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал авч эс чадвал уг төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй” гэсэн заалт бий. Энэ бүх хуулийн зүйл заалтаас харвал Үндсэн хуулиа засч сайжруулах цаг нь яах аргагүй ирсэн. Ард түмэн ч өөрчлөлтийг хүсч буй. Гэтэл сөрөг хүчнээс эхлээд парламентын гадна дотно бүхий л улс төрийн хүчнүүд ганц намын нөлөөгөөр хууль өөрчлөх гэж байна гэсэн мэдээ мэдээллээр нийгмийн тархийг угааж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Нөгөө талаар өөрсдийнхөө эрх ашгийг шургуулах гэсэн санаархал байдаг ч байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг зүтгүүлж буй МАН-д ч алдаа байдаг л байх. Тэгэхээр бүгдээрээ хэлэлцээрийн ширээний ард сууж, улстөржих бус замаар шийдвэрлэх боломж байж таарна. Ард түмнийхээ үгийг сонсох боломж ч бүрэн байна. Хамгийн наад зах нь 2000 оны “Дордуулсан долоо”-г Үндсэн хуульд оруулахад 72 суудалтай намын даргаар жаалж байсан Н.Энхбаяр өнөөдөр шууд бус утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн улстөржүүлж суугаа нь дэндүү харамсалтай. Тодотгож хэлбэл, өөрийнх нь хийсэн алдааг засах гэж байна шүү дээ. Үнэмлэхүй суудалтай эрх баригч намынхан зүтгээд байхад өөрчлөлт оруулчих л байх, гэхдээ алдаа оноогоо сайтар хэлэлцэх шаардлага байгаа. Алдаа оноогоо хэлэлцээд орууллаа гэхэд энэ мэтчилэн парламентын гадна дотноос боорлоод байвал хугацаа алдана.

Хугацаа алдвал бас нэг аюул бий. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн гуравт “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно” гэсэн заалт байдаг. Хэрвээ энэ чигээрээ хэрэлдэж хэлэлцээд цааш явах нь аюултай. Удахгүй чуулган завсарлаж, гишүүд маань гоё дээлээ өмсөөд, ганган хөлгөө хөлөглөөд наадам хэсээд алга болно. Улсын баяр наадмын дараа аймаг, сумдын ой долоодугаар сарыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа овоо тахилгын наадам ч бий, сургуулийн, эмнэлгийн гээд ой ч мундахгүй. Энэ бүхэнд гишүүд маань очиж харагдахгүй бол болохгүй. Нэг ч гэсэн баярт очин үг хэлж, ганц нэг одон тэмдэг гардуулах нь тэдний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хавьгүй дээр байгааг нуух юун. Энэ байдал үргэлжилсээр  байтал намрын сар тал дундаасаа мултрах үед чуулган эхэлнэ. Эрчтэй явж байсан Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, өнөөх л маргаан найр наадмын саруудад эрч нь суларч алга болно. Чуулган эхэлсэн цаг дор найр наадмынхаа шуранхай уухайгаас хагацах гэсээр байтал арваннэгдүгээр сарын нүүр үзнэ. Энэ нь манай парламентад уламжлан тогтсон ёс гэхэд болно. Ийнхүү нэг ажлынхаа горимд шилжиж атал ахиад хэрэлдээд хэлэлцээд эхлэхээр он гарчихвал яах билээ гэсэн аюул харагдаж байгааг нуух юун. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол яг одоо, эсвэл асар урт хугацааг бид энэ алдаатайгаа туулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.109.86) 2019 оны 07 сарын 03

Хэрэггүй шүү хүмүүс ээ. Хятадад урваж улс орноо баллахын тулд эрлийз Лундаажанцан тэргүүтэй хужаагийн тагнуулын гар хөлүүдийм зүйл үйлдэж байна. Үндсэн хууль өөрчлөх гээд байгаа нь цаанаа их муухай зальэ хорон бодлого нуугдаж байгааг ойлгох ёстой. МАН бол хятадын гар хөл болсо нам. Ард түмэн бүгдээрээ хуулийн боловсролоо дээшлүүлэхгүй бол энэ МАН-ын эрлийзүүд улс орныг мөхөөллөө. Ерөнхийлөгчийг 6 жил болгоод улс өөдлөхгүй. Орон нутгийн сонгуулийг нам оролцуулахгүй гэж байгаа нь цаанаа маш муухай зүйл нууж байна. Энэ бүгд Монгол улсад ямар ч ашиггүй. Эд зөвхөн өөрийгөө хамгаалсан хорон бодлог

0  |  0
Top