Б.Ундармаа охин сураггүй болоод 17 хонож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр есөн настай Б.Ундармаа охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ. Эрэн хайх ажиллагаанд цагдаа, тагнуул, боловсролын байгууллагын ажилчид, нутгийн иргэд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Эрлийн ажиллагаа ямар түвшинд байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэрэнбатаас тодрууллаа.

-Алга болсон охины талаар сураг гарсан уу?

-Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор сураг гараагүй байна. Охин алга болсон талаар улсын хэмжээнд зарлаж, мэдээлэл хүргэсэн. Аймгийн цагдаагийн газрын дарга одоо /2019.04.30/ газар дээр нь ажиллаж байна. Хотоос Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс албан хаагчид ирээд ажиллаж байгаа.  

-Хэчнээн хүний баг бүрэлдэхүүнтэй, ямар хүрээнд эрлийн ажиллагааг явуулж байна вэ?

-Аймгийн Цагдаагийн газраас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Зарим албан хаагчаа амраагаад 17 хүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж байна.

-Хил, гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юу?

-Гаалийн байгууллагатай мэдээлэл солилцоод, хамтран ажиллаж байна. Одоогоор хилээр гарсан гэх мэдээлэл алга.

Охиныг эрэн хайх ажиллагаанд сайн дураараа албан байгууллага, иргэд оролцсон бөгөөд зарим хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай  “Эрлийн ажилд тасралтгүй ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, мөн эрлийн ажилд тусалж оролцсон сумын иргэд, төрийн албан хаагчид, хамтарсан баг, аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол соёл урлагийн газар, Сүхбаатар сумын эрэгтэй багш нар, Хилийн цэргийн 0101, 0243-р ангийн албан хаагчид, аймгийн Автомашин, мотоциклын спортын холбооны хамт олонд, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн засаг дарга Ш.Оргил, улс, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Боловсрол соёл урлагийн газар,  аймгийн аварга малчин Дагвадорж, сумын аварга малчин Бадамдорж, Болдбаатар нарт охины аав ээж, сумын иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Бид хамтран асуудлыг шийдвэрлэх хүртэл тасралтгүй ажилласаар байх болно” гэж мэдэгдээд байна.

Охин алга болоод 17 хоносон ч ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Охиныг харсан, үзсэн хүн байвал 7036101 утсанд мэдээлэл өгөхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top