Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.24/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавхи, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулж байгаа тул улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болон хэрэгжихээр зохицуулсан байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоож өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу дараахь хэлбэрээр санхүүжүүлэхээр, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр тусгасан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top