“Монголын  геологи, хайгуул 2019” маргааш үргэлжилнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, МУИС, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 28-29-ны өдрүүдэд  үргэлжлэх уг арга хэмжээнд 1000 гаруй зочид төлөөлөгчид, 100 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцож буй юм. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, Элчин сайдын яамд ихээхэн ач холбогдол өгч оролцож байна.  Мөн энэ үеэр Төрийн соёрхол хүртсэн геологичдод хүндэтгэл үзүүллээ.   

“Монголын геологи, хайгуул 2019” сэдэвт 11 дэх удаагийн чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад даруй 11,3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь бид бүхний зүгээс геологийн салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол өсгөх зорилтын нэг илрэл гэж үзэж байна.

Яг жилийн өмнө буюу “Монголын геологи, хайгуул 2018” чуулга уулзалтын индэр дээрээс та бүхэндээ чулуулгийн үнэмлэхүй насыг эх орондоо тодорхойлдог болно гэж хэлж байсан. Энэ ажил маань бодит биелэлээ олж, уржигдар буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Геологийн төв лабораторид “Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори”-ийн үндсэн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө” гэв.

Мөн тэрбээр Монгол орныхоо эрдэнэсийн санг нээж өгсөн геологчдоо Монгол төр эргэн харж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээл, салбарын эрдэмтдэд Төрийн соёрхол хэмээх эрхэм дээд шагналаа Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр хайрласан нь түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх сайхан үйл явдал тохиосныг онцлон хэллээ.

Чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн,  эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн  уулзалтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулна.   Чуулга уулзалтын үеэр геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна  “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах юм. Түүнчлэн “Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын ордын хайгуулд ашиглах нь”, “Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоо”  сэдвүүдээр  МУИС, ШУТИС дээр  мэргэшсэн зөвлөх инженерүүд  сургалт явуулна.

“Монголын геологи, хайгуул 2019” чуулганы хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор  Баянзүрх Уул-2019 явган аялал зохион байгуулах  бөгөөд  Улаанбаатар хот орчим, Баянзүрх  уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top