МОБАЙЛ ТВ: Сонгогчдын эрх ашиг зөрчигдсөнд “БУРУУТАН” олдсонгүй

Б.Мөнхзаяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг төсөвлөжээ

 

Хэнтий аймгийн сонгуулийн 42-р тойрог УИХ-д төлөөлөлгүй 1 жил орчим болж байна. Энэхүү нөхөн сонгуулийн товыг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр байхаар УИХ-аас баталсан. Тэгвэл СЕХ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлуудыг хангаж байгаа талаар мэдэгдлээ. 

 

УИХ-ын сонгуулийн 42-р тойрог бол Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, аймгийн төвөөс 20 гаруй км-ийн зайд орших Мөрөн сум, аймгийн төвөөс 100 км зайтай  Жаргалтхаан зэрэг сумдын нутаг юм. Нийт 21 санал авах хэсэгтэйгээр сонгуулийг зохион байгуулах юм байна.

 

Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр албан тушаалтан сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй бол сонгуулийн тов зарлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ дээд албан тушаалтандаа гаргах ёстой учраас энэ баасан гараг гэхэд УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нэр дэвших хүсэлтэй албан тушаалтнууд, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой юм.

 

 

Нөхөн сонгуулийг УИХ-аас батлаад, төсвөөс 287.6 сая төгрөг гаргаад хийчихнэ. Нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан нэг хүн УИХ-д 2020 оны сонгууль болтол суух нь ойлгомжтой. Харин өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд өөрсдийгөө төлөөлүүлэн эрхээ баталгаажуулсан Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар эрх мэдэлтнүүдээс дуугарах хүн даанч олдсонгүй. СЕХ-ны нарийн бичгийн дарга хэн нэгнийг буруутгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна.

 

Ямартаа ч сонгууль болдгоороо болох нь тодорхой боллоо. Харин Хэнтий аймгийн иргэдийн эрхийг хэн хамгаалж, тэдний дуу хоолойг бүтэн жилийн хугацаанд эрх баригчдад хүргээгүйн шалтгаан бүдгэрч үлдлээ. Ирэх баасан гараг гэхэд хэн аль намаас нэр дэвших нь тодорхой болно. Мөн энэ парламентэд 42-р тойргийн иргэдийг хэн төлөөлөх нь зургадугаар сарын 30-нд тодорно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top