Дэлхийг алмайруулсан СҮРЛЭГ БАРИЛГУУД

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Орчин цагийн инженерчлэл хурдацтай хөгжихийн хирээр тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэн, дэлхий нийтийг алмайруулж байна.

 

Дэлхийн худалдааны төв (Нью-Йорк, АНУ)

 

“Эрх чөлөөний цамхаг” нэрээр алдаршсан тус төвийг арваннэгдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны үеэр үгүй болсон Дэлхийн худалдааны төвийн дурсгалд зориулан барьжээ. 2012 онд ашиглалтад орсон тус барилга өдгөө АНУ-ын хамгийн өндөрт /360 м буюу 1776 фут/ тооцогддог. 1776 онд Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурж байжээ.

   

“Хувьсал” цамхаг (Москва, ОХУ)

 

 

250 метр өндөр тус цамхаг 2015 онд дэлхийн шилдэг барилгуудын нэгээр тодорч, Emporis Skyscraper Awards архитектурын уралдаанд хоёрдугаар байранд оржээ.  ДНК-ийн молекулын давхар мушгиа бүтцийг санагдуулам тус цамхагийн хэлбэр нь хүмүүс, гэр бүл, үе үеийн холбоог билэгддэг. Цамхагийн “Хувьсал” нэр нь үүнтэй холбоотой аж.

 

“Агора” цамхаг (Тайбэй, Тайван)

 

“Утаа залгигч” гэгддэг экологийн цэвэр энэхүү цамхаг нь бүс нутагтаа хамгийн том орон сууцны зориулалттай барилга юм. Энэ дизайнаар архитектор Винсент Каллебаут 2010 онд шагнал хүртэж байжээ. Гаднах ногоон тохижилт нь тогтвортой экологийн барилгын шинэлэг үзэл санааг илэрхийлдэг.

 

 “Лахта” төв (Санкт-Петербург, ОХУ)

 

 

462 метр өндөр энэ төв Орос төдийгүй, Европын хамгийн өндөр, дэлхийн хамгийн хойд хэсэгт байрладаг цамхаг юм. Тус төвийн суурь нь бетоноор бүрэн цутгасан хамгийн том талбай хэмээн Гинессийн дээд амжилтад бүртгэгдсэн. Цамхгийн дизайныг байгаль өөрөө гаргажээ. “Лахта” төв нь цэцэг, галын дөлийг санагдуулам хэлбэртэй.

 

“W350” цамхаг (Tокио, Япон)

 

 

“W350” цамхгийн барилгын ажлыг 2041 онд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд тэр үед дэлхийн хамгийн өндөр модон барилга болох гэнэ. Энэхүү цамхагийг байгальд хайртай хүн бүхэнд зориулж, ялангуяа хотын оршин суугчдад сэнгэнэсэн агаар, нарны гэрэл, амар, амгалан байдлыг бэлэглэхээр бүтээж байна.

 

“Эргэлдэж буй цамхаг” (Дубай, АНЭУ)

 

 

Гайхамшигт цамхагийн оршин суугчид түүний үе, давхар болгоныг эргүүлэх боломжтой бөгөөд ингэснээр тус цамхаг өдөр бүр төрхөө өөрчлөх боломжтой. Үүнээс өмнө тэнгэр баганадсан барилга барьж байгаагүй архитектор Дэвид Фишер “Цаг хугацаагаар зурагдсан, амьдралаар хэлбэржсэн, шинэ шинэ хязгаарыг нээсэн” гэж өөрийн бүтээлийн талаар ярьжээ.

 

“Гранд Лисбоа” (Макао, Хятад)

 

Гаднах байдал, дотоод заслаараа үнэхээр сүрлэг энэхүү цамхаг орчин үеийн Макаогийн стилийг илэрхийлнэ. Бразил үндэстний толгойн хэрэгслийг санагдуулам “өдний” загвар нь португальчуудын Макаод үлдээсэн ул мөрийг илтгэнэ. Зочид буудлаас дэлхий дээрх хамгийн том, дэр хэлбэртэй очир эрдэнийг харж болно.

   

Москвагийн улсын их сургууль (Москва, ОХУ)

 

 

Москвагийн улсын их сургуулийн барилга нь дэлхийн их сургуулиудын дунд хамгийн өндөрт ордог. 1755 оноос эхтэй тус сургуулийг М.Ломоносов үндэслэн байгуулжээ. Москвагийн улсын их сургуулиас нэрт эрдэмтэн, Нобелийн шагналтнууд төржээ.

 

"Биг-Бенд" (Нью-Йорк, АНУ; Төлөвлөгдөж буй)


 

Арк хэлбэртэй “Биг-Бенд” барилгын өндөр 4000 метр байх бөгөөд дэлхийн хамгийн урт барилгад өрсөлдөх бүрэн боломжтой. Гэхдээ өндрөөсөө илүү тус цамхгийн сууриас төгсгөл хоорондын зай нь дээд амжилтыг тогтоох гэнэ.


Энэхүү төслийг Иоаннис Ойконому Манхэттен дүүрэгт барилгын өндөрт тавьсан хязгаараас зайлсхийх үүднээс боловсруулжээ.

   

“Аль Нур” цамхаг (Касабланка, Морокко; Төлөвлөгдөж буй)

 

 

Энэ цамхаг Африк тивийн хамгийн өндөр барилга болох учиртай. Францын дизайнер Амеде Санталогийн бүтээсэн энэхүү загвар нь үзгийг санагдуулах бөгөөд шейх Тарек бен Ладен Африкийн ирээдүйг бичиж буйг бэлэгдэх гэнэ.

 

“Жидда” цамхаг (Жидда, Саудын Араб; Баригдаж буй)

 

 

Эл цамхагийг 2020 онд барьж дуусгахаар төлөвлөж байна. “Жидда” цамхаг нь дэлхийн хамгийн анхны нэг км өндөр барилга болох юм. Газрын хөрснөөс цухуйж буй навчсыг санагдуулам хэлбэр нь хаант улсын эдийн засаг, соёлын хөгжлийг билэгдэнэ.

   

“Хааны төв”  (Эр-Рияд, Саудын Араб)

 

 

Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог тус барилгын хөндий орон зай нь шөнийн цагаар өнгө өнгийн гэрлээр гэрэлтдэг. Буруу харсан аркын хэлбэртэй Хааны төв нь Эр-Рияд хотын эрдэнэ нь гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top