Доржийн Ариунболд: Зэгвэ гуайн шар хүүгийн багийн эрдэм

2019 оны 02 сарын 01

"50 ЧУХАЛ ХҮН" номонд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэл, хөрөг тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.

 

Нийслэлийн Хүүхэд залуучуудын газраас морин циркийн Д.Ариунболдод 2008 онд Циркийн алтан тайзнаа  СТА цол олгосон. 2018 онд “Нийслэлийн уяачдын өдөрлөг”-өөр БСШУСЯ-ны сайд Цогзолмаагийн тушаалаар “Хүндэт жуух” бичгээр шагналаа. “Улаан жуух бичгээ тэврээд гурван хундага татсан санагдах юм. Тасарчихсан байналээ. Миний эх орон намайг тоож эхэллээ гэж бодогдсон. Өөрийн мэдэлгүй хэмжээгүй их баярласан” гэв. Найзууддаа сүхдүүлсэн аятай уначих юм аа гэж хэсэгтээ шоолуулсан Ариунболд гэж хэн бэ? Жилийн дөрвөн улирлын ихэнхийг хилийн чанадад өнгөрөөдөг, Монголдоо ирэх тасалбар авсан л бол цурамхийж чаддаггүй жир биш эрийн циркийн урлаг, аялал жуулчлалын салбарт оруулсан хувь нэмэр чухлаас чухалд тооцогдох шалтгаан билээ. Морин циркийн Ариунболдыг тодотгох эл үзүүлбэрийг нь 1940-өөд онд байгуулагдсан Монголын циркт Волошин хэмээх орос циркчин 1974 онд “Монгольскый джигиты” нэрээр зааж, нутагшуулсан байдаг.


МУСТА Ариунболдын аав Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хүн. Монголчууд “Гурван аваргын нутаг” гэлцэнэ. Ээж нь Баянзүрх хайрханы өвөр бэлд төрсөн, хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын уугуул. Бага наснаасаа Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган гол, Бургалтайн гол,  Тэнүүн хангайн уул усанд хөл нүцгэн гүйж, шүүдэртэй өвсөн дунд тугал хариулж, үүр шөнөөр үнээ ивэлгэхдээ үхрийн баасанд хөлөө дулаацуулж явсных эрүүл, эртэч хүн болох эхлэл тавигджээ. Эмээдээ туслан тасагт сүү зөөнө. Талийгаач Мядагмаа эгч, эмээ хоёр нь сүү дутаахгүй очих ёстой гэхээр нь аргамжаа, довон дундуур өөрөөсөө өндөрдмөөр хоёр арвын хувинтайгаа бариад гүйчихнэ. Үүрийн дөрвөн цагт хөгшчүүл босгоход бушуухан том болоод унтахсан гэнэ. Гэтэл энэ нь ирээдүйн циркчний насны хэвшил болчихож. “Бар цагт босохгүй бол өдрийн ажил хоцорно, балчирдаа сурахгүй бол насны явдал хоцорно” гэж шавь нартаа одоо хэлдэг. 


Буурлуудын ухаан айхтар хойно долдугаар ангид орох жил нь моринд мордуулаад богцтой сүү ганзагалуулчихдаг байж. Эвгүй явбал сүү дутах тул цалгиахгүйг хичээнэ. Буянжаргал эмээ нь өмчний бор мориноосоо өөрийг ер унахгүй. Хадлангийн жил Ариунболд хүүгийн сүүнд явдаг баргийн хүн унахааргүй булгих, хатуу явдалтай хар морийг эмээ нь унаж ирчихээд “ийм хатуу морь ингэж явдаг болох гэж байдаг аа, хөөрхий” гэж сүүрс алджээ. Хөдөө очихоор аавынх нь аав, ээж, хотод ирэхээр элэнц эмээ нь хайрлаж, гараасаа салгахгүй үглэж дуулж, тоосыг нь гөвж хүн болгосныг шавь нараа дагуулаад явж байхдаа дурсан бодно. Циркийн сургууль төгсөөгүй ч циркчин болсон явдал бол Зэгвэ гуайн шар хүүг багад нь хүмүүс аль болох хадуурдаг, нохой үзэхээрээ хаа хамаагүй давхидаг морьдыг унуулж байсны ач тус юм.

 

СОЛОНГОСТ “ЧИНГИС ХААНЫ ХОТХОН” БАЙГУУЛЛАА

 

Ариунболдыг 1996 онд циркийн хаалгаар хөтөлж оруулсан хүн бол унаган багын найз нь болох Цогоо. Арванх жилд байхаасаа Үйлдвэрчний төв зөвлөлийн Соёлын Ордонд гимнастикийн секцэнд явж, морин циркийн мэргэжлийн сургууль төгссөн ганц хүн, Цогоо.


Тэд анх Солонгосын наадамд хэдэн адуу хүнээс гуйж аваад, хоёр өдөр зүгшрүүлэн шоу зохион байгуулж эхэлсэн гэдэг. Энэ үеэс нөхдийн  анхаарлыг татаж, 1988 оны олимпийн үеэр Солонгос улсын далбааг морин дээр залсан Солонгос улсын иргэн Жон Ён Ги тэднийг урьсан байна. Моринд сэтгэл зүрхээ өгсөн хүн учир Монголын морин спортынхныг соргогоор харсан болов уу. Ингээд л хүний нутагт, резинэн дугуй тойруулж байгаад усан бороонд “хаба, хаба” гээд л бэлтгэл хийгээд, тоглоод байдаг, хүмүүс ойлгохгүй, ойшоохгүй хэсэг хугацааг үдэв. Морин спортыг хүнд таниулахаар сургуулилж махрахын зэрэгцээ цалин тавих, адуу малын тэжээл бэлтгэх гээд эрсдэлтэй. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын Чежү аралын Жэмүнд 30 га-д зочид буудал, ресторан, амралтын газартай цогц морин спорт үзүүлбэрийн төв бий. Түүнийг барьж байгуулах ажлыг тэд хамтдаа эхлүүлсэн. Монгол циркчид одоо ч тэнд тоглолт үзүүлсээр байна. Хилийн чанадад морин циркийн тоглолт үзүүлэхийн тулд олон орны хүмүүстэй ярилцаж, туршин Унгарт хүртэл “Монгол парк” нэртэй цогцолбор байгуулжээ. Тайландад түүний 2006 онд худалдан авсан 12 адуу бий. 2000 хүний суудалтай, тоглолтын газар бариад тууз хайчлахад бэлэн болонгуут Тайландууд хоригложээ. Тайландын эзэн хааны найз гээд нөхөр ойрноос бараг зөвшөөрчихлөө, ирж уулз гэх болсон. Мөн Европын “Хатирч адууны холбоо”-ны тэргүүн Золтон гэх эрхмийн 80 га газрын нэг буланд тоглолтын газраа гаргаад нуур цөөрөм хийжээ.


2007 онд дэлхийн ургамлын төв гэгддэг хэсэгт, Жемүн арал орчимд 13 жижиг гэр, нэг том гэр театртай, 70-аад хүн тоглолт үздэг “Чингис хааны хотхон” байгууллаа. Монгол Улсын түүхэн ховор үзмэр, өв уламжлалын музейтэй, адуучин, малчин айл ямар байдгийг харуулсан цогцолбор анх хүний нутагт иж бүрнээр бий болсон нь “Чингис хааны хотхон”. Үүний зэрэгцээ “Энэ нөхөр яахаараа Солонгос хүнд олддоггүй газар цогцолбор барьчихав” хэмээн эгдүүцэж, “Бүгдээрээ очихоо больё” гэдэг хатгаасанд ч өртөх энүүхэнд. Солонгосын уран сайхны киноны морьдыг тоглуулдаг шавь нар нь болох Сугарын Туяацэцэг, Хүрлээ, Энхбаяр гээд залуучууд өдгөө ч ажиллаж байна. Дээхэн үед Солонгос кинонд нэг нь морь унаад, бусад нь дагаад явдаг байсан бол сүүлийн үед гол дүрийн улс бүгд морьтой тоглох болсон нь орлон тоглолтыг монгол залуус гүйцэтгэдэгтэй холбоотой аж.


2008 онд Ма парк дээр Америк, Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Монгол гэсэн долоон орноос 13 үүлдрийн адууг эмнэгээр нь, “Чингис хааны догшин хар сүлд” нэртэй тоглолт 63 хүүхдийн хамт  тавьсан нь Герман, Англи, Испанийн адуунд зориулсан сэтгүүлүүдийн нүүрэнд “Монголчууд Өмнөд солонгост хамгийн том тоглолт хийлээ” гарчигтай, Ариунболдын зурагтай нийтлэгдсэн байдаг. Түүний үеийнхэн жаргаж, зовж туршлага хуримтлуулж, явсаар зузаан зузаан ном болохуйц адал явдлыг туулжээ. Нэг адууны өртөг 22 мянган доллар байхад Америк, Австрали, Шинэ Зеландаас худалдан авч, цогц тоглолт хийнэ гэдэг чамгүй хөрөнгө, сэтгэл шаардсан ажил. Адууг Монголоос тээвэрлээд явах аргагүй учраас очсон газар бүрээсээ “морин цэргүүд” адуу худалдан авдаг.


Солонгос хамтрагч түүнтэй хамтарч байгуулсан эдлэнгээ хүүдээ хариуцуулахаар болж, нэр дээр нь шилжүүллээ. Үүнээс болж  шүрүүхэн маргалдав. Хүүгийн нэр дээр шилжихээр урьдны хамтрагчдын хоорондоо тохирсон хэлцэл, ашиг орлого хуваалтын асуудал замхарлаа гэсэн үг. Хүний нутагт яаж ч чадахгүй тэрбээр ширээг нь шаагаад “48 цагийн дотор гар” гэдэг тушаал дор хөөгдөж ирсэн гэдэг. Ингэж өөрийгөө “цээрлүүлж”, гахайчин боллоо. Морь гэдэг өндөр заяат амьтантай хувь тавилангаа холбож чадахгүй бол “муу новш минь чи гахайчин бол” гэж дотор хүндээ адарна. Бороогийн голд гахайн ферм байгуулахад Жасрайн Жамсран  тэргүүтэй хэдэн найз нь дэмжлээ. 60-аад мэгжийг гондурас гахайгаар эрлийзжүүлж, найман сарын дотор түүний шинэ технологиор 240-өөд болж үржсэн байна. Үнэргүй шинэ бактери үржүүлж, тэжээсний үр дүн ийнхүү бас нэг авьяасыг нь нээв. Дагнаад эрхлэхэд чамгүй ашиг өгөх эл бизнес түүний сэтгэлд нэг л нийцсэнгүй. Гэнэт Хятад явж үзье гэдэг шийдвэр гаргалаа.

 

ХЯТАДАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН НЬ

 

2015 оны нэг сард Хятад улсыг зорихдоо зах зээл томыг нь тооцоолж “Нэг тайз байгуулаад үхэн үхтлээ хоолоо олж идье” гэж шавь нартаа хэлээд гарлаа. 2015 ондоо Эрээнд шавь нартайгаа очиж сургууль хийгээд, тэндээсээ Альшаа, Хятадын гурван хаан төрсөн Сиан хот, Си Жин Пиний төрсөн нутаг Жинлиньд хоёр жил тоглоод юу ч олсонгүй. Ядарч зүдэрч шавь нартаа 2.895.000 юаны цалингийн өрөнд орсон ч шантарсангүй. Хятадууд “энэ нэг монгол шантраагүй шүү” гэсэн шиг ажлын санал тавьж эхлэв. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ. “Манайх ийм болзолтой, тогтмол орлого төд байх ёстой, танай нутгийн нэг ч хүнд юм зааж өгөхгүй шүү” гэх мэт шаардлагуудыг тавьж, хүлээн зөвшөөрүүлэн гэрээ хийж эхлэв.


Ариунболдын өмнө жагсаж хүмүүжсэн 1260 гаруй сурагч бий. Өдийг хүртэл ажилласан хүний нэрс, авсан цалин, ажилласан хугацааг нь алдалгүй бичиж архивлаж ирж. Цаг барьж, биесээ хайрлаж, заншлаа мэдэхэд суралцаж яваа залуус хүний нутгийн сайхныг хараад бахархах ч, аав ээжийнхээ хайранд бялуурч явснаа ухаардаг. Нэг ёсондоо нүд, оюун санаа нээгдэж байгаа хэрэг. “Үүр-Ариг” ХХК-ийн дор 5 хамтлаг бий. Нэг хамтлагт 60-70-аад хүн, нийлээд 500 орчим хүн ямар ч ядарсан хүнийг босгоод ирэх хүч дээ гэж энэ  багш омогшино. “Монгол хүмүүсийг монгол гэдгийг нь ойлгуулж ухамсарлуулж чадах юм бол юуг ч хийж чадна, миний монголчуудыг дураар нь тавиад хооллоод, гэдсийг нь цатгаад байвал юу ч хийхгүй” гэлээ.


Циркийн урлагт олонхи нь дор хаяж найман жил бэлтгэл хийсний эцэст гадаадад явдаг. Ариунболд 2008 онд Солонгост том шоу хийхдээ бүтэн жил сурагчдыг бэлтгэсэн. 300 шижигнэсэн залуу бэлтгэсний эцэст 60-ыг нь сонгосон. Тэгж бэлтгэсэн учир түүнээс салбарлаж, гараагаа эхэлсэн морин цэргийн баг дэлхийн өнцөг булан бүрт аялан тоглож явна. Тухайн үед түүнийг хатуу чанга хэмээн эсэргүүцэж байсан хүмүүс айл толгойлоод, амьдрал нь сайжраад саяхнаас баяртайгаар уулздаг болсон гэх. “Таныг загнаж байхад дургүй хүрдэгсэн, одоо бодоход яг зөв байжээ” гэж хожим ч гэлээ талархана. Түүний амьдралдаа баримталж ирсэн зарчим нь хүн гэж тоогоод ирвэл хэнд ч туслахад бэлэн.


“Жанжин”-ы 200 гаруй адуу ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд, 200 гаруй нь Альшаагийн Ниншанд бий. Түүнийг уяачид гадаадад хувийн малаа оторлочихсон овоо эр гэлцэх. Бусдаас худалдан авсан адууг циркийн “жүжигчин морь” болгох амаргүй ээ. Морин циркийн үзүүлбэрт эрт үеэс улбаалсан бүх үйл явдал, өнөөгийн амьдралыг сурталчилдаг. Аянчин, жинчин, өв соёл, гэр бараагаа хэрхэн барих вэ гэх мэтчилэн. Энэхүү үзүүлбэрүүдийг тайзнаас нэг цаг харсан хүн нутагт нь очоод үзэхсэн гэсэн сэдэл өөрийн эрхгүй төрж “заавал очино оо” гээд гар барих нь холын хол хүний үрс хөлсөө дуслуулж явааг ивээв үү гэлтэй. 3000 түүнээс дээш суудалтай өдөрт таван удаа тоглодог гэхээр ямархан хөлс хөдөлмөрөөр “Чингисийн монголчууд” гэх чимээгүй хашгарааныг харь иргэдийн зүрхэнд хоногшуулдгийг илтгэх болов уу.


Хүний нутагт морин дэл дээр ажиллаж амьдарна гэдэг чадвал гавьяа, ядвал эрсдэл. Тийм учраас боломжийн цалин авах ёстой гэж үздэг. 2015 онд “Хятад улс гэдэг маш том зах зээлийг өшиглөж онгойлголоо” гэж тэрбээр facebook-т бичсэн. “Миний нутгийнхан биесээ очиж муулсаар тоглолт үзүүлбэрийн үнэ ханш уначих вий дээ” гэсэн сануулга өгөхөө ч мартсангүй. “Монгол хүн гадаадад тоглоход багадаа 2000 доллар авах ёстой” гээд анхны хоёр түнштэйгээ тохирчихсон байтал нэхэж очсон нөхөд ханш бууруулсаар одоо 3000 юань болгочихсон гэв. Хүмүүсээ байрлуулах, адуу малаа тормойтол таргалуулахын тулд тэжээх, эдлэл хэрэгслээ байнга солих шаардлагатай. Эдлэл хэрэгслээ Хятадад хийлгүүлнэ гэсэн хамтрагчдын саналаас татгалзаж, Монголдоо хийлгэдэг нь амихандаа үндэсний үйлдвэрээ дэмжээд байгаа царай нь. Өнөөдүүл “Та заавал монголоор хийлгэнэ гэх юм, энд хийж болно, та юм бүхэнд дийлэх юм” гэхээс цаашгүй.


Ариунболдын циркчдийн хосууд нь ач зээтэй болж эхлэв. Анх Солонгост явахдаа “Хоорондоо дурлаж тоглохгүй, үерхэхгүй, эмэгтэйчүүдийн коридороор явбал торгоно” гээд их хатуу эхэлж. Гэвч хүүхдүүд нь нас биед хүрч эн түрүүнд Энхтөгс, Энхчингис гээд хоёр хүүхдийг морин циркээс ижилдсэн хос төрүүлэв. Өдгөө зургаан ач зээтэй өнөр өтгөн болжээ. Тийм учраас нэн түрүүнд хүүхдийн цэцэрлэг байгуулъя гэдэг зорилго тавьсан байна. Монгол сэтгэлгээтэй, дэлхийн хүний хөгжлөөс хоцрогдохооргүй мэдлэгтэй багш нарыг сонгон шалгаруулаад, цаашид сургууль болгохоос өөр аргагүй хэмээв. Мөн шинэ төрсөн хүүхэд бүрт сар бүр 100 юань өгдөг уламжлал тогтжээ. Бас  дэвэн дэлхийг тойрсны хэрэг юу билээ морины спортод дэлхийн аварга төрүүлчих юмсан гэсэн хүсэл өвөртөлдөг, үүнийг ойрхон сонсоно гэлээ.  Хятадад тоглолтын тайз бэлтгэхдээ Ариунболд гэх “даварсан” нөхөр өндөр хэрмэнд тулгасан таван А зэрэглэлийн газарт уригдаж, газрын байдлыг судлан явж явж “Энд тайз байна” гээд хийлгэсэн байгаа юм. Өдөртөө 100 мянган үзэгч ирдэг талбайд монголчууд ур чадварыг бишрүүлж, монгол гэрээ хэдхэн секундэд барьж явна. Урлагаа экспортолж яваа гэхэд газар дээрээс нь очиж түүхий эдийг нь аваад, улсдаа жилдээ дөрвөөс найман тэрбум төгрөг цалингаараа оруулдаг.

 

ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭВТРҮҮЛГИЙН БАГТ АЖИЛЛАВ

 

“Монголчууд манийгаа ийм цартай ажилладгийг мэдэхгүй. Зүгээр л нэг чоно сургадаг, хааяа шонхор тоглуулдаг гэж боддог байх. Яруу найрагч Лхагвасүрэн гуай айхтар хүн шүү. Урд хөгшинтэйгөө гүйж явахдаа надтай таарсан. “Хөөе Лхагва ах, хаа хүрч яваа юм. Би хүргэж өгье” гээд л машин тэрэгтэй том амьтан даналзтал:


-Хүүе сайн уу, ажил төрөл тавлаг уу. За, за дараа уулзъя, миний дүү. Шинэ гутал аваад өмсчихсөн, сайн яваа юм байна гээд яваад өгсөн. Хүн бол уурлана, би шууд ойлгосон. Гутал муут гурвын цаана гэдэг дээ. Тэгж хэлчихээд яваад өгөхөд шавь нар таныг юу гээд байгаа юм гээд ундууцах маягтай. Шавь нартаа “Миний хүүхдүүд ном сайн унш. Хүний нутагт шинэ гуталтай, чи хүчтэй явна аа” гэсэн үг гэдгийг тайлбарлалаа. Лхагвасүрэн гуай гэснээс “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр Энхбаяр даргын нэвтрүүлгийг хийхэд Баатар надад “Солонгост очиж хийхгүй бол Энхбаяр дарга ирэхгүй нь, монголчуудад гомдчихож” гэлээ. Солонгос дахь тайз заслыг би хариуцаж хийлгэсэн. Энхбаяр дарга “Монголчууд намайг үзэн ядахгүй байна уу. Нээрэн би нэвтрүүлэгт орох юм уу?” гээд байгаа юм. Далайн эрэг дээр цахлай хараад суухад яг дэргэд нь сууж байсан. Хуурай ах дээрээ очиж хурлын заалыг нь чөлөөлүүлээд долоон өдөр зураг авалт хийлгэж билээ. Гэргий Цолмонтой нь хүргэж өгөхдөө сэтгэлийг нь тайтгаруулах гэж бурханд очиж сүсэглэсэн. Улсын хаан шиг байсан хүнийг гутранги харах эвгүй юм билээ гэв. Та чинь бараг Монгол тулгатанд орохоор хүн юм биш үү гэж намайг гайхахад бидний яриа хэсэг далийж, тэрбээр эл үйл явдлын тухай хүүрнэсэн юм. Ёстой л хүн гэж тоогоод ирвэл хэнд ч туслахад бэлэн хүн юм.


Монголдоо уран бүтээл туурвиж буй хүмүүсийг наад зах нь зохиолын дуучдыг хүмүүс андахгүй. Гэтэл цирк гэгч хүнд урлагаар дамжуулан эх орноо сурталчилж яваа хүмүүст төр засаг нь анхаарал хандуулдаг эсэхийг түүнээс лавлахад сэтгэл дундуур байв. Бүх цаг үеийн Ерөнхийлөгч нар хүний нутагт тоглож явахад нь таарчээ. Босож зогсоод, нулимс дуслуулж үзээд, нутагтаа ирэхэд чинь чамайг улаан хивсэн дээгүүр алхуулна, үлээвэр хөгжимтэй хүлээж авна гэдэг гэнэ. Мөн л хашир зангаараа “Намчирхаж манийгаа өмчлөөд, манай сайдын гээд унавал яах вэ” хэмээн төвөгшөөнө.

 

ЧОНО ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ

 

Солонгосоос тэрбээр тэсч тэвчихгүй хөөгдсөн бол Хятад улсын зах зээл рүү олон хүний хувь тавиланг хамтдаа үүрэлцээд орохдоо хэрхэн давж гарах логикоо чононоос олсон гэдэг. Чоно гээч хүчирхэг араатан хүн үүрэнд нь ирээд бэлтрэгнүүдийг нь суйлаад, үр төлийг нь алж хядахад бүх процессийг хараад хэвтэж л байдаг хүлцэнгүй зан нь “чоно” Ариукад нэгийг бодогдуулав. Чоно бол өөрөө л амьд бөгөөд эрүүл үлдэх ёстой. Эсэргүүцэх ямар ч боломжгүй. Дараа нь үе шаттайгаар тэнд оролцсон нүгэлт этгээдүүдээс хариугаа авдаг.


Кино үйлдвэрийн Жумдаан найруулагч нэг өдөр түүнтэй уулзлаа. Францууд хоёр жилийн өмнөөс Хөвсгөлийн тайгын тухай кино хийх гээд төсөл хэрэгжүүлээд явж байгаа юм. Баян-Өлгийд анчин өвгөнтэй танилцаад зургаа авахаар явж байтал өвгөн нас барчихлаа. Чононууд нэг настай чи тэдэнтэй “ажиллаад” өгөөч гэлээ. “Би баавгайтай ажиллаж үзсэн, чоно чинь эзнээ барьдаг юм гэсэн, нэг настай чоно бүр аюултай” гэтэл “Тусал л даа, бодоод үзээч” гэж шалгаав. Найз нартаа хэлсэн чинь “Хоншоортой юмаа, ижил тэнгэртэйдээ харагддаг шүү дээ, үзээд алдаач” гэжээ. Ер нь тэрбээр аливаа асуудлыг найз нөхөдтэйгөө байнга зөвлөлддөг бололтой юм. Зургаан баавгайтай үзээд болоод л байсан, хоёрын хоёр чоно гэрт ирэхээр яригдаж байхад гэх бодол зурсхийв. Эхнэр хүүхдээсээ нууж, аавынхаа хашаанд аваачихаар шийдэв. “Та хоолыг нь өгөөд харж бай, гурван сар ноцолдоход болох байх” гэв. СУИС-ын уртын дуулаачийн ангид улирамтгай нэг оюутан сурч асан нь Ариунболд. Хичээл дээрээ сууж байтал утас нь дуугарч “Хоёр чоно чинь ирлээ, чоноо ав” гэж байна. Багшаасаа чөлөө аваад гүйчихлээ.  Нэгдүгээр хороололд Баян-Өлгийн дугаартай пурган зогсож байна. Цонхоор нь шагайтал ард талд нь гэрийн шалаар хайс шиг юм хийгээд хоёр чоноо хашчихаж. Нэг нь эр, нөгөө нь эм, эм нь жаахан аядуу зөөлөн бололтой, хүзүүнээс нь даавуу уячихаж. Хаалгыг нь онгойлгож тороо шургуулаад, хярж хэвтээ эмэгчин дээрээс дэгээдээд ухасхийнгүүт нь татаж оруулаад цоожилчихлоо. Эрийг нь хийх гэтэл толгой дээгүүр нь харайгаад, хүмүүс “чоно суларлаа” гэж орилолдов. Хашаанаас гаргалгүй арайхийн барилаа. Баян-Өлгийгөөс гурав дөрөв хоног яваад баас шээстэйгээ холилдчихсон өмхий чоныг ингэж аавынхаа хашаанд авчрав.


Ер нь адуу, баавгай, чоно, нохой, шонхор, бүргэд гээд сургаж үзээгүй амьтангүй болов. Зунжин француудтай Хөвсгөл аймгийн Улаан-Уулд зураг авалтанд явав. Кино зураг авалт дуусах алдад Франц найруулагч “Хүсэлт байгаа шүү, Ариука” гэх нь бэргэсэн янзтай. Гэтэл хамгийн сүүлчийн план дээр зургаан бэлтрэг дагуулсан чоныг бүгдийг нь тавиад мод руу орж байгаа зураг авъя гэлээ. Нутгийн ард түмэн тойроод зогсчихсон эсэргүүцэл үзүүлж байна. Бид хангайн чоноо яая гэж байхад та нар санаатайгаар араатан тавих гэлээ гээд бөөн хэл ам.


Кино багийн хувьд төгсгөлийг нь гоё хийхгүй бол хайран санагдана. Франц найруулагч “Ариука чи ой хамгаалагчтай уулз” гэж байна. “Ах аа, би амьтан сургагч ухаантай юм аа. Энд миний дүр байхгүй, танай нутгийн энэ сайхан үзэсгэлэнт уул ус, Пүрэвжав гуайн тухай гарна, дэлхийд таниулна. Үүнийг амь оруулахын тулд чоноо ойд тавьж тоглуулаад эргээгээд ачаад явна” гэтэл “За маргааш тэгвэл захиргааны үүдэнд чоно, бэлтрэгээ тоолоод 11 цагаас цуглана шүү. Дутвал та нар мөнгө төлөөрэй” гэж байна. “Тэгье” гэдэг том амлалт авлаа. Нэг л бэлтрэг дутуу бол тэр ширэнгэн ой, хөвч хангайгаас олох үгүй нь мэдэгдэхгүй эрсдэлтэй алхам сонгов. Тийм тохиолдолд нутгийн иргэд эрж хайна, тэрхүү зардал бүрийг даана гэсэн тохиролцоо бол ёстой л аз эз сорьсон явдал. Зураг авч дуусаад, багийнхан тэврэлдээд, “бид чадсан” гэж орилолдох мөчид Ариунболдын чоноо эргүүлж барих ажил эхлэв. Тороо үүрээд уул өөд өгссөөр явтал бараг үүр цайлаа. Анх машинаас буулгасан газраа дөхөөд очтол ирийсэн ногоон гэрэл өөдөөс нь асч байна. “Баатар, баатар” гээд гүйгээд очтол хүрээд ирлээ. Аманд нь нэг хонины хаа зуулгатал өлссөн араатан гүдхийтэл хоёр залгичихав. “Барь, барь, аваад ир” гэнгүүт бэлтрэгүүдээ загнаад, бага байхад нь толгойноос нь үмхдэг байсан бол, багалзуураас нь зуугаад авчрахад бушуухан торлоод тоолоод үзсэн бүгд бүрэн. Эзгүй хээр хэдэн чононы дунд “би амьтантай ойлголцож чаддаг юм байна” гэж бодогдоход нулимсаа барьж дийлсэнгүй. Буцаад очиход сумын төвийнхөн хэрэгт дурлаад цуглачихсан, кино зургийнхан бөөн баяр болж орилолдоод, ой хамгаалагч “За, дүү хүү чи ч овоо эр хүн юм даа. Ах нь монгол хүний хувьд чамаар бахархаж байна” гээд чанга тэвэрлээ. Тэр “Үргээлэг-1” кинонд тоглуулаад ууланд тавьсан хамгийн хайртай чоно Баатартаа найдсан гэдэг. Баатарыгаа гаршуулж тэжээчихээд, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайгаас 14 бэлтрэг авчраад хариуцуулж, тараад явахаар нь цуглуулдаг, өлсөхөөр нь дохио өгч, Баатар бусдыгаа дуудах зэргээр асрагчийн үүрэг гүйцэтгэж байж. Сүүлд бэлтрэгнүүд том чоно болсон ч Баатар нэг л архирахад нам.


1993 онд тэрбээр циркийн морь сургах ажлаар нэг зун Тэрэлжийн эхэнд зусахдаа Улсын анчин Цэдэн-Иш гуайтай амьтны тухай хэлэлцсэн аж. Жүжигчин Сүххуягийг чонотой тоглуулсан хашир андгай түүнд “Хүү минь чи амьтантай ажилладаг, хожмын өдөр чонотой ажиллаж магадгүй, тэгвэл эм чоныг л үй зайгүй дотно байлгаарай, эм чоно бүгдийг удирддаг шүү” гэж сургасан гэнэ.


Амьтан хүний араншин аль алин нь сонин гэдгийг мэдэв. Мөн хүний нутагт чи дээрэлхүүлж болно, тэвчсэний дараа юу болдгийг үз гэх ухаан суув. Хятадын сайтууд руу ороод харвал Ариунболдын морин циркийн мэдээлэл хэдэн янзаараа. Жилийн өмнөхөн “Чи хий, бид харъя” гэж басаж байсан хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдөв. Наад зах нь морь шинжээд худалдаж авахад нь Өвөрмонголчууд “Ар монгол гэхээр ийм ухаантай байдаг юм байх даа” гээд эг маггүй хөхөрч байсан бол яг жилийн дараа дөрвөн мориныхоо нэгийг түрүүлүүлж, нэгийг тавд, нэгийг дөрөвд, нэгийг долоод оруулахад толгой сэгсрэх жишээтэй. Моринд нүдтэй монгол эр хүн “Ам нээвэл уушиг нээ гэж надаас даруу зан гарахгүй, энэнээс илүү онгироо зан гарахгүй. Байгаа нь л энэ” гэснээр бидний хөөрөлдөөн өндөрлөв.

 

УРТЫН ДУУ Ч ДУУЛНА, УРАН БҮТЭЭЛ Ч ТУУРВИНА

 

СУИС-ыг төгсөх гэж хэсэг дуншсан Ариунболд морины тухай есөн дуу зохиосон. Үг, ая зохиож, клипээ өөрөө найруулна. “Чандаган буурал морь” дуу нь /2000 он/ клиптэй. Хүний онгодтой, хийморьтой үе гэж заавал байдаг юм байна гэв.


“Салхин Халтар” /Улсын наадамд айрагдсан Чинбатын Махбалын Салхин Халтар азарганд зориулсан дуу/

Салхин халтарын давхианд нь

Санаа бодол минь цалгихиймаа

Сайхан монгол наадамд нь

Сэтгэл бадрааж айрагдахиймаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Долгорын Ганбатын халзан морь улсад дөрвөн удаа түрүүлээд, нэгийг нь тооцоогүй. Монгол улсын “Дархан түмэн эх” гээд төрийн цолтой моринд “Спирт бал бурам”-ын Баярхүү хөшөө босгож, хэсэг нөхөд наадмыг нь зохион байгуулахад Ариунболд дуугаар мялаасан гэдэг. Дөрвөн удаа түрүүлээд нэгийг нь тооцоогүй юм шүү дээ гэж дуу хийж болохгүй тул ардын дуу маягтай, халамцуу өвгөчүүл ярьж буй мэтээр зохиожээ:

 

“Дархан түмний эх”  /Монгол Улсын Манлай уяач Долгорын Ганбаатарын халзан моринд  зориулсан дуу 2013 он/

ҮГ АЯ. Доржийн Ариунболд

Дархан, дархан, дархаан

Дархан түмний эх минь ээ

Даяар цэнгэлийн наадамд нь

Даамай хурдан хүлэг минь уу зэ

Ган туурай нь хэтийн цахиур юмсан даа

Галбир бие нь баатрын хүлэг юм шүү дээ

Түүхэнд мөнхөрч төрийн хүлгээр цоллуулаад

Түмний сэтгэлд уярлын нулимс болсиймаа гэжээ.

Чандган буурал морь

Чандган буурал морь минь ээ

Чадал заан түрүүлнэ дээ хө

Чингис өвгийн дайчин эрсийн

Чийрэг моридын улбаа яа хө

Чингис өвгийн дайчин эрсийн

Чийрэг моридын улбаа яа хө

Салхи сөрсөн хийморонд чинь хө

Сайхан аав минь мэлмэрсэн юмаа хө

Сангийн утаан тоосонд нь хө

Саяар түмэн цэнгэсэн юмаа хө

Алиа буурал морь минь дэ хө

Алтан дарийн унага даа

Андын сэтгэл билэг оршсон

Алтан туурайт буян шүү дэ хө

Хуйрнан эргээд хурдалхад хө

Хөндийн тоос угалзрана да хө

Хүүгээ хүлээх ээжид нь яарах шиг

Хүлэг моридыг магнайлсан юмаа хө

Сангийн утаан тоосонд нь хө

Саяар түмэн цэнгэсэн юм аа хө

 

Ярилцсан:Н.Энхцэцэг

"50 ЧУХАЛ ХҮН" ном


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уламбаясах(66.181.161.77) 2020 оны 04 сарын 30

минии ангиин хоер найз сайн байна уу ажил нь сайн байгаад баяр хүргэе

1  |  0
Tuya(64.119.16.223) 2020 оны 04 сарын 13

Zambaraagui zaljee tuuhiig medeh hun olon shu de bi bish bid gedeg setgelgeetei boloh heregtei de amidral boginhon

0  |  1
цэнгүүн(66.181.161.62) 2020 оны 03 сарын 24

bayrlaj ywdag shv bagshaa ervvl enhiig hvsie

2  |  0
Top