Н.Сүхбаатар: Цагаан сараар дуу дуулж, НАЙР ҮҮСГЭДЭГГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

МУБИС-ийн дэд профессор, Түүхийн ухааны доктор Н.Сүхбаатар цагаан сарын ёс заншил, хөгжлийн талаар манай сайтад өмнө нь /2019.01.28/ өгсөн ярилцлагыг дахин нийтэлж байна. 


-Монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн цагаан сарын соёл, уламжлал орчин үед хэр зэрэг өөрчлөгдөж байна вэ?

-Цагаан сарын баярын уламжлалт соёлд гадны нөлөө их орж ирсэн. Социалист нийгмийн үед Зөвлөлт Оросоор дамжиж Европын соёлын нөлөө их орсон. Одоо бид өвөл, хаврын заагт хоёр том баяр тэмдэглэж байна. Шинэ жилийн баяр, цагаан сарын баяр. Зарим жил ойрхон тохиох үед хүмүүс уур уцаартай хүлээж авах болсон. Төрийн зүгээс шинэ жилийн баярыг тэмдэглэх асуудал дээр ямар нэг зохицуулалт хийхгүй, хориг тавихгүй, хүмүүсийн өөрсдийнх нь дурын асуудал хэмээн хаядгаас болж зарим нэг нь чирэгдээд бухимдалтай байдаг бололтой. Залуу үе маань ингэж хийх ёстой юм байна гэсэн ойлголттой, бас зарим хүмүүс учрыг нь ч ойлгохгүй байна. Миний хувьд шинэ жилийн баяр буюу он солигдох үеийн баярыг хамт олны, байгууллагын, найз нөхдийн баяр гэж ойлгодог. Билгийн тооллын шинэ жил эхэлж буй Цагаан сарын баярыг овог удмын, ахан дүүсийн баяр гэж үздэг. Яагаад бид энэ хоёр баярыг адил түвшинд тэмдэглэх болов гэхээр, 1952 онд Х.Чойбалсан гуай битүүний өдөр нас барсан. Тэгээд маргааш нь шинийн нэгний өдрийг гашуудлын өдөр болгон зарласан. Дараа жил нь нас барсны 1 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэх болсон учир цагаан сарыг үндсэнд нь хорьсон юм. Ингээд 1960 он хүртэл цагаан сарыг ёслон хийсэнгүй. Ингээд 1960 онд сэргээхдээ нэгдэлжих хөдөлгөөн дууссан, малчдын малыг сүүлдээ хүчээр нийгэмчилсэн, бухимдаж цөхөрсөн малчин ардуудын сэтгэл санааг нь засах зорилгоор малчдын баяр болгон сэргээсэн юм. Хот суурин, аймаг сумын төвийнхэн 1960-1980-аад оны төгсгөл хүртэл шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-нд хийдэг болсон. Харин хөдөө бригадын малчид “Малчдын баяр” нэртэйгээр цагаан сарын шинийн 1-нд энэ баярыг тэмдэглэдэг байсан. Цагаан сарыг 30 шахам жил хориглосон явдал уламжлалт цагаан сараа ёслон тэмдэглэх соёлд ихээхэн өөрчлөлт авчирсан. Шинэ жилийг тэмдэглэдэг Европын соёл Монголд орж ирсэн нь цагаан сарын ёс ёслол, уламжлалд нөлөөлж, анхны уугуул байдлаасаа гажих, өөрчлөгдөх нэг нөхцөл болсон.  Ер нь ХХ зууны туршид ганцхан манай монгол төдийгүй дэлхийд тархсан монголчуудын уламжлалт соёлд сөрөг нөлөө үзүүлсэн хувьсгал, өөрчлөлт их болж өнгөрчээ. Оросын Халимаг, Буриад, Тува, Хятадын Шинжаан, Хөхнуур, Өвөр монголчуудын цагаан сарын соёлд өөрчлөлт гарчээ. Гэхдээ үндсэн агуулга нь хэвээр байгаа ч зарим зүйлс бүдгэрч, шинээр баяжиж иржээ. Үүнээс үүдэлтэй хүмүүсийн дунд цагаан сарыг янз бүрээр тайлбарлах, ёс уламжлалыг зөрчих, солих, элдэв зүйлээр орлуулах хандлага газар авчээ. Бас толгой эргүүлсэн ёс ёслол ч гарч ирж тогтож байх шиг ээ.

-Сар шинийн баяр хэлбэрийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

-Цаг үеэ ч дагаж өөрчлөгдөж байгаа зүйлс олон байна. Хот суурин газарт хүмүүсийн ихэнх нь суурьшиж амьдарч байгаатай холбоотой байх. Зарим хүмүүс “Дээр үед бэлэг ингэж өгдөггүй байсан. Цагаан сараар дарамтгүй байсан” гэж яриад байдаг. Тийм биш юм. Цагаан сард хүн болгон бэлтгэх ёстой. Ирж золгосон, зочилсон хүнд хувь хишиг, бэлэг сэлт өгөх ёстой. Тэгж ч ирсэн уламжлалтай. Зочдод идээ, шүүсээ барина. Өнөөдөр бидний амьдралын хурд их, олон баяр цэнгэлтэй, “хүрч ядсан” байдалтай байгаагаас ийм яриа гараад байна. Ялангуяа суурин газрын хүмүүсийн хувьд. Монголчууд эртнээс нааш өвлийн идэш хийж, хүнсээ нөөцлөхдөө л ууцны хонь гаргаж, мах шүүсээ бэлддэг. Цагаан идээ, ундаагаа эртнээс үүцэлдэг байсан. Цагаан сар болохоор тэр бэлтгэсэн цагаан идээ, мах шүүсээ гаргаж ирээд хэрэглэнэ. Гэтэл суурин газрынхан сар шинийн өмнөхөн бүх бэлтгэлээ хийхээр дайрдаг нь гэнэтийн хүндрэл бий болгодог. Тэгээд цагаан сарыг үзэн ядах, үгүйсгэх, маш дарамттай мэтээр ойлгох зүйл ажиглагдаж байна. “Цагаан сар боллоо. Одоо яанаа” гэж хүлээж авдаг. Эртнээс уламжлагдаж ирсэн Цагаан сарын ёслолыг ингэж учир утгыг нь алдагдуулж хүлээж авдаг ойлголтоо хүн бүр дор дороо тунгааж, дарамт гэж хүлээж авдгаа болих хэрэгтэй. Өвөг дээдэс, эцэг эхээс уламжлагдаж ирсэн энэ сайхан уламжлалыг дагаж, сар шинээ тэмдэглэх ёстой. Харин өргөн хүрээтэй, элбэг баян хийх эсэх нь дараагийн асуудал юм.

-Цагаан сарын бэлэгдэл, утга учрыг түүхч хүний хувьд хэрхэн авч үздэг вэ?

-Цагаан сар бол хуучин жилийг үдэж, шинэ жилийг угтаж байгаа баяр юм. Энэ нь хүн болгонд хамаатай, нас нэмж байгаа баяр. ХХ зууны эхэн үед Монголд ирсэн гадны судлаачдын тэмдэглэлд “Монголчууд төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Бөөнөөрөө нэг өдөр тэмдэглэдэг” гэж хүртэл бичсэн байдаг. Тэр нь цагаан сарын шинийн нэгэн. Нас нэмсний баяр. Нас нэмж авнаа гэдэг бол маш их баяр бахдал, хорвоо дэлхийд хүн болж ирсэн зорилгоо биелүүлж байгаа хэрэг. Хүн болоод насаа нэмээд, буян хишиг хураагаад, үр удмаа үлдээх шиг жаргал хаана байна? Хүн болсны үндсэн зорилго шүү дээ. Тиймээс нас нэмэхэд хүн болгон баярлах ёстой. Хоёрдугаарт, амьд мэнд жил угтаж байгаагийн баяр. Он жилийг үдэж, шинэ оныг амьд мэнд угтаж байна гэдэг бол аз жаргал. Цагаан сарын мэнд, мэндчилгээний үгийг санаарай, “Амар мэнд байна уу” гээд эхэлдэг шүү дээ. Гуравдугаарт, Монголчууд хатуу хахир өвлийг даван туулж байгаа баяр юм. Эрт дээр үеэс монголчуудын хувьд өвлийн улирал маш хүнд тусдаг байсан байна. Цастай хахир хүйтэн, зутруу, идэш хоол олдохгүй  улирлыг эрүүл саруул давж мал сүргээ амьд мэнд авч гарсны баяр юм. Хуучин оноо үдэж, шинэ он угтахаас илүүтэй амьд мэнд байгаа нь баярын дээд. Өвлийг даваад хаврын эхэн сарын шинийн 1 ирэхэд маш их хорио цээрүүд тавигддаг. Өвлийн эхэн сарын 25-наас эхэлдэг ан гөрөөсийн амь тэвчих өдрүүд дуусч байна. Үхэр сар буюу лус ичдэг сард багтаж ургаа нойтон модыг ахуйн хэрэгцээндээ зориулж бэлдэх, цас мөс чавчих зэрэг их ажлын ард гарч байна. Цагаан сард бэлдэж оёх шидэх, арчиж цэвэрлэх, өр ширээ барагдуулах зэрэг зав завдалгүй нүсэр ажил дуусч ажил амьдралын шинэ эхлэл тавигдаж байгаа баяр.

-Цагаан сарын баярыг овог удмын, ахан дүүсийн баяр гэлээ. Та энэ талаар жаахан тодруулахгүй юу? 

-Цагаан сар бол овог удмынхны баяр. Нэг нэгэнтэйгээ уулзаж, учирдаг гол баяр. Маш хол байгаа нагацдаа, авгадаа очоод золгож байгаа залуучууд олон таардаг. Тийм залуусыг харахаар надад сайхан сэтгэгдэл төрж байдаг. Би их баярладаг. Тэгээд амар мэндийг нь асууж, учран золгоод, байр байдлыг нь мэдээд, ядарсан бол ядарсныг нь мэдээд, баяжиж өнөржсөн бол түүнийг нь харж мэдэрдэг. Үр хүүхдүүд нь хэр өсч байна, ажил амьдрал нь ямар байна гэж үзэж хардаг. Хэнийх хэдэн хүүхэдтэй болсон, хаанаас бэр гуйх гэж байгаа гэхчлэн овог аймаг дотроо нарийн нандин зүйлээ ярилцдаг ёстой. Овог дотроо асар их мэдээлэл солилцож байна шүү дээ. Ингээд өргөн утгаар нь харвал цагаан сар бол ах дүү, хамаатан саднаараа цугладаг, амар мэндээ мэдэлцдэг, ариун холбоогоо бэхжүүлдэг сайхан баяр юм. Төр улс гэдэг бол айл өрх, овог удмын хэлхээн дээр тогтож ирсэн. Овог удмаараа ариун ёс журамтай, өтгөс буурай, нялхсаа асарч энэрч байвал төр улсад маань хэрэгтэй. Сүүлийн үед байгууллага, нэг хамт олон ахмадуудынхаа амар мэндийг асууна, сурагчид багшийнхаа амар мэндийг асууна гэх мэтээр олуулаа сүрэглэн айлчлах хандлага их болжээ. Уг нь төрийн бодлогоор багшаа хүндлэх өдөр, ахмадаа хүндлэх өдөр гээд гаргаад өгчихсөн байгаа шүү дээ. Бас нэгэн буруу зүйл энд тэнд ажиглагддаг. Цагаан сарын үед дуу дуулж, найр үүсгэдэггүй гэдэг.

-Ууцыг айл бүр тавих ёстой байдаг уу?  

-Хуучин бол ууцыг айл бүр тавьдаггүй байсан. Ууц тавих нь утга учиртай. Нас жил, нийгэмд эзлэх байр суурь, намба төрхөөс шалтгаалаад тавьдаг. Хонины махыг гурав хуваадаг. Хэвтэр мах, мөч мах, нуруу мах гэж гурав хуваана. Нуруу мах бол хүндтэй хүний хоол. Ихэс дээдэс, хүндтэй хүндээ барьдаг хоол. Хэвтэр мах гэдэг нь өвчүү, эрүү, шийр гээд доошоо харсан мах байх нь. Монголчуудын уламжлалт ёсонд бол ач, гучаа үзсэн хүн ууцыг тавьдаг. Ер нь хүн ач, гучаа үзнэ гэдэг бол эрт цагийн ойлголтоор дайн байлдаан, өвчин зовлонг гатлаад ирсэн хүн гэсэн үг. Эрт үед 50-60 нас өндөр насанд тооцогдоно шүү. Ач, гучаа үзнэ гэдэг бол амны хишигтээд тооцогдоно. Тэгэхээр ууц тавих хэмжээнд очно гэдэг бол овог аймагтаа их нөлөөтэй, ач зээ, үр хүүхдүүдийнхээ өмнө их үүрэг хүлээсэн хүнийг хэлдэг. Ийм хүнийг ихэс, дээдэс гээд байгаа юм. Түүнээс заавал төрийн хүмүүсийг ихэс дээдэс гэж нэрлэдэггүй. Айл аймаг, овог удмынхан дотроо хамгийн хүндтэй хүндээ зориулж ууцыг тавьдаг. Түүнээс биш гэрийн эзэн өөртөө ууц тавиад байгаа юм биш. Тэр ураг удмынхан насан өндөр хүн, овог ургийн ахлаачид зориулж ууц тавьж байгаа юм. Тиймээс залуу гэр бүлүүд заавал ууц тавих шаардлагагүй.

-Сүүлийн үед Цагаан сараар айлууд өвчүү тавьдаг болсон байна?

-Өвчүү мах нь хэвтэр маханд ордог. Нуруу, мөч, хэвтэр гэж хувааж байгаа болохоос муу мах гэж ялгаж үзэхгүй. Өвчүүг сар шинийн ширээн дээрээ тавьж байгаа нь залуу байгаагаа илтгэж байна гэсэн үг юм. Өвчүү тавьж байгаа нь тэр хүн дээрээ дээдэстэй, эсвэл эцэг эх нь амьд байгааг зааж байгаа хэрэг. Баруун монгол, Өвөр монголчууд өвчүүг бэр, хүргэний хоол гэж үздэг. Бэрлэж, хүргэлж ирэхэд зоог болгон өгч байна. Бэр, хүргэний зоогт орж байна гэдэг нь хүндтэй хоолонд тооцогдоно. Үхрийн өвчүү, хонины өвчүүг айлууд тавьж байна. Энэ нь тэр айл ураг удам дотроо дунд зэргийн эрэмбэтэй байгаа гэдгээ л үзүүлж байна. Ер нь мөч махыг ч сар шинээр идээ шүүсэндээ тавьж болно.

-Тавгийн идээг хэвийн боовоор олон давхар өрдөг. Гэтэл зарим айлууд ааруул, цагаан идээгээр засч байна?

-Сар шинийн тавгийн идээ засах нь ч дэг жаягтай. Хэвийн боовыг олон давхар засах бол гаднаас авсан соёл шүү дээ. Бид өмнө нь гурилыг тэр бүр өргөн хэрэглэдэггүй байсан ард түмэн. Боовыг олон үе давхарлаж, идээ засдаг ёс XIX зууны төгсгөлөөс эхлээд өнөөдөр дээд цэгтээ хүртэл хөгжиж байна. Бурхны өмнө тавьдаг, тахилд ордог болсон гурил маань явсаар байж хүндэтгэлийн ширээнд голлох байр суурьтай болж ирсэн. ХХ зууны эхэн үеийн Хүрээний хятад худалдаачдын боовны бизнес шашин шүтлэг, хүндэтгэлийн идээ шүүсэнд ортол хөөрөгдөн сурталчилсны үр дүнд олон давхарласан идээ үүсч, одоо манай ёслол хүндэтгэлийн соёлд байр сууриа эзэлсэн. Гэхдээ бид өнөөдөр хэрэглэж заншсан энэ соёлоо зөв, сайхан авч явах хэрэгтэй. Түүнээс биш тэдэн үеэр засах нь ийм, тийм бэлэгдэлтэй гээд худал, байхгүй зүйл яриад хэвийн боовоор өндөр идээ засаад байх нь буруу байх аа.

-Зарим айл идээ шүүсээ бүр өвөрмөц байдлаар засдаг болжээ? 

-Орчин үед загас, нугасаар хүртэл шүүс тавьж байна. Энэ бол бусдын соёлыг даган дуурайх, өвөг дээдэс, овог удмынханыхаа уламжлалыг мартсаны шинж гэж ойлгож болно. Гэр бүл, удам судар доторх хэдэн үеэр дамжиж ирсэн уламжлал бий. Гэтэл тэр уламжлалын дархлаа нь суларсан айлд гадны соёл нутагших, орж ирэх нь ердийн асуудал шүү дээ.

-Цагаан сараар заавал нэгэндээ бэлэг өгөх, солилцох ёстой байдаг уу?

-Бэлэг бол сэтгэлийн илэрхийлэл. “Манай нагацын хүү байгаа юм” гээд эртнээс зориулаад бэлэг бэлдчихсэн байдаг. Энэ бол сэтгэлийн илэрхийлэл юм. Дээр хэлсэн дээ, цагаан сар гээд хавтгайдаа айлчин хийгээд ирэхээр бэлэгний асуудал дарамт болдог, юу ч хамаагүй нэг нэгэндээ өгдөг дүр байдалд шилжээд байна. Гэтэл бэлэг бол сэтгэлийн илэрхийлэл. Бэлэг хүртээх, хүртэх нь сайхан. Эрт үед хонь хурга, ан амьтны элдсэн арьсыг дотор талыг гадагш харуулан барьдаг байв. Цагаан сарыг бэлэгдэж цагаан юм өгч буй нь тэр юм. Элдсэн арьс маань цагаан өнгөтэй байдаг шүү дээ. Тэр үед бэлэг өгч авахдаа гарын хоёр шуу дамнуулан өгч байв. Одоо ч бидэнд бэлгийг 2 гараараа өгч, авдаг шүү дээ. Дараа нь самбай, торго дурдан, алчуур бэлэг болж хувирсаар өнөө цагт ирсэн юм. Бэлэг өгч авах дээр анхаарах зүйл байна. Настай хүнээс бэлгийг очиж авдаг. Настай хүн нь сууж байж бэлгийг өгнө, авна. Бэлэг гэдэг бол сэтгэл шингэсэн хүнд зүйл. Бэлэг үнэтэй, үнэгүйдээ биш утга учир дагуулсан байх хэрэгтэй болов уу. Мөнгө, төгрөг бэлгэнд өгдөг болсон байна. Энэ болж байна. Төгрөгийг ганц мөнгө гэж харж болохгүй. Монгол үндэстний төр ёсны бүх бэлэгдэл төгрөг дээр шингэсэн байгаа. Та гаргаад үзээрэй. Мөнгөн дэвсгэрт дээр их хааны хөрөг, гэрэгэ, соёмбо, төрийн сүлд туг, үндэсний бэлэгдэл болсон хээ угалз бүгд бий.

-Сар шинээр архи, дарс хэрэглэх нь хэр зохистой вэ?

-Цагаан сарын хүндэтгэлийн ширээнд битүүлэг, цагаалгын утга учир бүхий идээг зассан байдаг. Идээг хүртэх, хэрэглэх дараалал нь цагаан идээ, шүүс, хүндэтгэлийн идээ гэсэн дараалалтай. Архи дарс бол хүндэтгэлийн идээг билэгдсэн, зохих насанд хүрсэн хүн амсдаг. Хилийн чанад дахь монголчуудын цагаан сарын уламжлалт соёлд архи дарсыг зөвхөн сэржим өргөх төдийд хэрэглэж байна. Манайхан ямар хэмжээнд хэрэглэж байгаагаа ухаарах хэрэгтэй. Эрт цагт монголчууд архи биш цай барьж ерөөл өргөдөг байсан. Одоо архи барьж ерөөл өргөдөг болсон. Хуучны нэг сайхан үг бий. “Цаас нимгэн боловч номын хүлэг, Цай шингэн боловч идээний дээж ...” гээд цай бариад ерөөлөө хэлдэг байж. Урьдын бүх зүйлсийг дагаж барь гэсэнгүй, санаж явахад илүүдэхгүй байх.

-Шинийн нэгний өглөө хүмүүс нар харах гэж овоон дээр олноороо гарч байна. Энэ нь хэр эртнээс үүсэлтэй вэ?

-Баруун монголчууд шинийн нэгний өглөө гэрийнхээ зүүн урьд зүгт зассан индэр /овоо/-т бургас хатган өнгө өнгийн бөс уяна. Дээр нь цэвэр мод, харгана өрж гал асаадаг. Дөрвөн өндөр, өвчүү зэрэг чанасан мах галдаа өргөж хиншүү гаргаж, дараа нь чанасан цай, тусгайлан бэлдсэн цацлын махаа дөрвөн зүг найман зовхист цацан, насны эрэмбээр овоогоо гурвантаа тойрч овог аймгийн уриа дуудлага, хашхираагаа өндөр дуугаар хэлдэг. Дараа нь овоондоо гурвантаа мөргөж байна. Тэд гарын алганы хээ тодрох үед овоондоо гардаг бол нар алсын уулын оройд тусах үед ширдэг дэвсээд золгож, тамхилж, бас авч очсон цайгаа ууж байна. Овоонд хот айлын бүх эрчүүд, сарын хир ирээгүй эмэгтэй хүүхэд /13 нас хүрээгүй/ гардаг бол гэрийн эзэгтэй нь гэрийнхээ үүднээс овооны зүгт цацал өргөж мөргөдөг байна. Энэ уламжлал нилээд эртний хэв шинжийг агуулсан байна. Өнөөдөр уулархаг газрын малчид ерөнхийдээ иймэрхүү зан үйлийг өглөө эрт хийж байдаг. Тал нутгийн монголчууд нар ханын толгойд тусах үед гэрийн дотор золголтоо эхэлж байна. Уул хангай, дэлхийтэйгээ түрүүлж золгодог энэ сайхан уламжлал мартагдсангүй, ерөнхий хэв шинжээ хадгалан хөгжсөөр байна. Улаанбаатарчууд болон суурин газрын хүмүүс ойролцоо уулынхаа аль нэг овоон дээр гарч, сан тавих, мөргөх, наранд мөргөх зан үйл хийж байдаг. Энэ нь дээрх уламжлалын үргэлжлэл бөгөөд хэлбэр нь өөрчлөгдсөн ч агуулга нь уг хэвээрээ явсаар байгааг илтгэнэ.

 

Ярилцсанд баярлалаа.  

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэн бэ(202.9.40.179) 2021 оны 02 сарын 12

Түүхийг зохиож болдог юм уу? Худлаа мэдэмхийрдэг гар вэ? Эх сурвалж нь үнэхээр ядмаг

0  |  1
Зочин(66.181.187.126) 2020 оны 02 сарын 21

Зарим нэг атаархаж муу санаж явдаг нөхөд энэ хүнийг харлуулах гэж сонин юм бичсэн бна. Бичсэн үгнээс нь хэн гэдэг нь тодорхой бна даа.

0  |  0
Монгол ёс(202.9.40.82) 2020 оны 02 сарын 20

Газар газрын ёс өөр өөр байдаг. Жнь Монголын зарим нутагт цагаан сараар эхлээд ерөөл хэлээд 3 дуу дуулдаг ёстой. Мэнд хүртэл 2 байдаг. Тиймээс цагаан сараар дуулах дуугаа бэлддэг байлаа.

0  |  0
Би(66.181.178.103) 2020 оны 02 сарын 20

Хэн цагаан сараар дуулаад сууж байдаг юм тэнэг юм ярих юм

0  |  0
Халх (202.126.89.174) 2021 оны 02 сарын 13

Увсчууд бүх Монголыг дагуулна гэдгийн чинь автор нь шүү дээ, Галдан бошигтыг Алтан Ургийнх гэдэг л дүрвэд дээ

2  |  2
Халх (202.126.89.174) 2021 оны 02 сарын 12

Өнөө Увсчууд бүх Монголыг дагуулна гэдгийн чинь автор нь шүү, нөхцөлгүй усан гахай даа

2  |  1
зочин(202.9.47.49) 2020 оны 02 сарын 20

Жилийн хамгийн хар өдөр юм гэсэн. Тиймээс цайруулж цагааныг бэлгэддэг бай. Дуулж хуурдаж найрлаж наадамлаж болохгүй баяр шүү зөв ярьж.

1  |  0
Түүх зохиодог нөхөр (192.82.65.56) 2021 оны 02 сарын 13

засссс энэ нэг эргүү хог зүгээр л зайл. Монголын түүхийг санаанаасаа ургуулан зохиодог гар. Зүгээр өөрийнхөө уран сэтгэмжээр бичсэн зохиолоо түүх гээд яриаад байдаг эргүү нөхөр дөө.

2  |  3
Kkk(69.253.43.151) 2020 оны 02 сарын 20

Bi l lav tsagaan saraar aild duulj bsniig sanakhgui uym bna . Zuragtaar l duulaad bdag dag kkk

0  |  1
Ойрад(202.9.40.99) 2020 оны 02 сарын 20

Галдангийн зургийг залсан байна. Халхуудад халтай эр байх нь.

1  |  1
ss(64.119.24.141) 2020 оны 02 сарын 20

olon ih medegchtei boljdee,,tsag uur bolson gj medmeer yumdaa,hotiin bid mal tai bish vvts idesh belddeggvi,,zaaval uuts bish bagahan amh chanahadl bonoshdee,,alga deesh haruulj 3 sh yoton ugsunch bolnol gj b.aleeshdee,het tulishraad busdiigaa hvndreld oruulahgvi golni setgel tsever tsagaan garahni chuhal bizdee

0  |  1
Sarnai(103.10.23.146) 2020 оны 02 сарын 21

Chi bitgii huts.neeh ih yum yarisan hun. Tursun huugee ul tooj hayachihaad anhaaral halamj tavidaggui cham shig hun hund bur ard tumend hudlaa zuil yarihaa boli.angiinha ohiniig jiremsluuleed .huugee hun gej toolgui haysn hun hog...gahai

1  |  3
zochin(66.181.176.65) 2020 оны 02 сарын 20

IDDEG BAYR

0  |  2
Хадбаатар(103.26.194.110) 2020 оны 02 сарын 20

Сайхан ярилцлага болж, санаа авууш ай олон юмыг мэдэж авлаа.

2  |  1
Үүнэн(150.129.143.205) 2020 оны 02 сарын 20

Зарим эрдэмтэд ч дээ. Авгай хүүхэн сольдгоо бараг ёс гэж бичдэг нэг хүнийг хүмүүс хэсэг яриад намдсан. Одоо нэг их сургаал аылдсан хүн л харагдах болж.

1  |  1
Золоо(150.129.143.205) 2020 оны 02 сарын 20

Дуулж хуурдахгүй айл хэсч хоол иддэг баярыг ямар баяр гэдэг юм. Торгон дээл өмсөж айл хэсээд л болоо юу.

0  |  1
Сан(150.129.143.205) 2020 оны 02 сарын 20

Дур дураараа ёс ярьж солиордог болж. Алхах гишгэхийг хүртэл заах санаа.тай. Юу ярьж байгаагаа ч сайн ойлгохгүй хүүхэд хүртэл сонссоноо хамж шимээд настангуудыг шүүижлэн пээдийж байх юм. Ёс гэдэг хүний зөв хүмүүжил л байх ёстой.

2  |  1
Өө(66.181.181.142) 2020 оны 02 сарын 20

Яаж баярлахаа хэнээр ч заалгахгүй ард түмэн шүү сүүлийнүедд их мэдэгч довоторууд ингэнэ тэгнэ гэж худалаа их бурдаг болжээ

3  |  1
Зочин(202.55.191.194) 2020 оны 02 сарын 20

Сайхан баяр байдаг энэ үнэн түүх ёс зан үйлээ эрхэмлэх хэрэгтэй залууст сургамжтай сайхан ярилцлага байна

4  |  0
Жадамба(66.181.161.102) 2020 оны 02 сарын 20

Баруун тийшээх цагаан сарын ёс зан үйл нь ерөнхийдөө багшийн минь ярисантай дүйцэж байна. Манайхан бол нар мандахаас өмнө настай хүнийдээ цай идээнийхээ дээжийг авчран цугларч золголтоо эхэлдэг.

2  |  0
Зочин(59.153.87.171) 2020 оны 02 сарын 20

Найрлаж дуулсанч яадгын...Их мэдэгч нар их болжээ айн..

1  |  4
ЗОЧИН(64.119.21.152) 2019 оны 01 сарын 29

Цагаан сар сайхан баяр манайхан баярын дараагаас бэлэгээ бэлдээд цагаан сарын үеэр ямар ч хүндрэлгүй ахан дүүстэйгээ баяртайгаар уулзахаа хүлээн байдаг. Цагаан сар шиг сайхан баяр хаа байна аа.

7  |  0
Top