ХХААХҮЯ, МҮГЗХ-ноос хамтран зохион байгуулсан Монгол Улсын мэргэжлийн үсчин, гоо сайханчдын Үндэсний аварга шалгаруулах "Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXIV их наадам" энэ оны арванхоёрдугаар сарын 04-нд "Буянт-Ухаа" цогцолборт боллоо.
Тус тэмцээн нь дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд үсчин, гоо засалч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварын эзэмшилтийн түвшинг дээшлүүлэх, үйлчилгээний технологиос харилцан суралцах, тухай жилийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготойгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. XXIV их наадам нь өмнөх тэмцээнүүдээс A, B, C, D, E гэсэн таван бүсчлэлээр өргөн хүрээтэй зохиогдож, 200 гаруй үсчин гоо сайханчийг хамруулж чадсанаараа онцлогтой болов.
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежиос суралцагчдыг байнга дэмжиж, мэргэжилдээ дур сонирхолтой болгох зорилгоор улс, хот, дүүргийн чанартай уралдаанд оролцуулдаг уламжлалаараа энэ удаагийн тэмцээнд 19 суралцагч сойсноос нэг суралцагч “Наадмын шилдэг эрэгтэй модель” цол, хоёр суралцагч алтан медаль, хоёр суралцагч мөнгөн медаль, гурван суралцагч хүрэл медаль хүртэж, гурав нь тусгай байр эзэллээ.
Түүнчлэн Үндэсний аварга шалгаруулах уралдааны нэгдсэн дүнгээр Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “ШИЛДЭГ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА”-аар гурав дахь удаагаа шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )