Малчдын эдийн засгийг дэмжихэд хонины махны экспорт голлох үүрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Монгол Улс 70 гаруй сая мал тоолуулсны 50 орчим хувийг хонин сүрэг эзэлж байна. Тийм ч учраас ХХААХҮ-ийн яамнаас хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, Мал эмнэлгийн хүрээлэн, хөдөө аж ахуйн эдийн засаг, мах экспортлогч компанийн төлөөлөл, хөгжлийн судалгааны төв, Инвест ко-оп төсөлтэй хамтран “Хонины махны ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.12.04/ зохион байгууллаа.

Мах импортлогч улсуудын тухайд мэдээж эрүүл бүсээс ашиг шим өндөртэй  мах авах сонирхолтой байдаг. Харин монгол малын мах ашиг шим өндөртэй байх шалгуурыг хангадаг ч малын өвчлөл ихтэй учраас төдийлөн хангалттай хэмжээнд махаа экспортолж чадахгүй өдий хүрснийг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байв. Энэ асуудлыг шийдэхэд төрийн бодлого чухал байгааг малчид ч онцолдог.

Тухайлбал, социализмын үед мах бэлтгэлийг мах комбинатын аймаг, сум бүр дэх агентууд малчны хотноос стандартын шаардлага хангасан малыг сонгож, нэгдсэн журмаар нядалгаанд оруулан, экспортод гаргадаг байсан бол нөхцөл байдал өөрчлөгдөж,  нэгдсэн дагаж мөрдөх стандартгүйн улмаас мах бэлтгэл өөр өөр явагддаг болсон нь махны экспортод нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байлаа.

Монголын махны холбооныхон махны экспортыг нэмэгдүүлэхэд үйлдвэрүүдийн чанар стандартыг нэгдмэл байдлаар хангах нь чухал гэдгийг онцолсон. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт бодлого”-д Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн байдаг бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт голлох үүрэг гүйцэтгэнэ гэж салбарынхан нь үзэж байна. Тийм ч учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, цаашид хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах ёстой вэ гэдгийг салбарын эрдэмтэн судлаач, малчид, салбар яамтайгаа зөвлөлдөж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар малчны хотонд хонь, ямааны мах кг тутамдаа 5000-5400, адууны мах кг нь 4000, үхрийн мах кг нь 6000 төгрөгөөр худалдаалагдаж байгааг малчид ярьсан юм.

Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top