НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

  НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдахаар тов зарлагдсан ч МАН-ын бүлгийн хурал хойшилсоноор 17.00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-д  Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чиг үүргээ биелүүлээгүй учраас  үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэнэ. Үдээс хойш эхэлсэн хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэнээр ирц бүрдэж, хуралдаан эхэлсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, горимын санал гаргах хүсэлтээ   НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү гаргалаа. Тэрээр хэлэхдээ АН-ын бүлгээс НИТХ-ыг товлосон цагтаа эхэлж байхыг хүсээд, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ээлжит бус хуралдаанд хэн танилцуулахыг мэдээлэхийг хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн танилцуулна гэдгийг танилцуулсан.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл намынхаа бүлгийн нэгтгэсэн горимын саналыг хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Ийм улс төрийн үйл явц урд нь болж байсан түүх байхгүй. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр өөр өөр намын харьяалалтай байхад ч ийм зүйл болж байгаагүй. Энэ бол Улаанбаатар хотын түүхэнд анх удаа болж байгаа зүйл. Энэ нь хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулллага үндсэн хуулийн институтын эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. Нөгөө талаар ийм санал оруулж ирсэн Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид  асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэллээ.

НИТХ-ын  дарга С.Амарсайхан  хурлын даргын бүрэн эрхийн дагуу АН түрүүлж санал тавьсан учраас нэг цагийн завсарлага өгсөн гэдгээ мэдэгдсэнээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд завсарлалаа.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг видеогоор хүргэж байна.

                                                                                                                                                          Б.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.87) 2018 оны 11 сарын 27

DEEREMCHDIIN bulegleliig darah geheer Batuul bosoj irj baigaa biz. Hamgiin turuund elbegdorj batuul m.Enhbold badamjunai meting turuuleed barih heregteidee....

0  |  0
Top