МУСГЗ Т.Баасансүрэнд Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагнал хүртээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт орчуулагч, нэрт сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан номын нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2018.11.12/ "Улаанбаатар" зочид буудалд боллоо. Тус арга хэмжээнд Ц.Намсрай агсны гэргий Л.Цогзолмаа, түүний үр хүүхдүүд, хамт ажиллаж байсан найз нөхөд, сэтгүүлч уран бүтээлчид, шавь нар нь хүрэлцэн ирсэн байв.

Арга хэмжээний эхэнд “Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” номын нээлт боллоо. Бүтээлийг МУСГЗ, доктор (Ph.D), профессор Д.Цэдэв гуай эмхэтгэн хэвлүүлжээ.

Нийт 700 гаруй хуудастай бүтээлд Ц.Намсрай агсны амьдрал уран бүтээл, түүний хийж бүтээсэн бүхнийг өргөн хүрээнд дэлгэрэнгүй хүүрнэжээ. “Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүжилтээр хэвлэсэн байна.

Ц.Намсрай агсны охин Н.Шүр нээлтийн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар тогтоолоор аавын маань 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасан. Ойг тэмдэглэх тогтоол гаргасан Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох хүмүүст болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамт олонд халуун талархал илэрхийлье. Аавын маань тухай бүтээл туурвисан Д.Цэдэв гуайд маш их баярлаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн найз нөхөд, хамтран зүтгэгчид, сэтгүүлч уран бүтээлчид, шавь нарт нь халуун талархал илэрхийлье. Аав маань гэр бүл, найз нөхөд, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн байлаа. Ааваараа үнэхээр их бахархаж байна” гэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналыг гардууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Ц.Намсрай агсны үр хүүхдүүдийн зүгээс сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг редакторыг тодруулж, шагнадаг уламжлалтай юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэнд Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналыг хүртээлээ. Шагналыг Ц.Намсрай агсны охин Н.Шүр, МСНЭ-ийн Ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар гардуулан өглөө.

Шагналаа гардаж авсан МУСГЗ Т.Баасансүрэн “Надад шилдэг редакторын шагнал олгосон нь цаашид уран бүтээлээ хийгээрэй гэсэн даалгавар өглөө гэж бодогдлоо. Ц.Намсрай эрхлэгчийнхээ заасан замаар нэгэн үзүүр тийш явна гэдгээ андгайлж хэлмээр байна. Энэ шагнал бол үнэхээр нэр хүндтэй шагнал юм. Анх энэ шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайд гардуулж байсан. Тэр үеийг би маш тод санаж байна. Х.Цэвлээ гуай Драмын театрын тайзан дээрээс “Нобелийн шагнал гэхээр мөнгө бодогддог. Цэндийн Намсрайн нэрэмжит шагнал гэхээр нэр хүнд бодогдож байна” гэж хэлж байсан юм. Энэ нэр хүндийг хадгалж явъя” гэлээ.

Энэхүү шагналыг анх Ц.Намсрай агсны 90 жилийн ойгоор анх гардуулсан бөгөөд анхны эздээр Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, "Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж байсан С.Батбаатар нарт олгож байжээ. Мөн түүний дараа сэтгүүлч н.Сумьяад тус шагналыг олгосон байна.


Ц.Намсрай агсан нь 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч бөгөөд Монголын сэтгүүлчдийн байгууллагын даргаар ажиллаж байжээ. Түүний 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ илрүүлжээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Ц.Намсрай агсан хорин хоёр жилийн турш Монгол Улсын төв хэвлэл- “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж, Монголын уран бүтээлч сэхээтнүүдийн хүчирхэг арми - Монголын сэтгүүлчдийн холбоог толгойлон тус улсад сэтгүүлзүйг хөгжүүлж бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний сэтгүүлзүйн үйл ажиллагааг Монголын төрөөс онцгойлон тэмдэглэж 1980 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол олгожээ. Түүнийг ерөнхий эрхлэгчээр ажиллаж байх он жилүүдэд “Үнэн” сонин хоёр удаа Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.

Монголын сэтгүүлчдийн гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дөрвөн удаагийн их хуралд Монголын сэтгүүлчдийн байгууллагыг төлөөлөн оролцож монголын сэтгүүлчдийн дуу хоолойгоо хүргэж явсан энэ эрхэм хүн ОУСБ- ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Энэ бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй нэгэн байсны илрэл буй заа. Тухайн үед Ц.Намсрай ОУСБ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь монгол хүн олон улсын байгууллагын удирдлагад сонгогдсон анхны тохиолдол байжээ.

Цэндийн Намсрайн 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөчид эрхэм хүмүүний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан үзэг нэгт журмын нөхөд Та бүхэнд ойн баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна. Бурхны сэтгэлтэй Ц.Намсрайн үйл хэрэг улам өргөжин тэлж, цааш цаашдаа өвлөн удамшиж байхын ерөөл дэвшүүлье” гэжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Цэндийн Намсрайн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа.

 


Т.АМАРАА

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.39) 2018 оны 11 сарын 13

БААСАНСҮРЭН МУНДАГ СЭТГҮҮЛЧ ТАНЬД УЛАМ ИХ АМЖИЛТ БАЯР ХҮРГЭЕ АРД ТҮМЭН

0  |  0
zyrgiin yzesgelen ni(148.60.92.227) 2018 оны 11 сарын 13

yasan saihan yum be?yag ter yeiin ynen soninii ynsij baisan hynii hybid terhemdee byylaa!!Namsrai gyai bol Mongol ylas eh orondoo gabyatai hyn!bid ene hymyysee dyrsan sanaj nom heblelees ni ynsij bainga erelhiih ni zui yum!bayarlalaa Namsrai gyai ger byliinhend sain saihaniig hysye!

0  |  0
Top