СУРВАЛЖЛАГА: Хүний наймааны хохирогчдын тоо ХОЁР ДАХИН нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхи болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсаны  дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх" үндэсний хөтөлбөр боловсруулан, Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан байдаг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” сэдэвт чуулган болж байна.

Чуулганд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн ажилтнууд, залуучуудын байгууллага, цагдаагийн байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын 80 гаруй төлөөлөгч оролцож Улаанбаатар хотын эрсдэлт нөхцөлд байгаа болон хүчирхийлэл дарамтад өртсөн, гэмт хэрэгт холбогдсон, хөдөлмөр эрхлэгч охид, эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж байна.


Чуулганы үеэр Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.

-Хүн худалдаалах гэмт хэрэгт яг ямар үйлдлүүдийг хамааруулж ойлгож байна вэ?

-Бэлгийн мөлжлөг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлүүлэх, зуучлалын захиалгат гэрлэлт, хүний цус, эд эрхтэний наймаа, хүүхэд үрчлэлт гэх мэт багтдаг.

-Манай улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байгаа вэ? Албан ёсны тоо баримт бий юу?

-Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тохиолдол 1999 онд бүртгэгдэж байсан. Өнгөрөгч онд дээрх зургаан хэрэг гарч байсан бол энэ онд 12 болж өссөн тоон үзүүлэлт байгаа нь анхаарал татаж байгаа асуудлын нэг юм.

-Хүн худалдаалах гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэх олон шалтгаан, нөхцөлүүд байдаг. Нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйл нөлөөлдөг ч голлох шалтгаан нь гэр бүл болон эдийн засгийн шалтгаанууд. Тухайлбал дийлэнх хохирогчдын ар гэрийнхэн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хойд эцэг эх, гэр бүлийн зөрчилдөөний улмаас гэрээ орхиж явахаар болсон байдаг. Улмаар эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа гэх мэт олон хохирол учирдаг.

Үүнээс хамгийн ноцтой нь нэр төрөө алдах явдал байдаг. Ар гэрийнхэн, найз нөхөд нь хэдийгээр өрөвддөг ч "яг юу хийдэг байсан" талаарх асуулт, шууд биш ч ямар нэгэн аргаар бодит байдлыг яриулах гэсэн оролдлогууд нь хохирогчид хүндээр тусдаг.

Мөн хохирогчдын 80 гаруй хувь нь сэтгэл санааны хямралд ордог. Мөн ажилгүйдэл, ядуурал болон тэдгээрээс улбаалан гарч ирдэг нийгмийн сөрөг үзэгдэл болох орон гэргүй хүмүүс, тэнэмэл, хараа хяналтгүй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй.

-Хүн худалдаалах гэмт хэрэг далд нөхцөлд зохион байгуулалттайгаар явагддаг тухай зөвлөгөөний үеэр дурдагдаж байна. Энэ талаар?

-Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэх явцад Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бие даасан хэд хэдэн гэмт хэрэг давхар үйлдэгддэг. Тухайлбал, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, хулгайлах, устгах, нуух, хүн хулгайлах, хууль бусаар хорих, насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх,тэнүүчлэл, гуйланчлалд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хууль бусаар хил нэвтрүүлэх, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох гэсэн гэмт хэргүүдийг давхар үйлддэг онцлогтой.

Гэвч хүний наймаатай холбоотой хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг явуулахад энэ нөхцөл байдлыг тэр бүр анхаарч үзэхгүй байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг нуун дарагдуулах, хялбарчлах, шаардлагатай мэдээллээр хангах, шалгах ажиллагаанд саад учруулах зэрэгт төрийн албан хаагчдыг ашиглах магадлал өндөр байсаар байна.

-ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ НАРЫН 70 ХУВЬ НЬ БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН БАЙДАГ-

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тохиолдол 1999 онд бүртгэгдэж байсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 100 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 40 хэргийг хүн худалдах, худалдан авах гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, бие үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хохирогчдын 70 гаруй хувь нь бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг бол 20 хувь нь албадан ажил хөдөлмөр эрхэлсэн, 10 хувь нь зуучлалаар гэр бүл болж хохирсон байдаг аж.

Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан байна. Мөн тус хуульд зохион байгуулалттай гэмт бүлэг уг хэргийг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар нилээд их чармайлт гаргаж байна хэмээн олон улсын судлаачид дүгнэжээ. Түүнчлэн  өмнөх жилтэй харьцуулахад дээрх хүчин чармайлт өсөн нэмэгдсэн учир Монгол улс 2-р шатлалд байсан хэвээр байгаа ба төрөөс хүний наймаатай холбоотой илүү олон хэрэгт ял шийтгэл оногдуулж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улмаар засгийн газрын агентлагууд, холбогдох талуудад зориулж сургалтууд зохион байгуулах зэргээр мэдэгдэхүйц чармайлт гаргасан боловч хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хэд хэдэн гол чиглэлүүдийн хүрээнд бүрэн хангаагүй байна гэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.96) 2018 оны 10 сарын 08

бугын чив согооны сав эвэр баавгай донти хүдэрий хуухнаг энэ тэр хууль гарч өндөр торгуультай учир монголд хямдханаар нь хүүхэд бүсгүйчүүдийг хил гаргаж зардаг болжээ одоо яана даа комисын бараанаас хямд ард түмэн минь

0  |  0
Top