ICT EXPO 2018-д танилцуулсан ОНЦЛОХ СТАРТ-АПУУД

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙ, ЦАХИМ ЗАСАГЛАЛ, ШИНЭ САНАА

Цахим засаглал, дижитал хувьсгал, хиймэл оюун ухаан, гарааны бизнесүүдийн шинэ санаа, шинэ тоног төхөөрөмжийн шийдэл. Энэ бүгд “ICT-Expo 2018” үзэсгэлэн, яармаг дээр олны хүртээл болж байв. Одоогоос 12 жилийн өмнөөс жил бүр зохиож эхэлсэн уг үзэсгэлэн, яармаг энэ жил “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор болж байна. Шинэ мянган, шинэ хувьсгалыг хиймэл оюун ухаан гэж дүгнэж байгаа энэ цаг үед Монгол Улс дэлхийтэй хамт хэрхэн урагшилж байгааг сонирхоё.

ХУРДАН - Цахим засаглал ойртов

Одоогоос яг нэг жилийн өмнө болсон үзэсгэлэн, яармаг дээр төрийн үйлчилгээг ухаалаг системд нийцүүлсэн “Хурдан” үйлчилгээг танилцуулж байв. Төрийн мэдээллийг бүх төрлийн платформод суурилан шинэлэг хэлбэрээр хүргэх “Хур” системд өдгөө төрийн 26, хувийн хэвшлийн 20, нийт 46 байгууллага холбогджээ. Давхардсан тоогоор 3.2 сая лавлагаа мэдээллийг уг системийг ашиглан авсан байна.

“Энэ удаагийн экспогоор “ХУР” системийн үргэлжлэл болсон хоёр төслийг нээх гэж байгаа. Эхнийх нь “ДАН” систем. Энэ нь иргэний танилт нэвтрэлтийн нэгдсэн систем юм. Үүнийг “Үндэсний дата төв”-ийн инженер, техникийн ажилтнууд боловсруулсан, цэвэр монгол инженерийн бүтээл гэдгээрээ онцлог. Дараагийн том үйлчилгээ бол цахим үйлчилгээний нэгдсэн төв юм. Өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум анх удаа холбогдож байна. Энэ үйлчилгээгээр тухайн сум, орон нутгийн иргэд бүх төрлийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой” гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат ярьсан юм.

“ХУР” системийн дараагийн үе "ДАН" танилт нэвтрэлтийн нэгдсэн систем өнөөдөр нээлтээ хийсэн. Иргэдийг царайгаар нь таних нэгдсэн программд суурилагдсан энэ систем иргэдийг цахим орчинд царай төрхөөр нь таньж, баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хангах боломжтой, тухайн хэрэглэгчээс нэр болон нууц үг шаарддаггүй гэдгээрээ онцлог. Монголын программ хангамж хөгжүүлэгчдийн холбоо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран төрийн үйлчилгээг цахимжуулах, "ХУР" болон "ДАН" системийг нийтэд түгээх, төрийн бүх мэдээллийг холбох ажлыг хийх юм.


Старт-ап: Шинэ санаа, өөдрөг тэмүүлэл

Машинд дайгдах боломжтой “BEECO”, хувь хэрэглэгчийн хүсэлтээр тэмдэглэлийн дэвтэр хийдэг “Зөвхөн түүнд”, оройн шоугаа гар утаснаасаа төлөвлөх “NIGHT +”, монгол, гадаадын сонирхолтой мэдээллийг нэгээс хоёр өгүүлбэрт багтаан илгээдэг “REMO” аппликейшн... Эд бол энэ удаагийн экспогийн онцлох старт-апууд. Дээрх старт-апуудыг Юнител компани санхүүгээр дэмжин, хөгжүүлэлтэд тусалж байгаа аж.

REMO аппликейшн одоогоос жил гаруйн өмнө туршилтын цацалтаа эхэлж, одоо өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээлэлтэй болжээ. Өдөр тутам, эдийн засаг, амралтын цэнэг, сургалт, тэтгэлэг гэсэн салбар цэсүүдийг хөгжүүлж, оны эцэс гэхэд нийт зургаан төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд гадаад эх сурвалжийн найм, дотоодын хоёр мэдээг долоо хоногт таван удаагийн давтамжтайгаар хүргэж байгаа юм.

Амьдралын идэвхтэй залуу хүн бүрийн татах ёстой апп бол “NIGHT +” гэмээр байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудын хаяг, байршил, үнэ, цэсний сонголт, хөтөлбөр зэргийг багтаасан энэ апп өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэглэгчдэд хүрч эхэлжээ. Хамгийн сонирхолтой тус аппликейшнд бүртгэлтэй шөнийн цэнгээний газруудаар үнийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

“Зөвхөн түүнд”.  Хүсэл тэмүүллээр дүүрэн 20-25 насны залуусын хамтран хийсэн энэ аппликейшн хувь хэрэглэгчийн захиалгаар зөвхөн өөрт нь зориулагдсан тэмдэглэлийн дэвтэр хийдэг апп юм. Одоогоор уг апп iPhone хэрэглэгчдэд хүрэх боломжтой байгаа ч энэ ондоо багтаан андройд хэрэглэгчдэд хүргэх зорилт тавьжээ. Аппликейшнд тэмдэглэлийн дэвтэрний загвар байх бөгөөд бэлэглэх гэж буй хүндээ зориулан урмын үг бичих боломжтой, тэмдэглэлийн дэвтэрний хуудас, шугам зэргийг өөрөө зохиож болно.

Их хотын түгжрэл дунд цаг зав, шатахууны үнэ хэмнэж, түгжрэлийг бага ч гэсэн бууруулах “BEECO” апп үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгссөн дунд эргэм насны хүмүүсийн хөгжүүлсэн уг апп-д хэрэглэгч та бүртгүүлснээр өөрийн мэдээллээ нэмэх, апп-д бүртгүүлсэн авто машинуудын мэдээлэл, хэдэн хүн дайж явах боломжтой, хаанаас, хаа хүрэх тухай мэдээллүүд багтсан байдаг аж. Хэрэглэхэд ямар нэгэн төлбөр төлөхгүй энэ апп нь машиныхаа сул суудалд хүн дайх, зам нийлж буй хүмүүс нэгдэн үйлчлүүлэх боломжтой.

Аж үйлдвэрийн хувьсгал-Ухаалаг оюун ухаан

Дэлхийн эдийн засгийн форум энэ зууныг аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын зуун байна гэдгийг зарлаад хоёр жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд томоохон байгууллага, компаниуд аль хэдийнэ хиймэл оюун ухааныг хөгжүүлж эхэлсэн байна. Монгол Улсын Засгийн газар нь ухаалаг үйлчилгээ, цахим хувьсгалын талаар бодлого боловсруулна гэдгээ зарласан юм.

“Бидний амьдарч буй эрин үе бол аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин үе. Энэ хувьсгал Монгол Улсад хэрэгжих боломжтой. Зарим компаниуд түүчээлэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн хөгжилд онцгой ач холбогдол өгч Мэдээллийн технологийн үндэсний зөвлөл, УИХ-д Цахим бодлогын түр хороог байгуулан ажиллаж байна. Хамгийн гол нь хүнд сурталгүй, авлигагүй, цаг хугацааг нь хэмнэсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд мэдээллийн технологийн шинэ ололт амжилт чухал ач холбогдолтой” гэж ЗГХЭГ-ын дэд дарга, сайд Г.Занданшатар ярьсан юм.

Ойрын хоёр жилийн хугацаанд “ХУР” системд төрийн бүх байгууллагуудыг хамруулах, шийдвэрлэх лавлагаа мэдээллийн тоог нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа ажээ. Тиймээс Монголын программ хангамж хөгжүүлэгчдийн хамааралтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

***  

Олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй цахим гарын үсгийн сураг энэ экспогоор гарав. Үндэсний дата төв уг системийг хэрхэн нэвтрүүлэх судалгааг хийж байгаа бөгөөд ирэх жил гэхэд үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Одоогоос долоон жилийн өмнө хууль нь батлагдаж байсан энэ үйл хэргийг нэвтрүүлэхэд санхүүгийн болон бусад компаниуд хэдийнээ бэлэн болсон гэдгийг үзэсгэлэнд оролцогчид тайлбарлаж байсан юм.

“Дижитал хөгжилд хамтдаа” уриатай үзэсгэлэн яармаг хоёр хоног болно. Эхний өдөр буюу өнөөдөр “Цахим санхүү”, “Цахим контент” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бол маргааш “Цахим ирээдүй”, “Цахим эрүүл мэнд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгээр дэвшүүлсэн санааг нэгтгэн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдсаны дараа УИХ-ын Цахим бодлогын түр хороонд өргөн барихаар болжээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт нийт 40 байгууллага оролцож иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Хэрэв уншигч та тус экспог сонирхож байгаа бол МУБИС-аас "Мишээл" экспо хүртэл үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгааг дуулгая.

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top