Танил дурсамж: Түүхий эдийн үнийн өсөлтөөс МОНГОЛ ХОЖИХ УУ?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

-Сургамж бидэнд хангалттай бий. Сургамж хангалттай ч улс төрийн бодлого гаргах хэмжээнд сургамж авсан уу гэдэг нь харин маш том асуулт... Гэхдээ аль нь ч бай бидэнд дахиад боломж байна-

Ирэх жил түүхий эдийн үнэ таван хувиар өснө. Энэ бол хэн нэгэн зөн билэгч бус Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форумын судалгааны дүн. Магадлал таамаглал үнэн бол биднийг 10 жилийн өмнөх “цоорсон” их амжилт хүлээж байна. Танил дурсамж биш гэж үү? Түүхий эдийн үнэ өсөх нь ганцхан салбараас хараат манайх шиг оронд маш том боломж авчирдаг. Монголчууд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эдийн засгийн хямралын дараа дандаа сайн үзүүлэлт үзүүлсээр иржээ.

Эерэг хүлээлт

АНУ-Хятад хоёр улс дөрөвдүгээр сараас эхлэн худалдааны тал дээр баримтлах бодлогоос болж үзэл бодлын зөрүүтэй байдал үүсэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  чөлөөт худалдааны хэлэлцээ бол чөдөр тушаа юм гэсэн егөөтэй үг хэлснээс хойш худалдааны талаар “буурал тивтэй” ч, “сэрж буй луутай” ч сөргөлдөх болсон юм. Улмаар долдугаар сараас эхлэн хоёр улс худалдааны салбарт “дайн” дэгдээсэн. Чухамдаа энэ нь газрын тосны үнийг огцом өсгөж, дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэх болсон юм. Венесуэл, Турк ч энэ сөргөлдөөний золиос болж, эдийн засгийн хүнд байдалд бий. Том гүрнүүдийн худалдааны хямрал  дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг нэмж орхилоо. Танил дүр зураг биш гэж үү? 2005 оныг эргэн санацгаая. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ 6-7 хувиар өссөн нь Монгол Улсыг дэлхий дахинд эерэг талаас нь танилцуулах болсон. Дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн зэсийн үнийн нөлөөгөөр 2005-2007 оны хооронд эдийн засгийн өсөлт 11 хувь хүрсэн. Харин өндөр өссөн зэсийн үнэ буурсан 2009 онд Монгол Улсын эдийн засаг огцом унасан. Хоёр жилийн дараа дахин өсөхөд эдийн засгийн өсөлт алдарт 17.5 хувьд хүрсэн билээ. Түүхий эд, түүхий эд. Бид угтаа дотооддоо боловсруулж олсон зүйлсээрээ эдийн засгийн өсөлтөө хангадаг бус гадаад зах зээлээс хамааралтай байгаа нь эргэж бодох бодол юм. Тухайн үеийн улстөрчид бидний сайных гэж цээжээ дэлдэж, халамжийн бодлогоо нэмэгдүүлж орхисон.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эдийн засгийн форум бүгд нэгэн дугаар Монгол Улсын эдийн засаг таваас дээш хувиар өснө гэж таамаглаж байгаа. Азийн хөгжлийн банк 6.1 хувиар, Дэлхийн банк 6 хувиар, Дэлхийн эдийн засгийн форум 5.7 хувиар өснө гэж таамагласан.

“Монгол Улсын тухайд өрхийн зээл нэмэгдсэн нь иргэдийн бодит хэрэглээг нэмэгдүүлсэн. Түүнчлэн уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа, нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтийг сайжрахад хүчтэй нөлөөлж байна” гэж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен ярьсан юм.

Эх орончдын шүлсээ үсчүүлэн тэмцдэг уул уурхайн салбар сүүлийн 15 жил Монгол Улсыг чирсээр, одоо ч чирсээр байна. Цаашид ч чирэх болно. Ялангуяа нүүрсний салбарын эрэлт нэмэгдсэн нь Монгол Улсад сайнаар нөлөөлж байна. Их гүрнүүд 2025 он  гэхэд нүүрсний хэрэглээнээс татгалзана гэж зарласнаас хойш л босго тогтоосон хугацаа хүртэл нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй. Томоохон санхүүгийн байгууллага нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад хөрөнгө оруулахгүй байгаа ч нэгэнт хөрөнгө оруулсан төсөл хөтөлбөрүүд хэвээр үргэлжлэх тул нүүрсний салбарт ийм их хүлээлт үүсчээ.

Өөдрөг тэмүүлэл

Эрх баригчид өөдрөгөөр харж байгаа. Улсын өрийг дарж, эдийн засаг өссөнийг ч тэд өөрсөд дээрээ нааж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Газрын тос, алтны томоохон ордуудаас авахуулаад нүүрсний давхаргын метан хий хүртэл. Зөвхөн уул уурхайн салбарт л гэхэд 2-5 томоохон төслүүд хэрэгжихээ хүлээж байна. Их гүрнүүдийн дүрмээр тоглодог байгалийн хийн хоолой хүртэл Монголын нутгаар дайрах гэж буй. Үүнээс цаашлаад эдийн засгийн бусад үзүүлэлтүүд сайжирч, хүнд үйлдвэрийн хэд, хэдэн томоохон төсөл ч хэрэгжих гэж байгаа.

“Засгийн газар бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Бидэнд зүгээр суух, хоорондоо маргалдах цаг байхгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьж байсан билээ.

Монгол хүн бүрт хамаатай “Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын зах зээлд гарах тухай мэдээ ч эдийн засгийн өсөлтийг угтсан эерэг тэмүүллийн нэг. Засгийн газар, УИХ-аар тогтоол гарч, компани дотооддоо ажлын хэсэг хүртэл байгуулсан нь тэмүүлэл ажил хэрэг болох нэг том дохио. Нөгөөтэйгүүр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчлахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, нүүрсний тээврийн асуудлыг хөндөн ярилцсан юм. ОХУ-ын тал Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг тээвэрлэж, ОХУ-ын зах зээл цаашлаад, Европын зах зээлд борлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өнгөрөгч зургадугаар сард ОХУ болон Монгол Улс хэлэлцээд нүүрсийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх боломжтой гэдэг дээр тохиролцсон юм. Тохиролцоо ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болно.

Тэнд үлдсэн сургамж

Эдийн засгийн огцом өсөлт дэлхий дахинд цуурайтаж байх үед бид энд цээжээ дэлдэн бүгдийг нь халамжийн бодлогод зарцуулжээ. Хүний хөгжлийн сан гээч зүйл огцом өсөлтийн дараа бий болсон нь 20-50 мянган төгрөг л байлаа. Жирийн үйлдвэр бүү хэл хүнд үйлдвэрийн ямар ч төсөл хэрэгжээгүй. Хавар, намрын цагт үнэртдэг эвгүй үнэрийн эх ундарга цэвэрлэх байгууламжаа ч шинэчлээгүй. Гурван жил тутамд 0 зогсолт заадаг эрчим хүчнийхээ асуудлыг ч шийдээгүй. Эхэлсэн бүхэн дуусах жамтай гэдэгчлэн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр бууснаас хойш бид энэ их мөнгийг үргүй зарцуулснаа ухаарсан билээ.

“Эдийн засгийн хувьд бид бүрэн хараат боллоо. Манай экспортын 95 хувийг урд хөрш маань дангаараа эзэлж байна. Манайхан том, том гоё юм яриад л байгаа. Яг үнэндээ бодитоор аваад үзвэл Чалко нүүрс авахаа болилоо л гэхэд Монголын нүүрсний экспорт бүрэн зогсох хэмжээнд хүрсэн” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ярьж байсан юм.

Сургамж бидэнд хангалттай бий. Сургамж хангалттай ч улс төрийн бодлого гаргах хэмжээнд сургамж авсан уу гэдэг нь харин маш том асуулт. Алдсан хүмүүс нь дээр байсаар байгаа нь хувь заяаны хувьд егөөдөл ч байж болох. Аль нь ч бай бидэнд сайхан боломж байна. Гэхдээ...

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.209) 2018 оны 09 сарын 27

otnonoo hangalttai gargaj medeelliin avarga eksportlogvh

0  |  0
Top