Төрийн ордонд нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер лекц уншина

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Дэлхийн дахин тархи судлалын шинжлэх ухааныг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаанаар нэрлэн, эрчимтэйгээр хөгжүүлж байна. Учир нь тархи судлалын шинжлэх ухаан нь хүний ухамсар, оюун ухаан, мэдрэмжид тулгуурлан амьдралын бүхий л хүчин зүйлс, түүгээр ч зогсохгүй сансар огторгуй, ирээдүйн оюун ухааны судлагдахүүныг хамруулан судалдаг өргөн цар хүрээтэй шинжлэх ухаан юм.
Монгол Улсын хувьд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 24-нд Төрийн ордонд болох уг эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид урилгаар оролцож, лекц уншихаар болжээ.
Хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн ирж, боловсруулагддаг тухай нарийн далд механизмийг нээснээрээ залуу насандаа нобелийн шагнал хүртэсэн дэлхийн шилдэг эрдэмтэн Эдвард Мозер ийнхүү Монгол Улсад анх удаа лекц унших болсон нь Монгол Улсын тархи, мэдрэл судлалын эмч, эрдэмтэн судлаачдын хувьд туршлага судлах сайхан боломж болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.
Дашрамд сонирхуулахад, “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурал болон Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач Эдвард Мозерын лекц нь үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон эхний 200 хүнийг маргааш буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн www.president.mn/nobellectures/ цахим хаягаар бүртгэх юм байна.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top