Монголын ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, номхон далайн дэд хорооны дарга Т.Ёохо болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти, Том Гарретт, Бүбен Кихүэн нар Монгол Улсад ажлын айчлал хийж, төрийн өндөрлөгүүдэд бараалхаж байгаа билээ. Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын гол зорилго нь хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болоод тус улсын Конгресст хэлэлцүүлж буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн хүрээнд холбогдох уулзалтуудыг хийх явдал юм.

Учир нь АНУ-ын Конгрессын 10 гишүүн Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-нд Конгресст өргөн барьсан бөгөөд тус төслийг батлагдана гэдэгт хууль санаачлагчид итгэлтэй байгаа аж. Уг хуулийн төслийг оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн талууд онцолж байгаа юм.

АНУ-ын Конгрессоор Монгол орны эдийн засаг, ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний салбарын өсөлт, цаашлаад уг салбарт монгол ажилчдын ажлын байрыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаад манай улсын удирдлагууд талархалтай хандаж байсан. Тухайлбал, энэ хуулийн хүрээнд 30-40 мянган монгол эмэгтэй ажлын байртай болох боломжтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг эзэлдэг. Тус салбарын хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, тэдгээрийг экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо бий” хэмээн нөхөн сэргээгддэг баялагийг хөгжүүлэх сонирхол их байгаагаа илэрхийлж байсан юм.

Монгол-Америк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд тохиосон бөгөөд 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрээд байгаа. Цаашид хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд хүргэх зорилттой байгаа бөгөөд энэ хүрээнд харилцааны түвшингээ ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top