УИХ-ын дарга М.Энхболд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Монгол Улс, АНУ-ын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дэх Монголын бүлгийн гишүүн Т.Ёохо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Конгрессын гишүүд манай улсад 2016 онд айлчилж байсан бөгөөд өнөөдөр дахин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг талууд 2017 онд өргөн тэмдэглэсэн болохыг дурдсан юм. Мөн АНУ-ын Конгресс нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж удаа дараа тогтоолууд баталж ирсэнд монголчууд нэн талархалтай байдгийг хэллээ. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын түнш орон болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод талууд энэхүү түншлэлээ стратегийн түвшинд хүргэх зорилттой байгаа бөгөөд энэ хүрээнд харилцааны түвшингээ ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. 

 

Түүнчлэн тэрбээр “Эрхэм гишүүн Т.Ёохо Та манай орны гар үйлдвэрлэл, ноос, оёмол сүлжмэлийн салбарыг дэмжиж, олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж, холбогдох хуулийн төслийг Америкийн Нэгдсэн Улсын Конгресст өргөн барьсанд гүн талархал илэрхийлье. Монголын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монгол хүн бүрт чухал дэмжлэг болох дээрх хуулийн төслийг Конгресс дахь Америк-Монголын парламентын бүлгэмийн гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ. 

Ноён Т.Ёохо хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Монгол Улсын түүх, баялаг өв уламжлалыг манай ард түмэн бахархан хүндэтгэдэг. Хоёр агуу хөрштэй танай улс ардчиллыг засаглалын хэлбэрээ болгон сонгож, хөгжүүлж байгааг бид хүндэтгэн дэмжих болно” гэв. 

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top