О.Энэрэл: Хамтын манлайллын хэрэгцээ, шаардлага бий болж байна

2018 оны 09 сарын 11

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад 14 гишүүн орны төлөөлөл болсон 300 гаруй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд манай улсаас мөн салбар салбартаа манлайлж яваа эмэгтэйчүүд оролцсон юм.

Монгол улсын төлөөлөгчдөөс сүүлийн үед монголын зах зээлд хүч түрэн гарч ирж байгаа, Charles & Keith Pedro, LK.Bennett, Karen Millen брэндийг оруулж ирсэн “Эновстайл” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энэрэлийг энд онцолъё.

О.Энэрэл энэ удаагийн чуулга уулзалтад “Эмэгтэйчүүдийн манлайлал, эрх мэдэл, дэлхийн эдийн засаг” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлдээ, өнөө цагт нэг хүний манлайллын хэв маягийг бүрдүүлсэн босоо тогтолцоо биш хэвтээ тогтолцоо бүхий эмэгтэйчүүдийн хамтын манлайллын хэв маягийг шинэ шатанд гаргаж ажиллах шаардлага, хэрэгцээ нийгмийн хөгжилд бий болж байгааг дурьдсан юм. Тиймээс өнөөдөр манлайллыг хувь хүний арга барил, үүсгэсэн амжилт, албан тушаал, хувь хүний шинж чадвараар тодорхойлж харж байгаа ч, Монголын нийгмийн хөгжилд сайн сайхан түүхэн хөгжлийг бүтээх эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох нь шинэ хөгжлийн эмэгтэйчүүдийн манлайллын онцгой чадавхи байх болно гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрээр эмэгтэйчүүдийн манлайлал, эрх мэдэл гэдэгт ухаалаг, харилцааны соёлтой, боловсролтой, мэдлэгтэй, зохион байгуулах чадвартай, алсыг хардаг, биеэ зөв авч явдаг, бусдыг удирдан чиглүүлж, араасаа дагуулах чадвартай, эрх мэдлийг хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай манлайлагч эмэгтэй хүний хувийн шинжүүдийг тодорхойлж, нийгэмд зөв манлайллаар бий болгохыг чухалчилсан юм.

Ийнхүү бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулсан тус арга хэмжээний үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусад улстай холбоо тогтоох, мэдлэг мэдээллээ солилцох, цаашлаад түнш болж урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top