Энэ долоо хоногт дэлхий дахинаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 09

Энэ долоо хоногт босогчдын хяналтанд буй Сирийн Идлиб муж дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. 9 дүгээр сарын 6-нд ОХУ Сирийн Идлиб мужид агаарын цохилт өгчээ. Оросын агаарын хүчин Иблиб дэх зэвсэглэсэн сөрөг хүчний байрлалд 20 удаа цохилт өгсөн гэж Лондонд төвтэй хүний эрхийн хяналтын төвөөс баталж байгаа аж. 9 дүгээр сарын 8-нд Орос, Сирийн нисэх хүчнийхэн өргөн хэмжээний агаарын цохилт дахин хийсэн байна. Урьдчилсан байдлаар, хэдэн арван бөмбөг хаясан мэдээлэл байна. Өмнөх өдөр буюу 7-нд Иран, Турк, Оросын төрийн тэргүүн нар Идлиб дахь нөхцөл байдлын талаар хэлэлцээр хийсэн билээ. Олон улсын нийгэмлэг Москва, Дамаскын зүгээс Идлиб мужид химийн халдлага үйлдэж магадгүй хэмээн болгоомжилж байна. 9 дүгээр сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирийн удирдагч Башар Асадад Идлиб муж руу халдахгүй байхыг анхааруулж байсан билээ.

9 дүгээр сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумын албан ёсны хөтөлбөр гарсан бөгөөд форумын албан ёсны хөтөлбөрт салбар хуралдаан, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний уулзалтууд зэрэг 70 орчим ажил хэргийн арга хэмжээ тусгагджээ. Өнөөдрийн байдлаар форумд нийт 59 орны 5 мянга орчим төлөөлөгчдөөс гадна оросын 3 мянга орчим төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байна. БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улс дээд, өндөр түвшинд оролцох бөгөөд Ази, Номхон далайн зарим улс, АНУ, Энэтхэг, Их Британи, Франц зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж. 360 гадаадын болон 373 оросын компаниудын удирдлагууд мөн оролцох юм байна.

Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Чон Ый Ён Пхеньян хотноо БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзаж Мүн Жэ Ины захидлыг дамжууллаа.

Энэ үеэр хоёр орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын товыг 9 дүгээр сарын 18-20-нд хийхээр эцсийн байдлаар тогтсон билээ. Чон Ый Ёны хэлснээр Умард Солонгосын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тал дээр АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Энэхүү уулзлатын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрт нь итгэл үзүүлсэнд Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд талархал илэрхийлсэн юм.

Их Британийн Хатан хааны прокурорын алба тус улсад хордсон Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хөнөөхөөр завдсанд сэжиглэгдэж байгаа хоёр орос эрэгтэйн нэрийг зарласан. Тэднийг Александр Петров болон Руслан Боширов гэсэн байна. Энэ талаар “РИА Новости” агентлаг Хатан хааны прокурорын албаны мэдээн дээр үндэслэн мэдээлжээ. Сэжиглэгдэж буй оросуудыг дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Скрипалийг хөнөөх оролдлого хийсэн, Ник Бейл гэх цагдааг алахыг завдсан, аллага үйлдэхээр хуйвалдаж, санаатайгаар бие махбодийн хүнд гэмтэл учруулсан, химийн зэвсгийн тухай хуулийг зөрчиж “Новичок” гэх бодисыг ашиглаж, эзэмшсэн гэсэн зүйл ангиуд аж.

Өнгөрч буй энэ долоо хоногт Япон улсад байгалийн гамшиг дараалан тохиож олон хүн амиа алдлаа. “Жэби” нэртэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо найм болж нэмэгдэж гэмтэж бэртсэн хүний тоо 160 болжээ. Сүүлийн 25 жил Японд ажиглагдаагүй хүчтэй Жеби хар салхины улмаас Японы 13 нислэгийн компаниуд улсынхаа төв болон баруун өмнөд хэсэгт хийх 589 нислэгийг цуцалжээ.

9 дүгээр сарын 6-нд тус улсын Хоккайдо аралд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж өчигдөрийн байдлаар энэ гамшгийн улмаас нийт 35 хүн амиа алджээ.

Иргэний нисэхийн салбарт мөн таагүй явдлууд тохиолоо. Дубайгаас Нью-Йорк руу ниссэн онгоцны зорчигчдын бие муудсанаас болж хөл хорио тогтоожээ. Онгоцонд 500 орчим хүн байсны 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. “Emirates” агаарын тээврийн компанийн “Airbus A380” онгоц Жон Кеннедигийн нэрэмжит нисэх буудалд газардах үед 100 орчим хүний бие таагүй байжээ.

“CBS” болон Америкийн бусад хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бие нь муудсан 100 орчим зорчигч бүгд ханиалгаж, өндөр халуурч байжээ. Энэхүү явдлаас хойш нэг хоногийн дараа Европоос Филадельфи чиглэлд нислэг үйлдсэн  хоёр ч онгоцны 12 зорчигч томуу төст өвчин тусчээ. Үүнтэй холбодуулан эдгээр нислэгээр ирсэн бүх зорчигчид болон нисэх багийнхныг эмчийн үзлэгт оруулсан байна.

British Airways нийт 380 мянган төлбөрийн картны мэдээлэл бүхий сангаа хакердуулж 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 8-ны хооронд захиалга хийсэн үйлчлүүлэгчдийнхээ хувийн болон санхүүгийн мэдээллийг алдсан тухай Channel News Asia  мэдээллээ.

Одоогийн байдлаар тус компанийн цахим хуудас хэвийн ажиллаж байгаа бөгөөд болсон явдалтай холбогдуулж тус компани үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уулчлалт гуйсан билээ.

Мьянмарын шүүх үндэсний цөөнх болох лалын  шашинт рохинжачууд, Ракхайн муж дахь нөхцөл байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр сурвалжлага бэлдэж байсан Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд 7 жилийн хорих ял оноолоо. Энэхүү шийдвэрийг ОУ сэтгүүлчдийн холбоо, олон улсын нийгэмлэг эрс буруушааж тус шийдвэр нь Мьянмар улс ардчиллын замаас ухралт хийлээ хэмээн шүүмжилсэн юм.

Японы Toyota корпораци нэг сая гаруй автомашинаа  худалдаанаас эргүүлэн татахаар болсноо зарлалаа. 2016-2018 онд үйлдэрлэгдсэн шатах эрсдэл бүхий Prius, C-HR загварыг шалгах юм байна.

Үүнд хэд хэдэн оронд борлуулагдаж байгаа машинууд хамаарах бөгөөд Японд нийт 554 мянга, АНУ-д 192 мянган тус загваруудын машиныг эргүүлэн татах юм байна.

Аpple компани шинэ багц бүтээгдэхүүнээ танилцуулахаас долоо хоногийн өмнө мэдээллээ алдаж шинэ загварын iPhone XS ухаалаг утасны үнэ, онцлогуудын талаарх мэдээлэл ил болсон зэрэг үйл явдал энэ долоо хоногт дэлхийн нийтийн анхаарлыг төвд байлаа.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top