Адуу нь галзуу, тарвага нь тахалтай...

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий өвчинд хүн амын 50 хувь шахам нь оршин суудаг Улаанбаатар хот “нэрвэгдэх“ шахаад байгаа. Бүслэгддэг болсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн зун, намар хэчнээн ч сандаргасан билээ. Нийслэлийн Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэгт шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоон олон хүнийг бухимдуулсан. Хүмүүсийн ажлыг , хүүхдүүдийн сургуулийг цалгардуулахад хүргэсэн удаатай. Хөдөө орон нутгаас иргэдийг хотод шилжин ирэхийг түр хугацаагаар хориглосон. Үүнтэй адил нийслэлийн ногоон бүсэд мал бүхий иргэд байхыг хориглож нүүлгэн  шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж, айлуудын өвөлжөө бууцыг ариутгаж байгаа нь сайн мэдээ юм.

Гэвч хөдөө орон нутагт ч Улаанбаатар хотод ч малын галзуу өвчин гарах болсон нь  юуных вэ. Энэ янзаараа бол хотын гудамжаар галзуурсан адуу хүн хазаад давхиж с мэдэх нь. Хан-Уул дүүрэгт Шувуун фабрикийн Туул тосгонд өнгөрсөн сарын 28-ны өдөр галзуурсан адуунд зургаан настай хүүхэд хазуулсан. Хүүхдийн ар гэрийнхний төлөөллийн хэлснээр галзуу адуу үхэр хөөж орж ирсэн. Мөн хоёр нохой хазаж, араас дагаж сонирхож гүйсэн зургаан настай хүүхдийг хазсан ийм л үйл явдал болжээ. Галзуурсан үнэг, чоно, нохойд хүн, хүүхэд хазуулсан тухай сонссоноос галзуу адуунд хазууллаа гэдгийг дуулсан олон хүн цочирдож, гайхаж хүлээж авч байх шиг. Зарим нь элдэв эм тариатай, эрлийзжүүлдэг үүлдэр, угсаатай холбон тайлбарлахыг оролдож байна. Энэ бүхэн дохио  өгсөөр байгааг бид анзаарах ёстой. Галзуурсан мал, амьтны жишээ үүгээр зогсохгүй. Өмнөговь аймгийн Ёлын аманд аялал зугаалгаар явж байсан гэр бүлийн гурван хүн галзуу мануулд хазуулсан. Мөн Говь-Алтай аймагт халуунд гэрийнхээ сүүдэрт унтаж байсан хүүхэд галзуу чонод хазуулжээ. Галзуурсан адуу, чоно, мануулын тухай мэдээлэл бол ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээгээр батлагдсан учраас  олон  сэрэмжлүүлэг болгож гаргасан байна.

Тарваган тахлын анхны сэжигтэй тохиолдол...

Өвөл хавартаа малын шүлхий өвчин, зун болохоор галзуу, намрын сар гарахтай зэрэгцэн  тарваган тахлын аюул сэрэмжлэхээс аргагүй болдог. Ийм л дүр төрх бий болжээ. Намаршиж эхэллээ. Одоо тарваган тахал... Хэдийгээр Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалаар “хулгар шар”-ыг агнахыг хориглосон ч зөрчигдсөөр өдий хүрсэн. Мах, арьсанд нь шунах, мөн тарваганы эд эрхтэн элдэв өвчнийг анагаахад тустай хэмээсэн хар домын ид шидэд итгэгсэд өөрсдийгөө эрсдэлд оруулсаар байдаг.  Баянхонгор аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 2018 оны долдугаар сарын 31-ний өдрийн ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн. Өвчтөний нэгдүгээр хавьтлын найман  хүн, хоёрдугаар хавьтлын 19 хүн байгааг илрүүлэн тогтоож, тусгаарласан ч тахлын  шинж тэмдэг илрээгүй.

Он гарсаар тус аймгаас тарваган тахлын сэжигтэй  хоёр тохиолдол бүртгэгдсэн нь иргэд тарвага хууль бусаар агнаж, худалдаалж, хүнсний зориулалтаар хэрэглэж байгааг харуулсан нэгэн баримт юм.  Азаар  тарваган тахал гарсангүй. Гэхдээ энэ бол сануулга дохио. Нэгэн цагт Европын хүн амыг сүйрүүлэх шахсан гэх энэ аймшигт өвчний аюул Монголчуудын “дэргэд” байсаар. Тухайн үед 100 сая хүний аминд хүрсэн  “хар тахал” зурам, тарвага, харх зэрэг мэрэгчээс халдварласан гэдэг. Манай улсын 17 аймгийн 160 шахам суманд тарваган тахлын голомт бүртгэгдсэн байдаг нь биднийг ямар  их эрсдэл дунд байгааг тодхон харуулна. Харин бид гурван сая. Мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлэг, анхааруулга гаргаж, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийдэг ч 100 хувь хамгаална гэсэн үг биш юм. Тарваган тахлын голомтын идэвхжилтийн үе бараг 11 сар хүртэл үргэлжилдэг гэхээр эрсдэлтэй хугацаа урт байгааг иргэдэд сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй биз ээ. Эс бөгөөс адуу нь галзуу, тарвага нь тахалтай хэмээсэн хэлц үг ч гарч мэдэхээр болсон байна.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.122) 2018 оны 08 сарын 02

Дархан байх ёстой хил замбараагаа алдсан задгай болж, хятадын гар хөл бологчид олширсны гайг монголчууд эдлэж байгаа нь тэр дээ. Газар ус, мал хүнгүй л хордуулж байгаа нь ардчилал гэж бүх юм дэлгэж энэ улсыг *** хүүхэн шиг болгосон үеээс л тэд энэ ажлаа зугуухан хийсэн биз.

0  |  0
Top