Байр суурь: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж  2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг  мөн Сангийн сайд асан С.Баярцогт нарыг 30 хоногийн хугацаатайгаар  саатуулан шалгаж байгаа билээ.

Мөн гэрээг Монголд ашигтай үгүйг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд байгуулж, Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж  байгаа юм.

Тэгвэл “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг хийснээр өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бол бодит үнэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд  засаж сайжруулах зүйл бол мэдээж бий. Оюутолгойн гэрээ зурагдсанаар Монголчуудын амьдрал ядуурчихаагүй. Монголчууд анх удаа дэлхийн хэмжээний том гэрээг хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Оюутолгойн гэрээг шалгах нь зөв гэж би хувьдаа  байгаа. Гэхдээ хүн хэлмэгдүүлж, улс төрийн зорилго агуулж болохгүй. Дубайн гэрээнээс эхлээд буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй. Дубайн гэрээг хийхэд Ч.Сайханбилэг танхимын сайд нартайгаа санал зөрөлдөж, Засгийн газрын хуралдаан дээр хэрүүл болж байгаад ”би хар толгойгоороо хариуцна” гээд алх цохиж шийдвэр гаргасан гэдэг юм.

 УИХ-ын гишүүн  Ч.Улаан: Оюутолгойн  гэрээг өөрчлөх ёстой. Гаднынханд илт давуу эрх болгосон, Үндсэн хуулинд заасан газар дорх баялаг ард түмний өмч байх агуулгатай зөрчилдөж буй хуулиудаа нэн даруй шинэчил гэдгийг Ерөнхийлөгч ч хаврын чуулганы нээлт дээр  ч санууллаа.

УИХ-ын гишүүн  Ч.Даваасүрэн: Оюутолгой орд “Эрдэнэт” үйлдвэрээс 2-3 дахин том. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дөрөв дахин том гэгддэг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин бага татвар төлдөг. 2017 онд “Эрдэнэт” 518 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол Оюутолгой 283 тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Ийм байхад өнөөдөр хамгийн том татвар төлөгч гээд ичихгүй худлаа хэлээд байгаа юм.  Ямар ч байсан баривчилж, шалгадаг юм байна гэдгийг ойлгуулсан үйл явц мөн. Дараа дараагийн хүмүүст ч сургамж болно. Ард түмний юмыг хулгайлж болохгүй гэдэг айдастай амьдрах ёстой.

 УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж: Оюутолгойн гэрээг байгуулсан албан тушаалтныг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад би өмнөөс нь ямар нэгэн тайлбар хийх илүүц байх. Угаасаа хуулийн байгууллага шалгаад нийгэмд байгаа хардлагуудыг нэг тийш нь болгоно.

УИХ-ын гишүүн  О.Содбилэг:  Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарсан. Үүнийг зүйтэй гэж бодож байна. Ялангуяа Дубайн гэрээний асуудал бол маш буруу. Учир нь Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад ямар үр өгөөжтэй, яаж хийгдэж байсан гэдийг монголчууд бүгд мэднэ. Харин Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад хэд хэдэн алдаа байсныг Засгийн газар дарагдуулж Дубайн гэрээг хийж байсанд шүүмжлэлтэй ханддаг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав:  Рио Тинто “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Тэд зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Авто болон төмөр замын аль ч хэлбэрээр. Гэтэл өнөөдөр манай монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж давуу эрх эдлэн тээвэрлэлт хийж, тэнд манай монгол иргэд олон мянган жолооч тээвэрчид зуу, зуун километрийн урт дараалалд саатаж байна. Мөн Монгол Улсад Цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхгүй гаднаас жил бүр 140-150 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашигласаар байна.

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр:  Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий. Түүнээс биш Оюутолгой төслийг зогсоох асуудал байж болохгүй. Өнөөдөр 34 хувиас илүү Оюутолгойн экспортын 20 хувийн орлогыг шууд улсын төсөвт авдаг болох асуудлыг ярьж байна. Энэ түүхий эдийн үнэ унах уу, өсөх үү, бидэнд хамаагүй. Үйлдвэрлэл өндөр өртгөөр явна уу, бага өртгөөр явна уу гэдэг нь Монгол Улсын асуудал биш. Гол нь тэр уурхайгаас гарсан бүтээгдэхүүн, борлуулалт болгоны 20 хувь Монгол Улсын төсөвт татвар хэлбэрээр ордог байх ёстой.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Огцруул(122.201.24.154) 2018 оны 04 сарын 17

Загджавыг бөх Сумьяагийн оронд тавьчихвал овоо зөв алхам хийх юм даа.

0  |  0
Зочин(182.160.32.249) 2018 оны 04 сарын 17

Загджав Энхбаяр нар ажил хэрэгч санал хэлжээ

0  |  0
Top