ЧУУЛГАН: Төрийн албан хаагчид бүгд ижил цалин авдаг тогтолцоог хална

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

УИХ-ын өнөөдрийн чуулганы  хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 

 -Хуулийн төсөлд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан. Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тусгасан.

Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулсан байгаа.  

Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар  зохицуулсан.   Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан”  гэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

-Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж оруулж ирж байгаа нь цаг үеэ олсон гэж бодож байна. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөрийн харилцаа маш доод түвшинд бий. Хөдөлмөрийн хөлс болон хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Зах зээлд бодит хөдөлмөрийн үнэлэмж нь ямар байна вэ. Төр болон хувийн байгууллагууд дур дураараа хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоож байгаа. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялддаггүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баталснаас хойш  маш их удаж байна. Тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцитай уялдуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хуулийн төсөлд оруулмаар байна. Мөн ажил олгогч байгууллагын удирдлагууд ажилтны нийгмийн холбоотой асуудалд  хариуцлага алдсан тохиолдолд тэдэнд оногдуулах хариуцлагын асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу” гэсэн асуултад.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 

-Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг ижил түвшинд байлгах зэргийг шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 

-Хөдөлмөрийн харилцаанд жендерээс хамаарч цалингийн зөрүү их гарч байна. Үүнийг хуулийн төсөлд сайтар оруулж өгмөөр байна” гэсэн асуултад.

 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 

-Эрэгтэй, эмэгтэй ажилтанд ижил хэмжээний цалин хөлсийг олгоно гэж  одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хуульд бий. Энэ нь гэвч хөдөлмөрийн зах зээлд хангалтгүй байна. Иймээс ижил хэмжээний үнэлэмжтэй ажил хийж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин хөлс олгодог байхаар  хуулийн төсөлд оруулсан. Хүйсээр нь ялгаварлаж явцуу хүрээгээр нь зохицуулснаас илүүтэй өргөтгөсөн байдлаар авч үзсэн. Цалинг тогтоохдоо ур чадвараасааа хамаарч ялгамжтай цалин авдаг байх тогтолцоо руу орох. Мөн амжиргааны түвшний өртөг, инфляци түвшинтэй уялдуулаад цалин хөлсийг нэмэгдүүлдэг байхаар зохицуулалтыг шинээр оруулсан.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирсэнд дэмжиж байна. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэй холбоотой хийсэн судалгааг харахад, манайд хөдөлмөр эрхэлж байгаа 1,2 сая иргэний хөдөлмөр, нийгмийн асуудал хамгаалагдаж чадахгүй байгаад миний санаа зовниж байна. Тэдний эрх ашгийг бүрэн хамгаалсан хууль болоосой гэж хүсэж байна. Энэ хууль хэрэгжснээр хөдөлмөр эрхэлж байгаа  хэдэн хүний эрх ашиг хангагдаж чадах вэ. Монгол Улс цаашдаа цалин хөлсний шинэ тогтолцоо руу шилжих ёстой. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

- Төрийн албан хаагчид, эмч, багш гээд бүгд ижил цалин авдаг тогтолцооноос салах цаг болсон. Ажлын онцлог, ажлын байрны нөхцөл, ур чадвараас хамаарч цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар судалгаа хийгээд эхэлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Нярайн эмч, мэс заслын эмч, нойрсуулагч эмч, сувилагч гэсэн энэ дөрвөн ажил мэргэжил хамгийн их ачаалалтай, өндөр ур чадвар шаардагддаг гэдэг нь судалгаанаас харагдсан. Түүнээс гадна хөдөлмөрийн маргааантай холбоотой  асуудлыг шийдвэрлэх хоёр  зохицуулалт  хийхээр хуульд тусгасан.

-УИХ-ын гишүүн  Ц. Мөнх-Оргил

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга ажилгүйдлийг бууруулах чухал үүрэгтэй гэж ойлгож байгаа. Мэдээж ажилгүйдэлд  эдийн засгийн нөхцөл, боловсролын буруу тогтолцоо, хөдөлмөрийн бүтээмж зэрэг  олон чухал нөлөөлөл бий.  Үүнд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь хөдөлмөрийн хууль юм. 1999 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Энэ оруулж ирж байгаа шинэчилсэн найруулгад тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байгаа юм шиг хэрнээ цаад утгаараа шинэ асуудлуудыг хөндөж, улам хүндрэлүүд бий болгохоор харагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөтгөж байгаа гэж ойлголоо.  Гэхдээ дадлагажигч, түр ажиллагч, цагийн ажилтан зэргийн асуудлыг шийдэж байгаа гээд эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлэх бус  тэдний ажлын байрыг багасгах юм биш үү. Илүү уян хатан , өөр зохицуулалт тусгах ёстой гэж харж байна.

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

-ААН-байгууллагад нэгээс дээш үйлдвэрчний эвлэл байх ёсгүй гэж үзэж байгаа. Үүнээс олон болохоор хэтэрхий улс төрждөг, ашиг сонирхлын үйл ажиллагаа явуулдаг. Дагалдан болон туршилтаар ажиллаж байгаа ажилтанд цалин хөлс өгөхгүйгээр хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг байсныг засаж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ хуулиар хангалтгүй зохицуулсан байна. Мөн нийлүүлэгч, ажилтан хоёрын хоорондын харилцааг зохицуулах шаардлагатай байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldochir(202.21.109.157) 2018 оны 04 сарын 13

yu gej bodhow de hurhi

0  |  0
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 13

Нэг мэргэжлийн 2 хүн байхад 2 өөр ажлын дадлага туршлагатай байдаг шүү дээ

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 04 сарын 13

Даргын цүнх баригчдад зориуж засвар хийж байгаам уу

0  |  0
зул(124.158.90.28) 2018 оны 04 сарын 13

Ур чадварыг нь үнэлэх, тогтоох хэрэгтэй. Үүний тулд ажил олгогч ур чадварыг нь тогтоох шалгалт, аттестатчлал явуулах шаардлагатай тул эрх хэмжээг нь хуулиар зохицуулах нь чухал. Төрийн үйлчилгээний албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй шалгалтаар цалинг нь өөрчлөх асуудал тулгардаг.

0  |  0
зочин (43.228.131.206) 2018 оны 04 сарын 13

ур чадвараас шалтгаалж цалинг олгоно гэдгээс бусад одоогийн хуульд байгаа заалтууд байна. Шинэчлэгдсэн юм алга. бодвол хууль санаалчилсан гээдл 25,0 сая төгрөг авсан байх даа

0  |  0
Top