Ж.Даваадулам: Мэдлэг бол хүч, баялаг хэрхэн ажиллах нь эзэн хүний хэрэг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Мэдлэг боловсролтой иргэд бол ямарваа нэг улсын хөгжил дэвшлийн гол түлхэх хүч билээ. Тиймээс хувийн боловсролоо дээшлүүлж, мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцаж, бусдаасаа мэдээлэл авах явдал бидний эх орондоо оруулж байгаа хувь нэмэр мөн бөгөөд иргэний үүргийн маань нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Ингээд “Мэдлэг” хэмээх агуу ойлголтод хамаарах олон талт мэдээллийг уншигчдадаа толилуулах зорилго бүхий манай булангийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Математикийн тэнхимийн дэд профессор, доктор, онолын математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй эрдэмтэн Ж.Даваадуламыг урин оролцуулж байна. “Анхдагчдын өлгий” гэгддэг Булган нутгаас гаралтай доктор бүсгүй маань онолын математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол эмэгтэй гэж 11 дэх жилдээ “цоллуулж” байгаа бөгөөд Оросын шинжлэх ухааны бахархалуудын нэг болсон алдарт Нокольскийн функцийн онолын шавь сургуулийн эд эсийн нэг юм.

-“Мэдлэг” хэмээх ойлголт хэдийнээс эх үүсвэр нь тавигдсан бол?

-Мэдлэг бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийн аль ч үед хүнд хүч чадал, итгэл зоригийг өгсөөр ирсэн. Гал гаргаж сурсан анхны хүний нүдэнд ухамсрын гэгээ гялалзаж, байгалийн хатуу ширүүнтэй тэмцэн амьд үлдэж чадах урам зоригийг бадраасан нь дамжиггүй. Урамшиж хөөрсөн ухамсарт хүмүүн бусдадаа мэдлэгээ түгээх, үр хойчдоо энэ мэдлэгээ өвлүүлэн үлдээх ариун үйлсэд шамдан орсон байлгүй. Ингэж л мэдлэг бүтээх, мэдлэг түгээх, мэдлэгийг хэрэглэх, мэдлэгийг уламжлах үйл хэрэг эхэлсэн биз ээ. Ном зохиолд мэдлэг гэдгийг “Хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны үр дүнгийн оршин байх хэлбэр” гэж тодорхойлсон байдаг. Эмпиризмийн үндэслэгч суут Фрэнсис Бэкон “Мэдлэг бол хүч” гэсэн алдарт үгээ хэлэхдээ чухамхүү шинжлэх ухааны мэдлэгийг онцлон хэлсэн байж таарна. Шинжлэх ухааны мэдлэг нь бидний амьдран буй өнөөгийн гайхамшигт дэлхий ертөнцийг бүтээж өгсөн.

-“Мэдлэг” хэмээх нэгэн том цул ойлголт байна. Түүнийг хэрхэн ангилдаг вэ?

-Мэдлэгийг ерөнхийд нь шинжлэх ухааны ба бусад гэж ангилна. Мэдээж шинжлэх ухааны мэдлэг бол хамгийн үнэ цэнэтэй. Шинжлэх Мэдлэг бол хүч, мэдлэг бол баялаг хэрхэн ажиллах нь эзэн хүний хэрэг ухааны мэдлэг хүн төрөлхтөнд байгаль, нийгэм, зүй тогтлын тухай үнэн зөв төсөөллийг өгч, баялаг бүтээх боломжийг олгодог. Мөн мэдлэгийг ил ба далд гэсэн үндсэн хоёр төрөлд хувааж болно. Ил мэдлэгийг цаасан дээр буулгаж өгөгдөл болгон хадгалах боломжтой. Ил мэдлэгийн жишээнд: гарын авлага, бичигдсэн үйл ажиллагааны зааварчилгаа, сайн туршлага, хичээл судалгааны үр дүнгүүд орно. Ил мэдлэгийг дотор нь бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй хэмээн ангилдаг. Баримт бичиг, өгөгдлийн сан, хүснэгтэн мэдээллүүд тодорхой байдлаар зохион байгуулагдсан байдаг тул бүтэцлэгдсэн мэдлэгт хамаарна. Харин и-мэйл, зураг, сургалтын курс болон дуу дүрсний бичлэгүүд эмх замбараагүй байрладаг учир эдгээр нь бүтэцлэгдээгүй мэдлэг юм. Хүмүүсийн толгойдоо тээж явдаг мэдлэг бол далд мэдлэг. Энэ нь ил мэдлэгээс илүү хийсвэр, ямар нэгэн зүйлийн талаар тайлбарлах боломжгүй ойлголт бөгөөд бичиж тэмдэглэхэд ч гэсэн хүндрэлтэй. Далд мэдлэгийг олж эзэмшихэд хэцүү байдаг. Үнэндээ ихэнх хүмүүс өөрсдийн далд мэдлэгийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэддэггүй. Эрдэмтэд далд мэдлэгийг илүү үнэ цэнэтэй хэмээн авч үздэг бөгөөд эдгээр нь хүн, газар, туршлага болон санаа бодлын талаар мэдээлэл өгдөг.

“МЭДЛЭГ БОЛ БАЯЛАГ” ГЭЖ ХЭЛЭХ ЦАГ НЭГЭНТ ИРСЭН БАЙНА. БИД ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГААС ЗАЙЛАХ ГАЗАРГҮЙ. ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ТӨСӨВ ҮРЭГЧ БУС, БАЯЛАГ БҮТЭЭГЧ САЛБАР ГЭЖ ҮЗЭХ ЦАГ БОЛСОН.

-Мэдлэгийн түвшин гэж юу вэ?

-Мэдлэгийн түвшингийн талаар эрдэмтэд судлаачдын хэд хэдэн хувилбар байдаг. Жишээ болгон нэг хувилбарыг сонирхуулья. Intelligent Enterprise (1992) номын зохиогч, мэдлэгийн менежментийн нэрт судлаач Жеймс Брайн Квин/James Brian Quinn/ мэдлэг эзэмшилтийн дараах 4 түвшин байна гэж үзсэн. Үүнд: 1-р түвшин: Юу вэ гэдгээ мэдэх /know what/ – Оюутнууд их сургууль төгсөхдөө мэдвэл зохих танин мэдэхүйн мэдлэг 2-р түвшин: Хэрхэн, яаж гэдгийг мэдэх /know how/ – Онолын мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх чадвар. Энэхүү мэдлэгийг оюутнууд их сургуулиа төгсөөд ажилд орсны дараа өөртөө төлөвшүүлэх шаардлагатай. 3-р түвшин: Яагаад гэдгийг мэдэх /know why/ – Аливаа нарийн төвөгтэй үйл явдлын учир шалтгаан, үр дагаврыг гүн гүнзгий ойлгох чадвар. Энэхүү мэдлэгийг хүнд хэцүү асуудал шийдвэрлэх, бусадтай туршлагаа хуваалцах явцдаа олж авдаг. 4-р түвшин: Яагаад гэдгийг тун нухацтай авч үзэх /care why/ – Энэ бол өөрийгөө сэдэлжүүлэх бүтээлч үйл ажиллагаа. Энэ түвшний мэдлэг бүхий хүмүүс хүсэл сонирхол, урам зоригтой, амжилтанд хүрэх чадвартай байдаг.

-Академик чиглэлийн хичээл хэтэрхий олон байна гэж шүүмжилдэг. Жишээ нь, математикийн хичээлийг бүх хүүхэд заавал судлах ёстой юу?

-Математик бол юуны өмнө зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм. Ялгаатай юмсыг нэг нэрээр нэрлэх урлаг ч гэдэг. Орчин цагийн шинжлэх ухаан математикийн хэл дээр бичигдсэн байдаг. Математикийн аргуудыг хэрэглэхгүй мэдлэгийн нэг ч салбар байхгүй. Хэл шинжлэлд хүртэл математикийн аргуудыг хэрэглэж байна. Математик бол биологичдын микроскоп, одон орончдын телескоп нь юм. Мэдлэгийн эдийн засгийн эрин үеийн хамгийн үнэтэй баялаг болох өндөр үр ашигтай хүн-баялаг билээ. Өндөр үр ашигтай хүн бол юуны өмнө шинжлэх ухааны, тэр тусмаа байгалийн шинжлэх ухаан, техник технологийн өндөр түвшний мэдлэг эзэмшсэн байх ёстой. Иймд зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтээрээ өсвөр үеийнхний математикийн боловсролд маш өндөр ач холбогдол өгч байгаа. Товчхондоо, аль улс хүүхдүүдээ математикт сайн сургана, тэр улс хөгжлөөрөө тэргүүлнэ гэж ойлгож болно. Нөгөө талаас математик бол сэтгэлгээний сахилга батад сургадаг. Логик холбоотой, эрүүл, зөв сэтгэж сурна гэсэн үг юм.

МАТЕМАТИК БОЛ ЮУНЫ ӨМНӨ ЗҮЙ ТОГТЛЫН ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН ЮМ. ЯЛГААТАЙ ЮМСЫГ НЭГ НЭРЭЭР НЭРЛЭХ УРЛАГ Ч ГЭДЭГ. ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААН МАТЕМАТИКИЙН ХЭЛ ДЭЭР БИЧИГДСЭН.

-“Мэдлэгтэй байснаас мэдрэмжтэй байсан нь хавьгүй дээр” гэх үгийг Эйнштейн хэлсэн гэлцдэг. Мэдлэг, мэдрэмж хоёрын ялгааны талаар ярилцвал?

-Би олж сонсоогүй юм байна. Азийн “Цахиурын хөндий” болно гээд байгаа Солонгосын алдарт KAIST сургуулийн ханан дээр “Imagination is more important than knowledge” гэсэн бичиг байсныг бол санаж байна. “Санамсаргүй тохиолдол бол зөвхөн бэлтгэгдсэн оюун ухаанд л тусалдаг” гэсэн өөр нэг мэргэн үг манай МУИС- ийн ханан дээр бичээстэй байдаг. Бид, багш нар ирээдүйд нээлт хийх эрдэмтэн, судлаачийн оюун ухааныг бэлдэж байгаа гэж боддог.

-Өнөө үед мэдлэгийн эдийн засаг гэж их яригдах болсон. Энэ ойлголтын талаар уншигчдад тайлбар өгнө үү. Улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Мэдлэгийн эдийн засаг бол эдийн засгийн хөгжлийн дээд түвшин юм. Өнөөдөр дэлхийн улс орнуудыг эдийн засгийн хөгжлийн түвшингээр нь:

o Үйлдвэржилтийн өмнөх буюу түүхий эдийн эдийн засагтай

o Үйлдвэржилтийн эдийн засагтай

o Үйлдвэржилтийн дараах үеийн эдийн засагтай

o Инновацийн буюу мэдлэгийн эдийн засагтай гэж ангилж байна. Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж буй судлаач хүн бүр шинэ мэдлэг бүтээхийн төлөө зүтгэж байдаг. Шинжлэх ухааны салбарын бүтээгдэхүүн бол шинэ мэдлэг юм. Мэдлэгийг бүтээлчээр хэрэглэн шинэ бүтээгдэхүүн бий болгох үйл явц бол инноваци юм. “Мэдлэг бол баялаг” гэж хэлэх цаг нэгэнт ирсэн байна. Бид дэлхийн чиг хандлагаас зайлах газаргүй. Шинжлэх ухаан, боловсролын салбарыг төсөв үрэгч бус, баялаг бүтээгч салбар гэж үзэх цаг болсон.

-Дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагад ямар төрлийн мэдлэг илүү их эрэлт хэрэгцээтэй болох бол?

-Шинжлэх ухааны мэдлэгүүдээс энэ нь илүү, тэр нь дутуу хэрэг болно гэж хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд маш хурдан хугацаанд шинэ мэдлэгийг эзэмшиж чадах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлдэх тухай эрчимтэй яригдаж байгааг бол мэднэ.

-Залууст хандан, мэдлэгээ хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар зөвлөгөө өгнө үү.

-Мэдлэг бол хүч. Мэдлэг бол баялаг. Хэрхэн ашиглах нь эзэн хүний хэрэг. Дэлхий ертөнц уудам билээ.

-Мэдлэгийн далайгаасаа уудлалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд баярлалаа.

 

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504

Top