Э.Макрон: Трамп түрэмгий шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

 Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс бие даан гарах асуудлыг түрэмгийлсэн үйлдэл гэлээ. Гэхдээ тэрбээр Доналд Трамп шийдвэрээ өөрчилж, эргэн ирэхээр шийдэх юм бол хүлээж авахад бэлэн байгаагаа хэлэв. “АНУ бол агуу орон. Гэхдээ Парисын хэлэлцээрээс гарсан явдал нь түрэмгийлсэн үйлдэл. Трамп зүгээр л гараад яваад өгөх шийдвэр гаргалаа” гэж Э.Макрон “CBS” телевизэд ярьжээ. “Энэ бол түүхийн өмнө том хариуцлага үүрэх хэрэг боллоо” гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэрбээр Трампыг ойрын сард юмуу, жилд шийдвэрээ эргэж бодож үзнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. “Би дахин хэлэлцээр хийхэд бэлэн биш байна. Гэхдээ АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэхээр шийдвэл хүлээж авахад бэлэн байна” гэж Э.Макрон ярьж байна. Тэрбээр өмнө нь Вашингтоны шийдвэрээс болж үүссэн санхүүгийн алдагдлыг Европ нөхөн төлөх ёстой гэж байжээ.

АНУ-ын Төрийн департамент НҮБ-д хандан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс гарах болсноо албан ёсоор мэдэгдсэн билээ. Доналд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэсэн юм. Хэлэлцээрийн гол зорилго нь дэлхий нийт тогтвортой хөгжилтэй байж, ядуурлыг үгүй хийхэд хүчин чармайлт гаргах хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх юм. Энэ хүрээнд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад хоёр цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалсан билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт цаг уурын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий улс орнуудыг нэгдэхийг Францын Ерөнхийлөгч уриаллаа. Энэ ангилалд багтах улс орнуудад манай Монгол Улс ч ордог юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top