Б.Болор-Эрдэнэ: Залуус бид улс төрийн унасан нэр хүндийг буцааж байранд нь тавих болно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

  Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сар гаруйн хугацаанд үргэлжилж, нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар 21 аймгийн намынхаа залуучуудтайгаа уулзалт хийж, санал бодлоо солилцсон. Хүчтэй өрсөлдөгч, АН-ын Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй тийм ардчилсан, шинэ соёлыг бий болгосон дотоод сонгууль боллоо гэж харж байна. Хоёр нэр дэвшигч маань нэгнийгээ муулах өнгө аяс ерөөсөө харагдаагүй нь маш зөв соёлыг харууллаа гэж ойлгож байна?

-Бидний хувьд өөр хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь албан тушаалд очихоос илүүтэй залуус бид улстөрд шинэ соёлыг авч ирж чадна гэдгийг батлан харуулах нь чухал зорилго байсан. Ялангуяа улс төрийн томоохон хүчний дэргэдэх залуучуудын байгууллагын шинэчлэлийн үйл явц явагдаж байгаа бол шинэ хандлага соёл, шинэ итгэл найдварыг нийгэмд бий болгох нь илүүтэй чухал. Тиймээс ч Дотоод сонгуулийн турш улстөрд хэрэглэгддэг хар PR-ыг огт хэрэглэлгүй, санал татах зорилгоор мөнгө тараах, сонгуулийг будлиантуулах элдэв бусармаг зүйлийг үл зөвшөөрөн, хэрхэн нөхөрсгөөр бодлогын өрсөлдөөн хийж болдгийг харуулахыг эрмэлзсэн. Зорилгодоо ч хүрч чадсан гэж бодож байна. Монголын улстөрд ийм жишиг тогтоосой гэж хүсдэг. Сайн жишиг тогтоохын төлөө залуу улс төрчид бид цаашдаа хамтдаа хичээх болно.

-Мэдээж хоёр өрсөлдөгчийн нэг нь ялна. Та сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би үүнийг ялалт, ялагдал гэж харахаасаа илүүтэй үзэл санаа, бодлогын өрсөлдөөн гэж харж байгаа. Сонгуулийн үр дүн нэг бол миний талд, эс бөгөөс өрсөлдөгчийн талд гарах нь тодорхой шүү дээ. Алин боловч ямар үр дүн гарахаас үл хамааран миний хувьд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх нь улс төрд шинэ соёлын үрийг тарьж, өөрийн үзэл санаагаа нийгэмд танилцуулах, өөрийн ажлын туршлага болох асуудалд илүү прагматик хандах судалгаа шинжилгээний арга зүй болон үйлчилгээний салбарын туршлагаа намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх санаачилга гаргах, өөрийгөө хариуцлагажуулах гээд аль ч талаасаа бодсон надад ялсан зүйл олон бий. Өрсөлдөөн үргэлж ардаа хөгжлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл, нэгнийгээ хурцалж, улам илүү хариуцлагажуулдаг тул өрсөлдөөн бол эерэг үйлдэл гэж ойлгодог. Энэ ч утгаараа их зүйлд суралцаж, амьдралын амтыг мэдэрсэн 21 хоногийн дараа  “Улстөрч хүн үргэлж ялахаас илүүтэй үргэлж суралцдаг байх нь чухал” гэсэн эрхэм хүмүүний үг юутай үнэн бэ гэж бодсон шүү. Эрхэм анд С.Эрдэнэболд болон уулзаж ярилцсан залуусаас олон зүйл сурлаа.

Намайг ямар ч нөхцөлгүйгээр дэмжиж, ард минь тулж, үйл хэрэг, хүсэл сэтгэлийг минь ойлгон, бас итгэж дэм тус болж, сайны ерөөл тавьсан хүн бүрт баярлалаа. Мөн иргэнээ дээдэлсэн АН-ын шинэчлэлийн үйл хэргийг ажиглан буй иргэд, сэтгэл оюунаа зориулан буй АН-ын нийт гишүүд, тэр дундаа 90 мянган залуу гишүүд, түүний дотор сонгуульд мандатын эрхтэй оролцсон гишүүд, тэдгээрийн дотор миний үзэл санаа, үнэт зүйлс, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн 2600 шахам гишүүддээ талархал илэрхийлье!

-Орон даяар намынхаа залуучуудтай уулзсан. Намын залуу гишүүдэд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

- Монгол Улсынхаа 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон залуустай уулзлаа. Залуус бидэнд эх орон, аймаг, сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэл дүүрэн байна. Гэлээ гэхдээ бодитой хийж бүтээхээс урьтаж залуусын өмнө тулгамдаж байгаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байна гэдгийг ихээхэн онцолж байсан. Тухайлбал, хувь хүний хөгжлийн асуудал буюу сурч боловсрох, лекц хөтөлбөрт хамрагдах, гадаад, дотоодод сургалтад хамрагдах хэрэгцээ өндөр байна. Мөн түүнчлэн залуучуудын ажил эрхлэлтийн асуудал үнэхээр тулгамдсан асуудал болжээ. Ажлын байр шинээр бий болгох, залуучуудын ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх, санал санаачилгыг дэмжих, залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог дэмжих, хамтран ажиллах нөхцлийг хангах нь чухал байна. Эх орны үнэт баялаг болсон хүмүүс, тэр дундаа залуусаа бид ойлгодог, ойрхон байж, амьд харилцааг үүсгэж, хамтран ажилладаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ялангуяа нийгмийн идэвхтэй залуусын бүлэг болон намын залуу гишүүдээ зөвхөн сонгуулийн үеэр ашиглаад өнгөрдөг баттерей шиг хандах бус байнгын идэвхтэй байлгаж, нийгмийн баялгийг бүтээгчид, нийгмийн идэвх оролцоогоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх, дадлагажуулах, чадавхижуулах боломжийг олгодог байх нь чухал байна. Улс төрийн нам, төр засаг нь ард иргэддээ үйлчлэх ёстой. Энэ хандлага нь намаас, намын гишүүдийн ухамсар хандлагаас эхлэлтэй.

-Таны өрсөлдөгч, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд өөртэй чинь хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн. Та АЗХ-ны бодлого үйл ажиллагаанд оролцож ажиллана биз дээ?

-Сонгуулийн дүн ямар гарахаас үл хамааран миний бие улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх, Монгол төрийн залгамж, төрийн хар хүн байх эрмэлзэл зорилгодоо үнэнч байж, залуу үеийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлан, дуу хоолой, гар бие, хүсэл сэтгэлээ зориулан хөгжлийн төлөө сэтгэлтэй хүн бүртэй хамтран ажилласаар байх болно гэсэн бодолтой энэхүү сонгуульд оролцсон. Энэ бодол маань өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй. Хөгжил дэвшилд чиглэсэн дэвшилтэт санаа бодлоо зөвхөн АЗХ гэхгүйгээр хаана ч илэрхийлж, бодит биелэл болгохын тулд хүчин зүтгэх болн

АЗХ залуусыг соронз мэт татдаг байх ёстой

 

-Намын залуучуудын байгууллага гэхээр тийм ч сайн нэр хүндтэй биш. Ер нь дан ганц залуучуудын байгууллага ч гэлтгүй улстөрийн намууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. АЗХ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Хүн зорилгоо л тодорхойлж чадвал маш их зүйл хийх боломжуудаа олж харж чаддаг. Монголын нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол залуучуудын идэвх оролцоо. Нөгөөтэйгүүр, идэвх оролцоотой залуучуудынхаа оролцоог нь шударга үнэлж чадахгүй байна. Миний хувьд, АЗХ-ны олон мянган гишүүнийг бүгдийг нь идэвхжүүлж, оролцоог нь нэмэгдүүлэхийг хамгийн их хүсэж байна. Энэ өөрчлөлтийг би ганцаараа биш АЗХ-ны 90 мянган гишүүн бүгдээрээ хүсэж байгаа. Тиймээс ч энэ өөрчлөлтийг би ганцаараа биш бид хамтдаа АЗХ-нд авч ирнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, АЗХ 17 жилийн ололт амжилтуудаа улам бататгаж, алдаагаа засч залруулан, залуучууддаа шинэ боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. АЗХ сонгууль болохоор л идэвхэждэг байгууллага байж таарахгүй. АЗХ залуусыг соронз мэт татдаг байх ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд гишүүддээ үнэлэгддэг, гишүүдээ үнэлдэг болох ёстой. Олон нийтийн итгэлийг хүлээхийн тулд олуулаа бодож, олуулаа оролцож чаддаг байвал үр дүнтэй, бүтээмжтэй байх болно.

Залуус бид улс төрийн унасан нэр хүнд, ойлголтыг буцааж байранд нь тавих болно. Улс төр бол улс гэрээ засах, хүн ардаа амар амгалан амьдруулах тухай ариун нандин ойлголт. Иймийн тулд шинэ үе, залуус улс төрд орж ирсээр л байх болно, улс төрийн шинэ соёлын тухай ярьсаар, бодит болгохын тулд хичээл зүтгэл гаргасаар байх болно. Бодит үйлдлээрээ нэгэн цагт хүлээн зөвшөөрөгдөх үе ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та намынхаа лидерүүдээс хэнтэй нь илүү ойр ажилладаг вэ?

- Ардчилсан нам 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа шинэчлэлийн олон талт бодлогуудыг хэрэгжүүлж, үр дүн нь эхнээсээ эерэг гарсаар байна гэж ойлгож байгаа. АН фракцгүй нам болохоо олон нийтэд зарласан. Намын хэрэг эрхлэх газарт ч явцуу сонирхол, фракцийн эрх ашиг байдаггүй. Миний хувьд АН-ын ХЭГ-т Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтсийн даргаар ажилладаг хүний хувьд намын удирдлагуудтай өдөр тутам мэдээлэл солилцож, тайлагнаж, үүрэг даалгавар авч, ажлын шаардлагаар ойрхон ажилладаг. Шаардлагатай бол намынхаа лидерүүдээс хэнтэй ч ойрхон ажиллах боломжтой. Манай намын соёл бол лидер гээд өндөрт манддаг бус хэзээ ч ард иргэдийнхээ дунд, амьдрал дунд нь байж чаддагт болов уу гэж боддог.

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа АН шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Тодорхой ажлууд хийгдэж байна. Үнэхээр АН шинэчлэгдэж чадаж байгаа юу?

-Ардчилсан нам шинэчлэгдэж байгаагийн хамгийн ойрын жишээ бол сая болж өнгөрсөн Ардчилсан залуучуудын холбооны сонгууль. Улстөрчид, улстөр сонирхогчид төдийгүй судлаачид хүртэл “Энэ сонгууль Монголын улстөрд шинэ соёл авч ирж чадлаа” гэж үнэлж байна. Энэ бол Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцад өгч буй хүмүүсийн үнэлгээ гэж харж байна.

Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам сүүлийн 27 жилийн хугацаанд гурав дахь удаагийн том цохилтоо авсан. Тиймээс хэн ч, хэзээ ч хийж байгаагүй шинэчлэлийг хийх хүсэл эрмэлзэл, алхмууд хийж байна. Тухайлбал, анхан, дунд шатны намын удирдах 17 мянга 800 сонгуульт албан тушаалд 20 мянга гаруй хүн өрсөлдсөн дотоод сонгууль явууллаа. Үүний үр дүнд АН-ын удирдлагууд 100 хувь, удирдах бүрэлдэхүүний 80 орчим хувь нь шинэчлэгдлээ. Намын бүх шатны сонгуулийг бүх гишүүдийн оролцоотойгоор сонгодог хувилбарыг амжилттай хэрэгжүүлсээр л байна. Намын гишүүдийн сонгосон үр дүн учраас хэн нэгний үзэмж, даргын шийдвэрээр шийдэгдээгүй гэдгийг хэлэх байна. Энэ бол урьд өмнө нь Монголын улс төрийн намуудын түүхэнд гарч байгаагүй томоохон шинэчлэл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ ч нийт гишүүдийнхээ асуулгаар тодруулсан. Үр дүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогдсон. Энэ бүхнээс АН дотооддоо маш сайн шинэчлэгдэж чадаж байгааг харж болно.  Мөн нэг зүйл нэмж хэлэхэд намын шинэчлэл нь сонгуульд ялагдсаны дараа л хийгддэг үйл явц биш хөгжил нь тасралтгүй байх ёстой. Дөрвөн жилээр хязгаарлагдаж болохгүй, харин сонгуулиас үл хамаарах системийг намд хийх ёстой. Ингэж чадвал төрийн үйл ажиллагаа ч сайжирч, тасралтгүй хөгжлийн боломжууд бий болно. 

Нийгмийн өмчийг завшсан асуудлуудад бид үндэс сууриар нь эмчлэх хэрэгтэй

-АН-ын дарга удирдлагуудыг залуучуудаа дэмждэггүй гэж шүүмжилдэг. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон ах нар одоо ч намыг удирдсаар байна. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийж, үзэл бодлоо илэрхийлэх, сурч боловсрох, дэлхийн хүн зонтой хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд нээж өгсөн ах нарыгаа өнөөгийн залуус бид ад үзэж, ямар нэгэн байдлаар зайлуулах явуулга, оролдлого хийх нь зүйд нийцэхгүй. Р.Гончигдорж гуайн хэлсэн үг санаанд орж байна. Зайлуулж биш залгамжилж аваарай гэж. Бид өнгөрсөн үeийнхээ хийж бүтээснийг үнэлэх ёстой. Харин алдаа дутагдлаас нь сургамж аваад, засч залруулахын төлөө л явах ёстой. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй, өнөөдөргүй маргааш гэж үгүй шүү дээ.

Мөн бид тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Ахмад үе хийгээд монгол төрийн залгамж бодлого өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирсэн учир залуучууд бид ачааны хүндийг үүрнэ. Үүрэх үүрэхдээ хэсэг манлайлагчид бус нийтдээ, бүх хүн үүрэх ёстой. Өнөөдрийн ачааг нуруундаа үүрч, бяр суух нь өнгөрсөн үeийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага гэж би ойлгодог. Тиймээс ч  хэн нэгэн улстөрч, хөрөнгө мөнгөтэй эрхэм биш, энэ эх орон, тусгаар тогтнол, үүх түүхийг бүтээж, өвлүүлж үлдээсэн ахмад үe маань миний араас нөмөрлөж байгаа гэж боддог. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд өмнөө тавьсан зорилго, чиглэсэн чиг шугамтай,  түүндээ үнэнч байх ёстой.

-С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг ч юм уу олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртдөг, оффшор, авлигын хэрэгт нэр нь холбогдож буй хүмүүсээсээ АН салах ёстой биш үү. Тэгж байж шинэчлэгдэнэ гэж харж байна л даа?

-Хэн нэгнийг намаас гаргаснаараа, эсвэл оруулж ирсэнээрээ нам шинэчлэгдчихдэг юм биш л дээ. Үргэлж зөв явдаг хүн гэж байдаггүй. Гол нь алдсан алдаагаа эргэн хараад засах чадвартай байх ёстой. Бага байхдаа С.Баярцогт гуай шиг улс төрч болно доо гэж бодож, хүндэлдэг байлаа. Хэн ч алдаа гаргаж болно, алдааг уучлаарай гээд засчихдаг биш бодит үйлдлээрээ нотлон харуулах хэрэгтэй болох бизээ. Монголчууд бид цөөхүүлээ, хүн бүрийн үнэ цэнийг бид мэдрэх, үнэлэх хэрэгтэй. Авлига зэрэг нийгмийн өмчийг завшсан асуудлуудад бид үндэс сууриар нь хандаж, сууриар нь эмчлэх хэрэгтэй. Ужиг өвчинтэй үед бид уг үндсээр нь эмчлэхгүй бол зөвхөн гарч ирсэн шинж тэмдэг төдий дээр үйлдэл хийсээр бодит үр дүнд хүрэхгүй. Шинж чанараас нь илүүтэй мөн чанар, учир шалтгааныг нь олж илрүүлдэг, түүн дээр нь илүүтэй анхаарч, төвлөрдөг болчихвол бидэнд их хэрэгтэй дээ.

-Монголын улс төр, төрийн алба аль аль нь авлига, албан тушаалын наймаатай холбогдчихлоо. Монгол Улсын дайсан бол төрийг удирдаж буй авлига авдаг, хөрөнгө мөнгө завшдаг хүмүүс гэж ойлгогдож байна. Үүнээс яаж гарах вэ?

-Харамсалтай нь нийгэмд ийм ойлголт байна. Хэсэг найзуудын хамтаар улс, нийгмийн асуудлаар яриа дэлгэх үед хэн нэг маань бидний яриа “улс төржөөд байна” гээд ярианы үнэ хүндийг унагаж орхидог. Үнэндээ улс төржих гэдэг нь сөрөг агуулгыг илэрхийлдэг болжээ. Улс төрийн салбарт яваа залуусыгаа амар хялбар аргаар амьдрах гэж байгаа нөхөд мэтээр явцууруулан ойлгох байдал түгээмэл. Аргагүй дээ, улс төрийн ариун нандин ойлголт яаж шалан дээр унасан байгааг л илтгэж байгаа хэрэг. Сонгуулийн үеэр 60 тэрбумын гэх асуудал нийгэм даяар л яригдлаа. Улс төрийн нам, улс төрчдийн нэр хүнд хүний өөрийнгүй уналаа. Өнөөдөр Монгол төрийн залгамж халаа, төрийн мэргэшсэн, сэтгэлтэй, иргэн төвтэй хандлага бүхий ажилтнуудыг бий болгох, үүний тулд тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсрол, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбаруудад улс төрийн томилгоо хийдэггүй болгох, улс төрийн томилгоог хэн нэгэн мөнгөтэй нөхөр, даргын ах дүүс, хамаатан зэргээр сохор нүдээр харж томилох бус мерит тогтолцоог жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх, зах замбараагүй хүнийрхүү халаа сэлгээг зогсоож, бодит үнэлгээний системд тулгуурлан шударгаар хийх, улс төрийн намууд засаг барьж буй эсэхээс үл хамааран тасралтгүй хүний нөөцийн бодлогодоо анхаарч, үргэлж сайжруулж байх нь чухал байна.

-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой болов уу. Гишүүнчлэлгүй болох, санхүүжилт тодорхой байх гээд олон зүйл яригддаг?

- Өнөөдөр бид арай л дэндүү хуваагдаж, талцаж байна. Бидний цөөхөн Монголчууд энэ байдлаараа хол явахгүй. Нэгдэж, нягтарч, бие биенээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Намын гишүүнчлэл гэснээс миний ажигласнаар сүүлийн жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар миний бие хэд хэдэн аймгууд дээр нэр дэвшигчийн уулзалтыг зохион байгуулахад ажилласан. Уулзалтад ирж байсан хүмүүсийн дийлэнх нь намын гишүүд л байлаа. Уг нь намын бус иргэд, сонгогчдод л аль болох мөрийн хөтөлбөрөө, зорилго санаагаа хэлж яримаар байгаа юм шүү дээ. Энэ байдал хаа сайгүй л байгаа болов уу. Бид амьдралдаа нэг намын гишүүн болсон л бол насан туршдаа хаяг зүүж адлагдана, ажлаасаа халагдана, ах дүүстээ хаягдана. Нам дотроо ч үзэл санааны зөрүү  байдал үүсвэл өөрийн талд ч өрөөлийн талд ч нүүргүй болсон олон гишүүд хөөрхийлөлтэй. Энгийн парадокс нэг иймэрхүү л байна. Бодох л хэрэгтэй.

-Та улс төрч хүн. Нийгэмд болж буй үйл явдлыг цаг тухай бүрт нь хүлээж авч үнэлэлт дүгнэлт өгдөг байх. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгч ярьж байна. Энэ тухайд ямар бодолтой байна?

- Манай улс 2012 оны нэгдүгээр сарын 5-нд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд багтсан. Үнэндээ цаазын ялтай байх эсэх асуудал үргэлж маргаантай, хоёр талын байр суурь илэрхийлэгдэж байна. Нийгмийг түгшээсэн жигшүүрт хэрэг гарч, нийгмээрээ жигшин, цаазаар авах ялыг хэрэгжүүлэх шаардлагатайг хүчтэйгээр шахаж байна. Гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд, хүмүүс гэмт хэргийн золиос болж байгаа нь туйлын харамсалтай. Гэм нүгэлтнүүд хожмын нэг өдөр нөхөн төлөлтөө амсаж, үйлийн үрээ эдлэх нь жам ёсны зүйл. Харин цаазын ялтай улс байхын тулд зарим зүйлийг бид бодолцох хэрэгтэй санагдаж байна. Үзэн ядалт нь үзэн ядалтыг үргэлж төрүүлж байдгийг санах хэрэгтэй, цаазын ялаар гэмгүй хүнийг буруутган ялыг гүйцэтгэсэн тохиолдол гарч байсан, цаазын ял гүйцэтгэгч нь хүний амь насыг бүрэлгэж, насан туршдаа сэтгэлийн дарамттай явдаг гээд маш олон сөрөг үр дагавар нийгэмд бий болдог байна. Мөн гэмтнийг цаазаар авснаар гэм нүглийг нь бүрэн төлүүлж байгаа хэрэг мөн үү, цаазаар авах ялтай байснаар нийгэмд гарах гэмт хэргийн тоог бууруулж чадах уу, олон улсын практикт яагаад цаазын ялтай орны тоо буурч байна вэ, нийгмийн ямар нөлөөлөл үүсч байна вэ гээд олон талын судалгаа, дүн шинжилгээг хийж байж шийдвэрлэх ёстой. Ялангуяа цаазын ялыг сэргээх асуудалд сэтгэл хөдлөлөөр, нийгмийн сэтгэл зүйгээр асуудалд бид хандаж болохгүй. 

ZINDAA.MN

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.179.42) 2018 оны 01 сарын 13

ondor amjilt husej baina uragshaaa

0  |  0
ЗОЧИН(104.223.8.103) 2017 оны 11 сарын 29

ЧАДАХ УУ

0  |  0
жандос(27.123.214.90) 2017 оны 11 сарын 29

мундаг залуу байна лээ

0  |  0
Баяраа(27.123.212.135) 2017 оны 11 сарын 29

Амжилт хүсье дэмждэг шүү

0  |  0
Top