Д.Амарбаясгалан: Тусдаа нам болж гарна гэсэн зүйл яригдаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Цаг үеийн зарим асуудлаар холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид дараах тодруулгыг авлаа. 

- Их хурлын үеэр нэр бүхий гишүүд намаасаа гарч тусдаа нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарсан.  Энэ талаар албан ёсны мэдээлэл байна уу?

-Ийм яриа огт гараагүй. Намын дүрмийн асуудал хэлэлцэж байх үед ч намын даргын асуудал хэлэлцэж байх үед ямар нэг байдлаар тусдаа нам болж гарна гэсэн яриаг  яригдаагүй.Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийн зүгээс  сонссон зүйл алга.

 -МАН 32, 33 гэсэн хоёр хэсэг болж ажилласан. Намын удирдлагууд их хурлын дараа бид эв нэгдлээ хангаж ажиллахаар, санал нэгдсэн гэдэг зүйлийг илэрхийлж байсан. Цаашид 2020 онд  дахин МАН ялалт байгуулах уу гэдгийг үлдсэн  хоёр жилийн хугацаа харуулна. Намын эв нэгдлийг хангах тал дээр цаашид хэрхэн  ажиллах вэ?

-Шинээр сонгогдсон намын дарга, их хуралд оролцсон төлөөлөгчид ч гэсэн намын эв нэгдлийг хангаж ажиллах нь хүн бүрийн үүрэг юм гэдгийг хэлж байлаа. Ялангуяа намын дарга сонгогдсоныхоо дараа  намын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үшэндээ тодорхой хэлсэн. УИХ дээр 33, 32 гэдэг тоо ярихгүй, бүлэг ч байхгүй.  Өмнөх Засгийн газартай холбоотой намын гишүүд байр сууриа илэрхийлэх үүднээс хоёр хэсэг болж санал солилцсоныг  олон нийт хоёр хуваагдсан гэж ойлгогдсон. Энэ бол үзэл бодлын өрсөлдөөн байсан гэдгийг дахин хэлмээр байна. . Би ч гэсэн үүнтэй санал нэг байна. Түүнээс биш нам хагарч, хоёр талд гараад суусан зүйл огт биш. Үзэл бодлын өрсөлдөөн одоо дуусгавар болсон. Их хурлаар намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ дуу нэгтэйгээр сонголоо.  Цаашид хагарч  бутарч, талцаж явах боломж нөхцөл бидэнд байхгүй. Яагаад гэвэл намын их хурлаас эв эеэ хичээж ажиллахыг намын дээд байгууллагаас үүрэг болгосон учраас гишүүд бүр дор бүрнээ анхаарч ажиллах шаардлагатай болж байна.  Мөн УИХ-ын гишүүд намын их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлийн хурал дээр  эв эеэ олж, үзэл бодлын сөргөлдөөнөө зогсоож, эвлээд хамтдаа зүтгэхээр болсон.2016 лнд манай намд өгсөн өндөр итгэлийг 2020 онд дааж гарахын төлөө  хамтдаа хичээн ажиллана.

-Намын эв нэгдлийн хангах чиглэлээр намын дүрэмдээ тогтоол оруулж өгсөн гэлээ. Ямар өөрчлөлтийг тус тогтоолд  тусгасан  бэ?

-Эв эе хичээх чиглэлд дээр хариуцлагын заалтыг  дүрэмд оруулсан. Их хурлаас гарсан уриалга дээр ч гэсэн эв нэгдлээ хангаж, хамтдаа ажиллахыг уриалсан байгаа. Олон түмний өмнө хүлээсэн өндөр их хариуцлага, МАН амласан том амлалтаа биелүүлэх чиглэлд зорилгоо тавьж ажиллана. Монголын ард түмний эрх ашиг тэргүүн эгнээд тавигдах ёстой. Үүнийг хангахын талд МАН-аас томилогдсон албан тушаалтнууд хариуцлагаа ухамсарлаж, хоёрдугаарт эв эеээ хичээх учиртай. 

-Ёс зүйн хороог  шинээр байгуулсан байна.  Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд ёс зүйн хариуцлага алдсан шүү дээ. Үүнд  ямар хариуцлага хүлээлгэх вэ? Асуудлыг ухарч шийдвэрлэх үү?

-Ёс зүйн хороо 2013 оноос өмнө байсан. Намын нэр хүндэд сэвтэй үйл ажиллагаанд оролцсон, авлига, хээл хахуульд холбогдсон этгээдүүдэд Ёс зүйн хороо дүгнэлт гаргаж, намын Хяналтын ерөнхий  хороогоор оруулж намаас хөөх хүртэл арга хэмжээ авч байсан тохиолдол бий. Цаашид  Ёс зүйн хороо ч ийм байдлаар ажиллана. Намын нэр хүнд унагасан намын гишүүнтэй хариуцлага тооцож ажиллана. Үүнд багагүй цаг хугацаа шаардагдана. Өнөөдрөөс эхлэн намын хэм хэмжээг сахиулах асуудал дээр Ёс зүйн хороо анхаарч ажиллана.

-Намын дүрэмд орсон өөрчлөлтөөр намын ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээ яаж нэмэгдсэн бэ?

-2013 онд болсон Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын дарга нь Удирдах зөвлөлөө даргална гэсэн заалт байсан. Үндсэндээ намын ерөнхий нарийн бичгийн дарга цагаан байрны ажлын аппаратын дарга хийж ирсэн бол энэ удаагийн өөрчлөлтөөр ЕНБД намын Удирдах зөвлөлөө толгойлж,  удирдах зөвлөлөөс гарах улс төрийн болон бусад шийдвэрт хариуцаж гаргах эрх нь нээгдэж байгаа. Намын даргын хэмжээлшгүй эрхэнд хязгаарлалт тавих, шинэчлэлийн бодлогыг нь дэмжиж ажиллах гээд олон зүйл дээр эерэг, сөрөг өөрчлөлтүүд  гарч ирж байгаа.

- Намын Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагын асуудал яригдсан уу.

-МАН-ын 28-р Их хурал ээлжит хурал байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Намын дүрмээр "Дөрвөн жил тутамд Их хурал зохион байгуулна" гэсэн дүрмийн дагуу энэ удаагийн Их хурал болсон. 2013 оны аравдугаар сарын 27-ний өдөр болсон 27-р Их хурлаас хойш бүтэн дөрвөн жил нэг сарын дараа энэ удаагийн Их хурал болж өнгөрсөн. Аливаа улстөрийн намын дүрэмд "Ерөнхийлөгчийн сонгуульд ороод хариуцлага тооцдог заалт  байдаггүй. Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгнө гэсэн заалт бий. Орон нутгийн сонгуульд оролцоод ялагдал хүлээвэл тухайн орон нутгийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээж, ажлаа өгдөг дүрмийн заалттай. Энэ дүрмээрээ л явж байгаа.

-28-р Их хурлын үр дүнг  нэг үгээр дүгнэж хэлбэл?

-Намынхаа эв нэгдлийг хангаж, олон нийтийн өмнө амласан амлалтаа хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд амжилттай оролцох зорилтыг тавьсан.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top