Ж.Ганбаатар: Гадаадад харилцаанд эдийн засгийн харилцаа чухал

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

  Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг дэмжих эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд үг хэллээ.

Л.Болд “Тусгаар улсад хоёр гол яам бий. Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам. Улс орныг эзлэх асуудал нь гадаад харилцаа батлан хамгаалах яамны бодлогоор орж ирдэг юм билээ. Гадаад харилцааны стратегийн асуудлыг манай гишүүд сайн ойлгох хэрэгтэй. Энэ жил 40 гаруй шинэ гишүүд орж ирсэн. Энэ хүмүүст цэгцтэй мэдээлэл, гадаад харилцааны стратегийн зөв ойлголтыг энэ хоёр сайд гишүүддээ сайн өгөөрэй.

Гадаад харилцааг зөвхөн эдийн засгийн харилцаагаар ойлгож болохгүй. Тэгж ярьж байгаа гишүүн байна. Энэ юу гэсэн үг вэ.

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа  Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгасан. Төсөв хэмнэсэн гэж байгаа ч энэ нь маш буруу. Одоогоор энэ улсуудтай харилцах эдийн засгийн харилцаа нь бага ч ирээдүйд нэмэгдэх боломжтой. Гадаад харилцааг дан ганц эдийн засгийн асуудлаар харж болохгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Монголд байгаа АНУ, Германы элчин сайдын яам эдийн засгийн харилцаанд яаж хандаж байна. Түүнээс суралцах хэрэгтэй. Эдийн засгийн асуудлыг нэгдүгээр тавьдаггүй юмаа гэхэд гуравт тавь.

Бизнес эрхлэгчид гадаадад үзэсгэлэнд ороход нь дэмжлэг үзүүлж ажлаарай. Цогоо сайд хэтэрхий их онол ярьж байна. Хөрсөн дээр бууж ажиллана шүү.  Гэхдээ би дэмжиж ажиллана” гэлээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top