Азийн улсууд алан хядагчдын диваажин гэгдэх болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

Филиппин бол олон үндэстэнтэй, тэр ч утгаараа төрийн нэгдмэл удирдлагаар одоо болтол хангагдаж чадаагүй онцлогтой улс. Мужийн захирагч нар нь бие даасан байдлаа илүү өргөжүүлэхийг хүсч тэмүүлдэг, харъяат газар нутгаа үе уламжлан захирч, эзэн хааны хэмжээний эрх мэдэлтэй байх төдийгүй бие даасан армитай нь ч бий. Мужийн захирагч нар нь Засгийн газартаа захирагдах дургүй, “Тусгаар тогтноно” гэж ил, далд ярьж явдаг. бөгөөд Засгийн газар нь цэрэг илгээн даруулах явдал ердийн үзэгдэл. Тэгвэл мужууд нь муж улс болтлоо бие даасан, үндэстэн ястан олонтойгоосоо болоод энэ улс лалын хэт даврагчдын жинхэнэ диваажин болж хувирчээ. “Лалын чөлөөлөх фронт моро”, “Үндэсний чөлөөлөх фронт моро”, “Шинэ ардын фронт” гэх мэт тоог нь ч нарийн гаргаж чадахааргүй олон тооны алан хядагч бүлэглэл Филиппинд байдаг байна. Тэгвэл эдгээр бүлэглэлүүдээс “Абу Сайяаф” хэмээх бүлэглэл олон улсын анхаарлын төвд ороод байна.

 

“Абу сайяф” гэдэг үгийг араб хэлнээс орчуулбал “Илд агсагч” гэдэг утга илэрхийлдэг байна. Минданао, Сулу арал дээр биеэ даасан лалын улс байгуулахыг эрмэлзэн тэмцдэг энэ бүлэглэл гишүүдийнхээ тоогоор харьцангуй жижигт ордог ч харгис хэрцгийгээрээ бусдаасаа онцгойрдог байна. Энэ бүлэглэл Самали арлын “Ocean View” амралтын газраас Канадын хоёр, Норвеги, Филиппиний тус бүр нэг иргэнийг хулгайлан, Канад, Норвеги, Филиппиний Засгийн газраас 80 сая ам.доллар шаардсан бөгөөд бүлэглэлийн зүгээс тогтоосон хугацаа дууссан учир 68 настай Канадын иргэн, 68 настай Жон Ридсдейлийг хороож байжээ. Ж.Ридсдейл нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг, өмнө нь сэтгүүлзүйн чиглэлээр ажиллаж байсан нэгэн аж. Алан хядагчид түүнийг хөнөөгөөд толгойг нь орон нутгийн захиргаанд хүргүүлсэн байсан юм.    

Алан хядагчидтай хариуцлага тооцох боломж тун хомс байгааг ажиглагчид хэлж байгаа юм. Учир нь, Филиппин улс “Абу Сайяф”-ын гол үүр уурхай болсон Сулу, Минданао арал дээр одоо ч хүч нөлөө багатай хэвээрээ, өөр бусад газарт гарч байгаа салах тусгаарлагчдыг дарж чадахгүй байдалтай байна. 

Энэ мэтээр алан хядагч бүлэглэлүүд Азийн орнуудаар тархан байрласан байгаа гэдгийг олон эх сурвалж нотолж байгаа ажээ. Учир нь Азийн орнуудын хүн ам ихтэй байдал хийгээд газар нутгуудад төр болон хуулийн бүрэн хяналт нэвтрээгүй байдал нь алан хядагчдын хувьд тун таатай орогнох, улмаар хүчээ тэлэх сэлбэх бололцоог олгож байгаа гэнэ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top