“Фотошоп”-ын эхлэлийг тавьж, шинжлэх ухаанд нээлтүүд бэлэглэсэн зураг

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 02

Дэлхий дахиныг нууцлаг амьтдын эрэлд мордуулж, шинжлэх ухааны нээлтүүдийг олноор хийхэд хүргэсэн нэгэн зургийг та бүхэн харж байна. “Лох Нессийн аварга амьтан”-ы тухай бүүр VII зууны үед ярьдаг байсан гэдэг. Харин 1934 онд адал явдалд дурлагч, сэргэлэн нь дэндсэн хэдэн этгээд нэгэн тоглоом шоглоомыг хийсэн нь дээр өгүүлсэн үр дагаварыг үүсгэж, Шотланд болон дэлхийн түүхэнд сайнаар нөлөөлсөн ажээ.

Уснаас цухуйж буй аварга амьтныг харуулсан фото зураг 1934 онд Лондоны Daily Mail сонинд нийтлэгдсэн даруйдаа дуулиан тарьсан нь ойлгомжтой. “Мангас”-ын домгийг амьдрал дэр баталж түүхэнд нэрээ үлдээхийг хүссэн баячууд асар өндөр үнэтэй шумбагч онгоц хөлөглөн хайгуул хийж, жуулчид үерийн ус мэт цутгаж байлаа. Энэ солиорол бүхэл бүтэн 60 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Шотланд улс жил бүр хэдэн саяар тоологдох мөнгийг олж байжээ. Харин 1994 онд Кристиан Спарлинг зураг зүгээр л дэггүй нөхдийн бүтээл байсан гэдгийг илчилснээс хойш Лох Несс “моод”-ноос гарсан түүхтэй.

Үнэн хэрэгтээ ийм явдал болжээ. Кристиан Спарлингийн хойт эцэг Мармадьюк Уэтерелл Лох Нессийн мангасыг илчлэхээр шийдэж Шотландыг зорьсон байна. Түүнтэй хамт төрсөн, дагавар хүү болох Кристиан Спарлинг, Ян Уэтерелл нар хамт явжээ. Тэд эхэндээ нууранд эрэл хайгуулын ажлыг үнэнчээр хийж байсан ч сүүлдээ цөхөрч, хуурамч шуугиан дэгдээх санаа гаргасан байна. Ингээд Кристан болон Мармадьюк нар өөрсдийн урласан урт хүчүү бүхий тоглоомоо ашиглан усан доогуур явж, сэлж чаддаггүй Ян зургийг нь авчээ. Дараа нь улам үнэмшилтэй болгохын тулд Роберта Кеннета Уилсон гэгчээр засвар хийлгэж тоглоомоо илүү том болгосон байна. Ингээд хүн төрөлхтнийг 60 жил төөрөгдүүлсэн “Лох Нессийн мангас” бэлэн болох нь тэр. Тэр үед компьютер, фотошоп программ сураг ч үгүй байсан учир хүмүүс шууд л итгэсэн мэдээж юм. Гэхдээ энэ хуурамч түүх амьтан судлаач, үүргэвчтэй аялагчдын жигүүр болж, шинжлэх ухаанд олон, олон нээлтүүдийг бэлэглэсэн нь маргашгүй үнэн билээ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top