“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Хилчдийн амьдрал, ажил үйлсийг харуулсан “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой ирэх 2017 оны нэгдүгээр сард тохионо. Ойгоо угтаж уран бүтээлчид зураг авалт болсон Дорнод аймгийн төв, Сүмбэрийн отряд, Эрс уулын зургаадугаар заставт зочилж, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Тэднийг Хил хамгаалах 0132 дугаар ангийн бие бүрэлдэхүүн халуун дотно хүлээн авч, кино зураг авч байх үеийн хөгтэй дурсамжуудыг хуваалцсан байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг “Би дурсамж уулзалтадаа зориулж кинонд тоглож байх үеийн хувцастайгаа ижил хувцсыг зориуд өмсөж ирсэн. Зураг авалт дуусаад буцахдаа сэтгэлд минь завилан үлдсэн Суварган цэнхэр уулс минь баяртай. Эргээд учрахын ерөөл тавья гэж сурвалжлагч Солонгын дүрээр хэлж байсан ч миний дотоод сэтгэлд Батцэцэг гэдэг хүн өөрөө хэлж байсан юм шүү” хэмээн ярьж байлаа.


Үүгээр ч зогсохгүй уулзалтад оролцсон цэрэг, дайчид “сурвалжлагч” бүсгүйгээр захны даавуугаа хадуулж, 40 жилийн өмнөх киноны хэсгийг санагдуулаад авчээ.

Мөн 40 жилийн түүхтэй “Суварган цэнхэр уулс” киноны гол дүрийн уран бүтээлчид бүгд амьд сэрүүн байгаа юм. Киноны уран бүтээлчдийг Хил хамгаалах Ерөнхий газар, Улсын архивын Ерөнхий газар дэмжин ажиллаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top