“Улаанбаатар” галерей анхны үзэсгэлэнгээ нээлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн “Улаанбаатар” галерей анхны үзэсгэлэнгээ өнгөрөгч баасан гарагт албан ёсоор нээлээ. Галерейн анхны үзэсгэлэн залуу уран бүтээлч Э.Түвшинтөрийн “Өв” нэртэй график зургийн үзэсгэлэн байсан юм. Тус үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 22-нд галерейн албан ёсны нээлт болохын сацуу дахин шинэ, өвөрмөц нэгэн үзэсгэлэн дэлгэгдэх юм.

Галерейн хамт олон залуу үеийнхнийг уран зургаар дамжуулан хөгжүүлж, төлөвшүүлэх эрхэм зорилгыг агуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн танхим хүн бүрт нээлттэй ажээ. Галерейн куратор Б.Цэцэгбадам “Бид хотын залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулах, ирээдүйн үзэгчдийг бэлтгэх үндсэн зорилттой. Монголын уран бүтээлчдийн олон улсын уран бүтээлчидтэй нөхөрлүүлж, туршлага солилцуулах, олон улсад үзэсгэлэнг нь гаргах чиглэлээр илүү ажиллахаар төлөвлөж байна Манай галерей өдөр бүр 11.00-19.00 цаг хүртэл ажиллаж, уран зургуудаа олонд үзүүлэх болно. Мэдээж бүх хүнд нээлттэй учраас хэн ч ирээд үзэх боломжтой. Галерейн хувьд олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ давуу талтай бөгөөд электрон тоног төхөөрөмжөөр хангагдсан. Түүнчлэн манай галерей нэртэй уран бүтээлчдийн томоохон бүтээлүүдээр сан хөмрөг бий болгосон. Тэрхүү гайхамшигт бүтээлүүдээ энэ сарын 22-нд дэлгэж, тэрхүү нээлт дээрээ галерейн албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Бид цаашид үзэсгэлэн гаргаж буй зураачдыгаа уран зураг сонирхогчидтой уулзуулж, халуун дулаан яриа өрнүүлдэг болгохоор зорьж байна. Тун удахгүй энэ ажил маань хэрэгжих учраас олон нийт манай галерейд зөвхөн зураг үзээд зогсохгүй зургийн талаарх санаа бодлоо зураачидтай солилцох боломжтой болж байгаа юм” гэж ярилаа.

Дашрамд өгүүлэхэд “Улаанбаатар” галерейд зочилсноор хирсний хэлбэртэй сандал дээр тухлаж, усны үхэрийн “нуруун дээр” бичих боломжтой бөгөөд үүдэнд нь дэлгэгдсэн “Art” дэлгүүрээс уран зургийн болоод уран сэтгэмжийн гайхамшигт бүтээлүүдийг худалдан авах боломжтой юм. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top