Тэрбумын үнэтэй даашинз урлаач

2016 оны 11 сарын 10

Монголчууд түүхэндээ хатад бүсгүйчүүдээ үнэ цэнэтэй эд зүйлээр гоёж гооддог, тансаг хэрэглээг эдлэж хэрэглэж зэрэг дэвээ тодорхойлж чаддаг уламжлалтай ард түмэн байсан нь эртний эд өлгийн олдвор, түүхэн сурвалж бичиг зэрэгт тусгагдсан хатдын зүүсгэл, өмсгөл зэргээс харагддаг.

Орчин үед ч энэ хэрэгцээ байсаар байгаа бөгөөд чадварлаг залуу дизайнерууд зөвхөн ганц хүнд зориулсан тансаг, дээд зэрэглэлийн, дахин давтагдашгүй, нарийн ур ухаан шингэсэн үнэ цэнэтэй цорын ганц даашинз, гоёл чимэглэлийг урлаж урлагийн бүтээл болгон туурвих болжээ. Түүнийг нь ч үнэлж, хэрэглэж чаддаг хэрэглэгчид ч цөөнгүй гарч ирсэн байна.

Хувцас загварын ийм чиглэлийг Hаute Couture гэдэг бөгөөд манайд энэ чиглэлээр бүтээлээ туурвидаг дизайнер бол Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Азийн шилдэг дизайнер Отгонжаргал юм. Түүнийг зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинз бүтээдэг гэдгээр нь хувцас загварын ертөнцийнхөн төдийгүй үйлчлүүлэгчид нь хэдийнээ хүлээн зөвшөөрчээ.

Отгонжаргалын урласан даашинзаар гоёсон мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн Австрийн Вена хотод болсон “Miss Earth” тэмцээнд 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг “Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр шалгарч байсан нь түүний ур чадварыг илтгэсэн нэг томоохон үзүүлэлт болсон юм.

Дизайнер Отгонжаргал гурван жилийн өмнөөс O Couture High fashion show-г түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид төдийгүй тансаг, гоёмсог бүтээлийг таалдаг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан зохион байгуулдаг уламжлалтай болсон бөгөөд шинэ жилийн, гоёлын хосгүй даашинзны загваруудаа уг шоугаараа толилуулдаг юм.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан O Couture-2016 High fashion show-нд тэрбумын үнэтэй дахин давтагдашгүй гайхамшигтай тансаг даашинз үзэгчдийн хүртээл болсон нь загварын ертөнцөнд дуулиан шуугианыг тарьсан юм.

Бүсгүй таны үнэ цэнийг илэрхийлж, мэдрүүлж чаддаг тансаг зэрэглэлийн уг шоу энэ жил тун удахгүй зохион байгуулагдахаар бэлтгэл ажил өрнөж байна. Азийн шилдэг дизайнер Отгонжаргал гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа O Couture-2017 High fashion show-ндаа Garden of Eden collection-оо танилцуулах юм байна.

Шоу 2016 оны 11-р сарын 12-ны өдөр Corporate convention centеr-т болох бөгөөд үнэ цэнэтэй тансаг бүхнийг мэдрэхийг хүсдэг эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top