Ирээдүйд заналхийлж буй түйрэн гэх “тийрэн”-г мод ургуулж дардаг

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал бол дундаж хэм өөрчлөгдсөн төдийхөн асуудал биш юм. Энэ бол байгалийн гамшгийн тухай, бидний үр хүүхэд ирээдүйд ямар дэлхийд, ямар орчинд амьдрах тухай яриа юм. Монголчууд бид дэлхийн дулаарал гэхээр Африкийн цөлжилт, Антрактидийн хайлж буй мөсөн уул, “хөгшин” Европын хэт халууныг ярьдаг. Гэвч үнэндээ уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд аль хэдийн хүчтэй нөлөөлж эхэлсэн бөгөөд бид хажуугаар нь нүдээ анин дүүлээд байгаа хэрэг аж. Жил бүрийн хавар усны шувуудтай хамт хатан Туул ширгэсэн тухай, булаг шанд цөөрсөн асуудал бидний ярианы гол сэдэв болж эргэн ирсээр байдаг. Гэвч шар усны үерийн дараа Туул гол урсаж эхлэхэд яг л өвөл Улаанбаатарын утаагаа яриад, зун нь мартдаг шиг энэ асуудлыг “идэж” орхидог. Учир шалтгааныг, хэрхэн Туулаа аврах арга замыг ярилгүй үлдээдэг. Тэгээд л дараа хавар нь ахин байгаль эхийн гачлан, Туул голын түмэн зовлонгийн тухай шулганацгаах. Үнэндээ Туул голын эргээс цаашихыг өнгийж хараад, давж сэтгэх юм бол дэлхийн дулаарал гэгч хаяа тогшчихсон зогсож байгааг харах болно. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөн гэдгийг бид бусдын асуудал юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг сууна.

Эхлээд тархиа, дараа нь модоо усалъя

Галдан бошигтын сүүлийн тулаанаа хийсэн Төв аймгийн Зуун мод гэдэг газарт буюу хотоос хэдхэн километрын цаана дэлхийн дулаарлын нэгэн “шинж тэмдэг” надад нэгийг бодуулж хоёрыг тунгаахад хүргэсэн билээ. Таван жилийн өмнө би говийнхон дасал болсон, хотынхон гамшиг гэж нэрлэх түйрэн гэгчийг анх үзсэн юм. Түйрэн гэдэг нь бидний ярьж сурсанаар шар шороон шуурга буюу говийн угалз юм. Түйрэн Монголын говь, цөлд элбэг тохиолдоно. Тавантолгой, Оюутолгойд ажиллаад ирсэн хүмүүс андахгүй. Гол нь говьд ч тэр, Төв аймагт ч тэр ийм шар шороон шуурга дэгдэх давтамж сүүлийн хэдэн жил улам нэмэгдсээр байгаа билээ. Хүний болон хүний бус нөлөөгөөр суларсан хөрс хүчтэй салхи дэгдэх үед жижиг ширхэг бүхий шар шороо агаарт дэгдэж түйрэн үүсгэдэг. Агаарт дэгдсэн шар шороо газарт буухгүй салхинд туугдсаар нэг тивээс нөгөө рүү хэдэн зуун мянган километр тэнүүчлэн нүүдэлдэг. Энэ агаарт дэгдсэн сул шороо бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн “үр удам” билээ.

 Солонгос, япончууд Монголд сайн дураараа ирж мод тарьдаг нь завтайдаа, мөнгөө үрж ядсандаа тэгдэг хэрэг биш юм. Монголын тал нутгаас боссон түйрэн салхиар туугдан Хятадыг дайран тэндхийн үйлдвэржилт ихтэй орон нутгийг дамжин өнгөрөхдөө янз бүрийн бохир, эрүүл мэндэд хөнөөлтэй бодистой холилдон нарийн тоосонцор болдог. Тэр хортой нарийн тоосонцорууд Солонгос, Япон руу “дайрдаг”. Нарийн тоосонцор гэх мэт агаарын бохирдлоос болж Сөүл хот, Кёнги аймагт л гэхэд нэг жилийн хугацаанд 30-аас дээш насны 15 мянган хүн наслах ёстой хугацаанаасаа эрт хорвоог орхисон гэсэн судалгаа гарчээ.

Байгалийн эл аюулт үзэгдэл дэлхийн цөлжсөн бүс нутгуудаас эхтэй ч нэлээн хэсэг нь Төв Азиас бүр тодруулбал, Хятадын баруун хэсэг болон Монголын тал нутгаас гаралтай гэж үздэг. Дэлхийн нөгөө бөөрөнд буюу АНУ-д хүртэл очдог түйрэнг багасгахын тулд Хятадын Засгийн газар өнгөрсөн хэдэн жил ӨМӨЗО-нд асар их хэмжээний мод тарьж байна. Харин манай нутгийн цөлжилт улам нэмэгдсээр. Мэдээж, цөлжилт, түйрэн, усны хомсдол зэрэг эдгээр уур амьсгалын өөрчлөлтийг таслан зогсоогч нь мод. Бид мод тарих нь хамгийн сайн арга гэдгийг мэднэ. Нэг мод тарьвал нэг насны буян гэсэн шашны үзэлтэй болоод ч тэр үү, мод тарихыг эрхэм хүндэт ажил гэж үздэг. Гэвч... Гэвч бидний тарьсан мод үр шимээ үзэхгүй байгаа нь харамсалтай. Жил бүрийн хавар “Мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэж, дарга нар “гоё” харагдах гэж мод тарьсаар байгаа ч модоо усалдаггүй, эргэж арчилдаггүйгээс болж нэг гараараа хийсэн ажлаа нөгөө гараараа баллуурдах гэгч л болоод байгаа тухай 10 жил мод тарьсан Б.Сэрдарам багш халаглан ярьж байсан юм. Тэрбээр “2010-2016 оны хооронд Улаанбаатар хотод нийтдээ 7 сая мод тарьсан. Гэсэн ч одоо дөнгөж 500 мянган мод байна” гэв. 6 сая 500 мянган мод усалгаа, арчилгаа дутсанаас ой болж чадсангүй. Үүний нэг жишээ гэхэд “нийгмийг түүчээлэгч” гэдэг сэтгүүлчдийн төгөл байна. Ичмээр ч юм шиг. Манай сэтгүүлчид өөрсдөө хүртэл Яргайтад байгуулсан “Олон улсын орчуулагч, сэтгүүлчдийн төгөл”-өө таг мартжээ. Миний мэдэхээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тэнд ичмээр эв хавгүй бичсэн жижиг хаяг навсайсан, хэдэн хоосон нүх ёрдойж байна. Магадгүй хэн нэгэн даргынх нь сэтгүүлчдийн дунд мод тарих ажил зохион байгуулж гоё харагдчихаад услахаа мартсан “төгөл” биз ээ. Ийм цэцэглэж амжаагүй ой мод манайд хаа сайгүй бий.

Сайн туршлага

Гэлээ ч бидэнд ой ургуулж буй сайн туршлага байна. Дээр дурдсан аюулт түйрэнг дэлхийгээр хэрэн тэнүүчлэхийг зогсоохын тулд “Ногоон Ази” төрийн бус байгууллага 2000 оноос хойш Монголд мод тарьж байна. Энэ байгууллага нь Солонгосын хөрөнгө оруулалттай, монгол залуусын хүчийг нэгтгэсэн газар юм. Тэд одоогийн байдлаар орон нутгийн 6 суман дахь ойжуулалтын талбай болон зарим сургуулийн талбайд нийт 580 га газарт 580.000 мод тарьж ургуулсан бөгөөд энэ жил ч 10.000-аас дээш мод тарихаар төлөвлөжээ. “Ногоон Ази”-ынхан мод тарихдаа шар шороон шуурганаас хамгаалж хайлаас улиас, бургас гэсэн салхины хамгаалалттай мод тарьж, дотуур нь жимсний мод тариалдаг тэргүүний туршлагатай аж.

Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И.Шинчолын хэлснээр энэ амжилтын гол жор нь “тарих биш тарьсны дараах арчилгаа” юм. Хавар тавдугаар сараас 10-р сар хүртэл долоо хоног бүр талбайгаа усалдаг бөгөөд Солонгос, Монголын сайн дурын залуучууд хэдэн зуугаараа оролцдог байна. Энд Б.Сэрдарам багштай "Миний клуб"-ын залуусыг онцлохгүй өнгөрч чадахгүй нь. Тэд жил болгоны хавар, зуны улиралд долоо хоног бүрийн бямба гараг бүрт "Ногоон Ази"-ын талбайнуудыг чадлынхаа хэрээр усалдаг байна.  Энэ олон мянган моддыг арчилахын тулд хүн хүч асар хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь талбайн ажилчдын мэдлэг, сэтгэл чухал гэж  “Ногоон Ази” ТББ-ын мэргэжилтэн О.Нансалмаа хэллээ. Тэрбээр “Энэ төрийн бус байгуулагынхан манай улсад үүрд мөнх байхгүй. Хэзээ нэгэн цагт төслийн хугацаа нь дуусахаар бид өөрсдөө тарьж ургуулсан мод, талбайгаа хариуцах болно. Тэр цагт бие даасан, байгаль орчноо, талбайгаа гэсэн сэтгэлтэй иргэд хэрэгтэй. Тиймээс талбайн ажилчдын бие даах чадварыг дээшлүүлэх, орон нутгийн захиргааг энэ ажилд татан оролцуулахыг хичээж байгаа” гэв. Энэ дагуу талбайг хариуцаж буй монгол ажилчдын аж амьдарлыг дээшлүүлэхийн тулд жимсний мод, нарийн ногоо тарьдаг нь тэдний, одоо ургаж буй моддын ирээдүйн баталгаа болж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд Булган аймгийн Баяннуур сум дахь талбайн ажилчид  хоёр тонн гаруй жимс, хүнсний ногоо хурааж 4 сая орчим төгрөг олжээ. Үүнийгээ тэд “Ажилчдын хамтын сан”-д хийдэг бөгөөд “Ногоон Ази” ТББ-ын төслийн хугацаа дуусаад Монголоос явсны дараа амьдрал ахуй, талбайдаа хэрэглэх зорилготой юм байна. “Ногоон Ази”-ийн талбай бүрд ийм ирээдүйн сангууд бий. Монголчууд өөрсдөө энэ байгууллага шиг зөвхөн тарьдаг биш ургуулдаг болчихвол дэлхийн дулаарлыг сааруулах, үр хүүхэдтэйгээ ногоон ойгоор зугаалах боломж бидэнд бүрэн бий.

Дарга нар хэчнээн говьд очиж хуралдаад ч дэлхийн дулаарлыг зогсоож чадахгүй. Эхлээд тархиа усалъя, дараа нь модоо тарья.

 Б.Баярмаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top