Импортын үрийн буудайг тойрсон асуудлаар МХЕГ-аас мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 09

Импортын үрийн буудайг тойрсон маргаантай асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.

Хэвлэлийн хурлаар өнгөрсөн хугацаанд импортын үрийн буудай дөрвөн удаагийн шинжилгээгээр тариалан эрхлэлтэд тэнцэнэ гэсэн дүн гарсныг МХЕГ-аас танилцуулав.

Тус газрын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтийг үгүйсгэх, улсын байцаагчид нөлөөлөхийг оролдох, дарамтлах зэрэг зөрчлүүд гарсаар байгаа тул өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгч байна. Хүнс хөдөө аж ахуйн яам, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд энэ төрлийн маргаан өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Харин үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага үнэн зөв дүгнэлтийг гаргаж эцэслэдэг байсан. Иймээс тус байгууллага хяналт шалгалтыг хийх, эцсийн дүгнэлтийг гаргах субьект тул энэ маргааныг ч бид таслах ёстой. Бид хуульд заасан зохих журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.

Үрийн улаанбуудайг импортолж буй “Нямбайгальдаваа” ХХК дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсны дагуу Дархан-Уул аймгийн улсын ахлах байцаагч Болормаа, Нарантуяа нар компанийн төлөөллийг байлцуулан гүний гааль, хорио цээрийн шалгалтыг хамтран хийж, дээжийг авч лабораториор шинжлүүлсэн байна.

Дөрөвдүгээр сард шинжилгээ авсны дараа лац тавьсан хооронд буюу Тариалан эрхлэгчдийг дэмжих санд хүлээлгэн өгөөгүй байхад Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар болох Цэрэндулам, Бямбадорж лацыг зөвшөөрөлгүй хөндөж дээж авсан байна.

Үүнээс болж импортын улаан буудайн чанарын асуудал маргааныг улам дэвэргэсэн гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top