”Хосбилгүүнзул”-ын захирал төрсөн өдрөөрөө хүүхдэд тусална

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 18

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд улаанбурхан өвчнөөр хүүхдүүд эндэж байгаа нь хэн хүний санааг зовоон байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр улаанбурхны өвчлөлийн эсрэг иргэд Зайсан дахь Бурхантай хөшөөний дэргэд “Бойтогтой жагсаал” зохион байгуулж өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэн хандив цуглуулах аяныг зохион байгуулж, харамсалтайгаар хорвоог орхисон бяцхан үрсийнхээ араас зул өргөсөн юм.

Тэгвэл энэхүү асуудалд компани байгууллагууд ч анхаарлаа хандуулан байгаа баяртай мэдээг дуулгая. Тодруулбал “Хосбилгүүнзул” ХХК-ийн захирал Зулаа төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд туслахаар болсноо фейсбүүк хуудсаараа дамжуулан дуулгасан юм.  Тэрээр “Сайн байна уу найзуудаа, ойрын үед сэтгэл зовоосон зүйл уншаад сэтгэл минь өвдөөд надтай адилхан хүмүүс зөндөө л байгаа байх.

 Тийм болохоор би нэг урилгыг намайг таньдаг бүх найз, нөхдөдөө фейсбүүкээр дамжуулан хүргэж байна. Найзууд маань санал нэгтэй дэмжих байх аа. Миний төрсөн өдөр удахгүй хоёр хоногийн дараа болох гэж байна. Та бүхэн мэдэж байгаа би юунд нь нуух вэ урьд нь ресторанд найз нөхөд, урлаг соёлын одуудтай сайхан тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил харин би төрсөн өдрөө өөрөөр тэмдэглэх гэсэн юм аа. Учир нь гэвэл энэ аймшигт улаанбурхан гэдэг өвчнөөр үр хүүхэд маань өвдөж, үхэж байгаад миний бие маш их харамсаж байна. Би ч гэсэн саяхан төрсөн хүү маань нэг одоо нэг нас хүрч байна. Гэр бүлийн аз жаргал үр хүүхэд байдаг билээ.

Энэ аз жаргалаа алдчихаад гэр бүл яаж аз жаргалтай амьдрах болж байна. Тийм болохоор далайд дусал нэмэр гэгчээр найзууд минь миний төрсөн өдрөөр надад бэлэг биш оронд нь мөнгө өгөөрэй. Энэ төрсөн өдрөөрөө цугласан мөнгөө би энэхүү өвчинд шаналж байгаа хүүхдүүдэд хандивлах болно. Найзууд маань намайг дэмжээрэй. Айл болгоны хүүхэд өвчин зовлонгүй, аз жаргалтай баяр хөөрөөр дүүрэн амьдрах ёстой. Үр хүүхэд гэдэг юугаар ч сольшгүй аз жаргал билээ. Үр хүүхдээ хайрлая. Хүүхэд болгоны гэрэлт ирээдүйн аз жаргалын төлөө энэхүү урилгыг найзууддаа хүргэж байна. Баярлалаа, та нартаа. Монголын үрс маш олон болтугай. Хүүхэд болгоны нүд нулимс, айдсаар биш инээд жаргалаар бялхаж байг” хэмээн найз нөхдөдөө уриалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top