Зуслангийн газрыг иргэд өмчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 08

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн 26 амны 18216 нэгж талбайг иргэдэд өмчлүүлэхээр Улаанбаатар хотын захиргаа шийдсэн.

Өнөөдрөөс ирэх есдүгээр сарын 15-нийг хүртэлх хугацаанд зуслангийн газраа өмчлөх хүсэлтэй иргэдийг нийслэл, дүүргийн Өмч, харилцааны газарт бүртгэх юм. Хэрэв өөрийн биеэр очиж, цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй бол www.Land.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлж болно. Өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн иргэд дахин мэдээллээ оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох эсэхээ мэдэхгүй, нууц кодоо мартсан бол и мэйл хаяг болон утсанд ирсэн зурвасаа эргэн санаарай гэж Нийслэлийн холбогдох албаныхан зөвлөж байна. Одоогоор 600 гаруй мянган иргэний бүртгэл нийслэлийн Өмчийн харилцааны газарт бий. Харин өмнө нь цахимаар газар өмчлүүлэхээр огт хандаж, бүртгүүлээгүй болоод цаг хугацаагаа хэмнэж цахимаар бүртгүүлэх иргэд www.Land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан бүртгүүлж, газар өмчлөх хүсэлтээ бичих ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top