Хөвсгөл аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 17

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж тарваган тахлын сэжиг илэрсэн асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумын Агар нэгдүгээр баг сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай Агарын голын Гурван чулуу гэдэг газар 16 настай иргэн Д нь энэ сарын 10-ны өдөр нохойд бариулсан тарвага өвчиж байгаад гараа эсгэсэн аж. 

Гэтэл гар нь хавдаж, улмаар халуурах шинж тэмдэг илэрсэн учир, энэ сарын 14-нд буюу өнгөрөгч баасан гарагт сумынхаа эмнэлэгт хандсан байна. 

Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй сэжиг илэрсэн бөгөөд шинжилгээ авахаар аймгийн Зооноз өвчин судлалын эмч нар очиж байгаа бөгөөд өвчтнүүдийг тусгаарлаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Мөн онцгой комиссын хуралдааны үеэр энэхүү сэжигтэй тохиолдол болон цаашид тарваган тахлын сэжиг илэрч магадгүй голомтод бүсүүдэд хяналтаа эрчимжүүлж ажиллах ёстойг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Эрдэнэбаатар комиссын бүрэлдэхүүнд үүрэг болгожээ. 

Тарваган тахлын идэвхтэй үе нь долоогоос есдүгээр сард байдаг бөгөөд энэ үед иргэд өөрсдийн амь нас аюулгүй байдлаа бодолцож тарваган тахлын эсрэг вакциныг үнэгүй хийлгэхийг уриалж байна. Тус вакциныг аймаг, дүүрэг, хэсгийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй хийх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top