“Шоронд төрсөн хүүхдүүд хоригдол биш” ба өршөөлд хамрагддаггүй үрс

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

“Луусан” хэмээх Монгол эмэгтэй хүн бүрийн хувьд тамын газарт тооцогдох эмэгтэйчүүдийн хорих ангид үнэндээ охид, бүсгүйчүүд хүссэндээ очдоггүй. Тэнд олон жил нөхрийнхөө дарамт, хүчирхийлэл дор байж, олон улсад хөнгөрүүлэн авч үздэг аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө амь насыг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд их байдаг.

Хэдэн жилээс бүх насаараа хоригдох ял сонссон тэднийг өдийг хүртэл өс хонзонгийн сэдэлтэй хэмээн өршөөлийн хуульд нэг ч удаа хамруулж байгаагүй. Гэхдээ тэднийг хүүхдүүдийг ядаж өршөөчихдөггүй энэ төр засаг янз бүрийн өршөөлийн хууль баталж хамгийн энэрэнгүй төр болон ажиллаж байгаа ч шоронд өсч бойжин, тоглож буй бяцхан иргэдээ хайхрах ухаан хүрэхгүй явна. Энэ жил хэдэн мянгаар нь суллаж, хоригдлуудын талаас илүү хувийг өршөөлд хамруулахаар зэхэж буй манай томчууд түүндээ хэдхэн бяцхан үрс багтааж чадалгүй, 10, 20 тэрбумаар нь хулгайлсан авлигын гэх тодотголтой нөхдүүдийг ярьж явна. Өдий хүртэл ийм л зарчмаар явсан, явах ч бололтой.

10 мянган төгрөг хулгайлсан хүнд 10 жилийн хорих ял оноодог атлаа 10 тэрбум төгрөг хулгайлсан хүнийг 10 сар хорьдоггүй энэ төр засаг эдийн засгаар бол хүний амь хөнөөснөөс илүү гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг сулладаг үйлдлээ улаан цайм хүлээн зөвшөөрч, албан ёсоор баталгаажуулж буйгаа харуулсан Эдийн засгийн өршөөлийн хууль хэмээх дэлхийн хаана ч байхгүй зүйл, заалттай хууль баталж, ил цагаандаа гарсан.

Гэмт хэргийн өршөөлийн хууль, Эдийн засгийн өршөөлийн хууль зэрэг нийтдээ зургаан төрлийн өршөөлийн хууль баталж, нэгэнт л бүхнийг өршөөдөг болж байгаа юм байж ядаж, хоригдол эмэгтэйчүүдийн бяцхан үрст өршөөл үзүүлчихсэнгүй. “Луусан”-д орсон эмэгтэйчүүд гаднаас, дотроос аль нь ч бай жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн тохиолдолд бяцхан үрс нь эхийнхээ адил шоронгийн хоригдол болон хүмүүждэг гажиг тогтолцоотой Монгол Улс эрүүгийн шинэ хууль хэлэлцэх гэж байгаа аж. Энэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг онцгойлон авч үзэж, нарийвчлан заасан зүйл, заалт оруулахыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл санал болгосон. Ямар ч хууль батлагдсан бай гол нь нөхрийгөө хөнөөсөн эмэгтэйг өршөөхөөс илүүтэйгээр эхнэрээ олон жил байнгын дарамт, хүчирхийлэл дор байлгаж, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг нь бүрдүүлэхгүй байх ёстойг нөхрүүдэд ойлгуулсан заалт байгаасай.

Юутай ч, үүнээс түрүүлээд өнөөдрийг хүртэл шоронд бойжиж буй Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ асуудлыг авч үзмээр байна. Саяхныг хүртэл шоронд олон ч эмэгтэй хүүхэд төрүүлсэн. Тэр бүрт ямар ч гэм буруугүй бяцхан үрс боолын хүүхэд боол бүдүүлэг нийгмийн бурангүй ёс шиг хоригдлын хүүхэд хоригдол болон хорвоод мэндэлж, тэр цагаас хойш ял эдэлж, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, эцэг эхээрээ хамгаалуулах ёстой Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, хамгийн ариун нандин үеэ хаалттай торны цаана уйлан, хайлан өнгөрүүлсээр. Хоригдол хүн биш байж болох ч тэдний хорвоод мэндэлсэн шинэ хүн бүр Монголын ирээдүй билээ. Шоронд төрж өсөн, тоглож басхүү уушиг, цувдаагаар аргадсан шар будаатай усан шөлөөр хэдий болтол бор хоол хийсээр байх юм болдоо чааваас.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mergen USA(71.222.90.226) 2015 оны 08 сарын 14

Eryyl yxaantai l bol erunxiilugch, erunxii saidiinx ni ard tymendee sanaa tabix Tur-uus ex orondoo yzyylex sain sanaanii xutulburt xamragdax xalyyn sedeb bna

0  |  0
Top