Хүүхэд харагч нэг иргэн 5-аас дээш хүүхэд харахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нарын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийлээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд ажиллаж байна гэв.

Харин хөдөө орон нутагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл дутмаг байгааг онцолж байсан юм. Хуульд зааснаар “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэж заасан байдаг.

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон байдаг.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан энэ сарын сүүлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр олон зүйл илүү тодорхой болно гэж хэвлэлийн бага хуралд оролцсон эмэгтэй гишүүд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top